Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёроос дээш сонгогдсон гишүүд сайд болох ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барих уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 17 секунд

“Парламентын тогтолцоог боловсронгуй болгох, 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр дутуу хийсэн зүйлс байна” гэх номлолын дагуу Ардын намынхан тун удахгүй Үндсэн хуульдаа “гар” хүрч мэднэ. Төсвийн дараа хэлэлцэгдэх хамгийн чухал асуудал энэ байх болно гэдгийг эх сурвалжууд өнгөрсөн зунаас хойш онцолж буй. Тэгвэл Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гээд байгаа, энэ өөрчлөлтөөс хэн юу “хожих”. Хэн, аль нам эсвэл институт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх вэ гэх зэрэг сонирхолтой асуулт, үйл явдлууд биднийг хүлээж байна.

Ерөнхий сайд гишүүн сайдуудын тоог нэмэх замаар эрх мэдлээ “хамгаалж” үлдэнэ

Өнгөрсөн зунаас хойш гишүүд сайд нарын үйл ажиллагаанд туйлын сэтгэл хангалуун бус байгаа. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж хариуцлага алдсан сайд нарыг явуул гэдэг мессежийг Ерөнхийлөгчөөс эхлээд эрх мэдэлтэй хүн бүр ил цагаан ярих болсон. Бүр чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга индэр дээрээс хариуцлагын асуудлыг сөхнө хэмээн мэдэгдсэн нь зүгээр ч нэг үг байсангүй. Спикерын үг бол дан ганц өөрийнх нь үг биш, ардаа парламентыг тэр чигт нь тээгээд явж байдаг онцлогтой. Олонхын бүлгийн дарга ч энэ үг үйлдлийг батлах зүйлсийг хэд хэдэн удаа ярив. Харин Ерөнхий сайд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй хамт явуулах саналыг тавьсаар өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, тэр “давхар дээлтэй” сайд нарын тоог нэмэх замаар танхимаа бэхжүүлэхийг хичээж байна. Улмаар энэ завсарт нь хавчуулаад ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудаа явуулна. Ингэснээр Ерөнхий сайд өөрөө эрх мэдэлтэйгээ үлдэх боломжоо хадгалж үлдэх тооцоог гаргаад байна. Хэрэв ингэж чадахгүй бол сайдуудаа өөрийн гараар нэг нэгээр нь “сугалах” болно. Хэрэг явдал ингэж өрнөвөл намын Их хурлаа ч хийж чадахгүй байгаа Л.Оюун-Эрдэнэ цаашдаа намын дарга, Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдэнэ гэдэг эрсдэлтэй. Харин гишүүн биш сайдуудын улс төрийн нөлөө, үүрэг ролл үнэндээ гишүүдийн зэрэгт хүрч чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд гишүүн сайд нараас өөр улс төрд Ерөнхий сайдад хань болж байгаа хүн байхгүй. Ихэнх нь чихнээс нь хонх уясан байдалтай арван сарыг үдлээ.

Хоёроос дээш сонгогдсон гишүүдэд сайд болох “боломж” олгоно

Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд ард нийтийн санал асуулга, журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах зэрэг процессийн хэд хэдэн ажлын ард гарсан байх ёстой. Мөн энэ удаагийн өөрчлөлт сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, “давхар дээл”-тэй сайдуудын тоог нэмэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэсэн үндсэн дөрвөн концепцтой. “Давхар дээл”-нээс бусдыг нь ард түмэн дэмжих байх. Гэвч хүсвэл хясна гэгчээр Ерөнхий сайдад хамгийн их хэрэгтэй заалт нь гишүүн сайдуудын тоог нэмэх асуудал. Үүнийгээ тэд парламентын тогтолцоог боловсронгуй болгох гэх сүржин “малгай” дор гуя дагуулж хүзүү гэдэг шиг хийхээр бэлтгэж байгаа.

Тэгвэл эрх баригчид хэрвээ Үндсэн хуулиа өөрчилж чадвал хоёр ба гурваас дээш сонгогдсон гишүүдэд нэн түрүүнд сайдын суудал хуваарилна гэх зарчим яригдаад эхлэв. Гишүүн сайдуудын тоог нэмэхдээ ядаж танхимынхаа тавин хувь хүртэл нэмэх бодлыг тэд баримталж буй. Энэ завсарт нь мэдээж Н.Энхбаяр өөрийн нэрийг Шадар сайдад бариад орж ирэх нь ойлгомжтой. Харин энэ тохироог Ардын намынхан хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь сонирхол татсан асуулт байх болно.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирэх үү

Ардын намынхан хоёр жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчилсөн. Үүнийгээ тэд гүйцэтгэх болон шүүх засаглалын эрх мэдлийг бэхжүүлж, парламентын тогтолцоог боловсронгуй болгосон. Сүүлийн 20 жилд хийгдээгүй бодлогын өөрчлөлт хэмээн баахан пиардсан. Гэтэл ердөө хоёрхон жилийн дараа энэ зүйлээсээ ухрах нь ичмээр. Өөрөөр хэлбэл, 62 суудалтай МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн баривал улс төрийн хувьд харагдац нь онцгүй. Тиймээс тэд, Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгээр өргөн бариулах, эсвэл Ерөнхийлөгчөөр өргөн бариулах гэсэн хоёр хувилбарыг тооцож байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд анх бараалхахдаа л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ам “ангайсан”. Гэхдээ дотоод асуудлаа одоо болтол шийдэж чадахгүй яваа тэд Ардын намынхны амин чухал ажлыг “алах” магадлал өндөр. Албаар “алж” ч мэдэх сийхгүй хүмүүс. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг талаар анх Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үг унагаж байв. Одоо хийгдэхээр яригдаж байгаа үндсэн дөрвөн өөрчлөлтөөс олон нийтэд сайшаагдах нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох заалт. Энэ утгаараа Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бариад ороод ирэхэд хэн ч гайхахгүй. Хэдийгээр намаасаа татгалзсан ч түүний намдаа үзүүлэх нөлөө өнөөдрийг хүртэл маш өндөр хэвээрээ байгаа. Тиймээс энэ хувилбар дотно, гаднаас ирэх “гал”-ыг багасгах өндөр ач холбогдолтой байхыг ч үгүйсгэхгүй.

Харин бусад улс төрийн намуудын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээд байх зүйлгүй. Ардчилсан намыг дотоод асуудлаар нь МАН “халаасалчихсан”. Н.Энхбаярын намыг дарга цэрэг, тамга, тэмдэг юутэй хийтэй нь “худалдаад” авчихсан. Өнгөрсөн зунжин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бусад намуудын дарга нартай энэ асуудлаар өглөө оройгүй зөвшилцсөн. Одоо үндсэндээ бүгд нэг талдаа гарчихсан байгаа болов уу. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд төсөвтэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндөнө гэв. Энэ мэтийн үг үйлдлүүд зүгээр нэг үг биш нийтэд өгч буй улс төрийн “мессеж” байдаг билээ.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 3-5 хэм дулаан
Улаанбаатарт 3-5 хэм дулаан
 
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.