Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Дельта хувилбарын үед гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
9 минут 24 секунд

No description available.Дельта хувилбарын тархалтын нөхцөл байдал, цаашдын төлөв болон гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явцын талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах хүний тоо эрс нэмэгдсэн байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай улсад гуравдугаар тунгийн хамралт нийт хүн амын 15 хувьд хүрсэн байна. Иргэдийн идэвх ч сайжирч байна. Сүүлийн гурав хоногт л гэхэд дунджаар 10 мянга орчим хүн хамрагдаж байна. Иргэдийн идэвх сайжирч байгаа шалтгаан нь тунгийн ач холбогдлыг бодитоор харж байгаатай холбоотой болов уу. Тухайлбал, гуравдугаар тунд хамрагдсан иргэн хавьтал болсон ч халдвар авахгүй байна, хүндрэх эрсдлээс хамгаалж байна гэх мэт. Чухамдаа гуравдугаар тунд хамрагдсанаар тухайн хүн зөвхөн өөрийгөө хамгаалж байгаа хэрэг биш юм. Халдвар авсан иргэн гэртээ очиход вакцингүй бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүд эрсдэлд орно. Гэтэл 12-оос доош насны хүүхдүүд дельта хувилбарын үед хүнд хэлбэрээр өвдөж байгаа. Мөн бусад эрсдэлт бүлгийн иргэдийг хамгаалж буй хэрэг юм.

Орны ачаалал 40 орчим хувиар буурлаа. ЭМЯ-ны дэргэдэх ор зохицуулах баг ажиллаж байгаатай холбогдуулан өдөрт 500-700 хүнд өвчтөнг хуваарилан хэвтүүлж байсан. Одоогийн нөхцөлд энэ тоо 150 болтлоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Үүнээс харахад гуравдугаар тун тохиолдлын тоо, хүндрэх эрсдэл, нас баралтыг бууруулж байна гэсэн үг. Дельта хувилбарын үед гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

-ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр халдварын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл 13 хоногт 2 дахин буурах төлөвтэй байгааг та хэлсэн. Уг тооцооллыг эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан уу?

-ХӨСҮТ-ээс гаргасан тооцооллоор ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Учир нь шинжилгээний R утга Улаанбаатар хотод 1-ээс доош хувь руу орсон. 1-ээс хувь руу доош орно гэдэг нь нэг хүний цаашид халдвар тараах хүний тоо багассан гэсэн үг. Гэхдээ гуравдугаар тунгийн хамралт энэ эрчээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо хумигдах нөхцөл байдал руу орно гэсэн санаа.

-Орон нутгуудад нэмэлт тунгийн дархлаажуулалт сул байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хүн амын ердөө 8 хувь нь хамрагдаад байгаа. Тэгвэл дархлаажуулалтын идэвх сул байгаа аймгуудад ямар зохицуулалт, арга хэмжээ авч ажиллах юм бэ?

-Орон нутгийн засаг захиргаа эрчимтэй ажиллах шаардлагатай. Тухайн орон нутгийн иргэдийн ойлголт, мэдээлэл сул байгаатай холбоотой байж болох юм. Харин иргэдийн зүгээс зөвхөн өөрийгөө хамгаалж байна гэхээс илүүтэй бусдыг хамгаалахын тулд хамрагдах шаардлагатай болохыг ойлгох хэрэгтэй.

No description available.

-Бүүстер тунд хамрагдсанаар санамж эс хэр сайн үүсч байна вэ?

-Гуравдугаар тунд хамрагдсанаар санамж эсийн төвшин дэх дархлааны гүн тогтоц маш сайн гэж ойлгож болно. Яагаад гэвэл, нэг болон хоёрдугаар тунд дархлаа хангалттай хэмжээнд үүсэхгүй байсан. Тэгвэл нэмэлт тунгийн дархлаа тогтоц өндөр байгааг олон улсын судлаачид хэлж байна. Товчхондоо, бүүстер тун санамж эсийн төвшинд сайн дархлаа тогтоож байна.

-Улсын хэмжээнд 1 сая 500 мянган хүн нэмэлт тунд хамрагдах ёстойгоос ердөө 400 мянга орчим нь хамрагдаад байна. Тэгвэл үлдсэн 1 сая 100 мянган орчим хүн ямар шалтгааны учраас вакциндаа идэвх муутай хамрагдаж байгаагийн шалтгааныг та бүхэн юу гэж харж дүгнэж байна?

-Вакцинд хамрагдахгүй байгаа иргэд маш олон шалтгаантай байна. Эрүүл мэндийн эсрэг заалттай иргэд ч байгаа. Гэхдээ хоёрдугаар тундаа хамрагдсан тохиолдолд гуравдугаар тунд ч хамрагдах хэрэгтэй. Иргэд маань өөрсдөө ухамсарлах хэрэгтэй болов уу.

