Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ “чимээгүй“ болсны учир

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

“Онц их хурлаа” хийсэн Ардчилсан намынхан хурлаас гаргасан шийдвэрээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр туйлын их хичээж явна. Уг нь болдогсон бол талаас илүү хувь нь нэгдсэн Ардчилсан намын уг хурлыг хүчин төгөлдөр болгоод, Ардын намд хүчтэй сөрөг хүчнээр “бэлэг” барьчих юмсан. Даанч энэ хүсэлд Ардын нам болон С.Эрдэнэ хоёр айхтар том саад учруулах нь ойлгомжтой.

Учир нь Ардчилсан намын хүчин төгөлдөр хас буу тамга одоо болтол экс дарга С.Эрдэнийн ширээний нүдэнд хэвтэж байгаа. Энэ тамгаар баталгаажсан эрхмүүд өнгөрсөн хоёр сонгуульд нэр дэвших эрхээ “халаасалсан”. Тиймээс энэ удаагийн хурлыг хүчингүй болгох хүч түүнд хадгалагдаж байгаа гэсэн үг.

Гэвч өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ төдийлөн “цам” харайсангүй. Хүний урманд “Онц их хурал”-ыг эсэргүүцэж олигтой таван үг ч хэлсэнгүй. Уг нь хамгийн түрүүнд “хууль бус хурал” гээд эсэргүүцэгчдээ манлайлаад хэвлэлийн хурал хийгээд явж байх ёстой хүн. Гэтэл сошиал хуудсаараа дамжуулан эсэргүүцэх маягтай лайв хийсэн болоод өнгөрөв. Ингээд М.Тулгатаас өөр “босогчгүй” болсон С.Эрдэнийн талынхан мэл гайхаж хий дэмий шороо самардаж сууна. Ядаж байхад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр нь хүртэл маргалдаж байсан нөхдүүдийн хуралд санаатай, санамсаргүй байдлаар очоод суучих нь тэр.

Харин С.Эрдэнэд яг юу тохиолдсон болоод өнөөдрийг хүртэл амаа “үдүүлэв” гэдэг хачирхалтай. Тэрбээр, хамгийн сүүлд хүүгийнхээ асуудлаар олны өмнө гарснаас хойш өөрөөр ил гарсангүй. Тэгвэл эх сурвалж мэдээлж буйгаар саяхан С.Эрдэнэд АТГ-аас нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлаар дахин эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг чимээгүй болгосон хүч Ардчилсан намд бус Ардын намд байгаа бололтой. Хэрэв энэ үнэн бол С.Эрдэнийг хэний санаачилгаар, хэн буланд шахсан нь ойлгомжтой байх болов уу. АТГ-ыг “хөдөлгөж” чадах хүч өнөөдөр ганцхан эрх баригчдад л байгаа. Энэ бяраа мэдрүүлэхийг хүссэн биг босс нь өрвөлзсөн болгонд “нударгаа” харуулж, бусдад нь сануулга өгсөөр бүхэл бүтэн зуныг барсан. Ийм төрлийн сануулгын сүүлийн “хохирогч” нь одоогийн байдлаар Д.Хаянхярваа болсон гэх яриа ч саарал ордноор яригдаж буй юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд эсэргүүцэх хүсэл нь байв ч, нэр холбогдсон хэрэг нь хойш нь чангааж байж мэдэх юм. С.Эрдэнийг ийнхүү ацан шалаанд оруулах заль мэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэнд л буй. Х.Баттулга өнөөдөр Ардын намын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.

Харин Ардын намынханы хувьд АН аль болох хэдэн хэсэг болон хуваагдаж, өөд өөдөөсөө чулуу нүүлгэж байхыг хашааны завсраар хараад зогсох хүсэлтэй хүмүүс. Гэвч Ардчилсан нам дампуурах тусам Ардын намын чадавх буурдаг жамтай. Энэ бол манайд үйлчилдэг улс төрийн бичигдээгүй хууль билээ. Тиймээс С.Эрдэнэ тэргүүтнээр хамаагүй ингэж "зугаагаа" гаргах нь эргээд МАН-ынханд сөргөөр л нөлөөлөх байх даа.

Ши Жиньпин Хятадын сүүлийн 100 жилийн шилдэг гурван удирдагчийн нэг болжээ
Ши Жиньпин Хятадын сүүлийн 100 жилийн шилдэг гурван удирдагчийн нэг болжээ
 
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.