-Иргэдийн дунд гадаад улс оронд бүртгэгдсэн мутаци дотоодод орж ирвэл дэгдэлт нэмэгдэнэ гэх айдастай байгаад байна. Гэтэл вирус өөрөө хүнээс хүнд халдахдаа мутаци үүсдэг гэх ойлголт бий. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Мутаци нь ихэвчлэн дархлааны асуудалтай хүмүүст үүсдэг. Өөрөөр хэлбэл, тухайн мутаци хүний биед нэвтэрч ороход дархлаа түүнийг устгах ёстой. Гэвч дархлаа сул хүмүүст удаан хугацаагаар вирус оршин тогтнож байгаагаас шалтгаалж мутаци үүсэх боломжтой. Гэхдээ вирусийн мутаци нь хязгаарлагдмал. Астразенека вакциныг бүтээсэн Сара Гилбэрт гэх эрдэмтэн саяхан “Дельта хувилбараас илүү халдварлах чадвартай мутаци гарахгүй. Вирус тасралтгүй мутацид ороод байвал өөрөө халдварлах чадвар нь алдагддаг” гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр манай улс коронавируст халдварын хамгийн хүнд хувилбарын цаг үеийг туулж байгаа.

No description available.

-Өмнө хоёр тунтай байгаад халдвар авсан иргэн гуравдугаар тун хийлгэх шаардлагагүй гэж мэдээлж байсан. Гэтэл саяхнаас вакцины хоёр тунтай байхдаа халдвар авсан бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунгаа хийлгэх боломжтой болсон. Гэхдээ яагаад?

-Халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын үед вакцин хийлгэсэн хүмүүс өвдсөний дараа дархлаа тогтоц нь бага байгаа юм. Тэгэхээр вакцин хийлгэсэн нь илүү эсийн төвшинд гүн дархлаа тогтоож, улмаар дахин халдвар авахаас сэргийлж байгааг судлаачид тогтоосон.

-Гуравдугаар тун хийлгэхэд илэрч буй хариу урвал өмнөх хоёр тунгаасаа илүү байгаа гэдгийг иргэд хэлж байгаа?

-Ямар ч вакцинд тун хийлгэх бүрт хариу урвал нь багасаж байдаг. Нэг вакцины дараа өөр шинэ вакцин хийлгэж байгаа тохиолдолд хариу урвал тодорхой хэмжээнд байна. Гэхдээ манай улсад бүртгэгдэж буй хариу урвал нь хэвийн төвшинд байна гэж үзэж байгаа.

- Pfizer болон Merck зэрэг компанийн ковид19-ийн эсрэг бүтээсэн хоёр эмийн талаар яригдаад эхэллээ. Тухайн хоёр эмийг манай улс худалдаж авах уу?

-АНУ Меркийн Молнупиравир ремидсвитэй адил төрлийн эм. Манай улс ремидсвийн хангалттай нөөцтэй байгаа. Хоёрдугаарт, тухайн эмийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ нь их. Тэгэхээр заавал худалдаж авах шаардлагагүй л гэж үзэж байна. Тус эмийн нэг давуу тал нь гэрийн нөхцөлд ковид туссан хүн хэрэглэх боломжтой. Иймдээ эмнэлгийн орын нөөц багатай улс орнууд их хэмжээгээр худалдаж авч байгаа юм билээ.

-Ковид19 цаашид улирлын томуу байдлаар нутагших магадлалтай талаар судалгааг танилцуулж байсан. Тэгвэл цаашид ковид19-ийн вакциныг тодорхой давтамжтайгаар хийдэг болох талаар судалгаа бий юу. Магадгүй цаашид дөрөвдүгээр тунгийн асуудал яригдах уу?

-Олон улсын судлаачид цаашид хүн төрөлхтөн магадгүй дархлаа сэргээх тун хийгээд явна гэх таамаглалыг дэвшүүлэн, судалж байгаа шүү дээ. Израиль улс гэхэд л дараагийн шатанд дөрөвдүгээр тунгаа хийнэ гэсэн чиг хандлагатай байгаа юм билээ. Тиймээс дархлаа сэргээх тунг тогтмол хийх талаар яригдахыг үгүйсгэхгүй. Хэрвээ вирус улирлын томуу шиг болж хорвуу чанар нь буураад ирвэл шаардлагагүй ч байж болох юм.

-Ер нь халдварын үед хариу арга хэмжээ тал дээр манай улс хэр зөв шийдвэрүүдийг авч хэрэгжүүлж байна гэж харж байна вэ?

-Цар тахлын үед манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тухайн тухайн цаг үедээ тохирох шийдлүүд байсан. Манай улс зөвхөн 2021 онд гэхэд 640 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв, ЭМДС, хандивлагчдаас ковид19-ийн эсрэг зарцуулсан.

“Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд илрэх хам шинж III тунг хийлгэхэд 50 хувиар буурч байна“
“Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд илрэх хам шинж III тунг хийлгэхэд 50 хувиар буурч байна“
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.