Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Миеэ“ фракцийн элсний нүүдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 26 секунд

Саарал ордны улс төр ойрд гойд нам гүм байна. Улстөржиж талцан муудалцахгүй уг нь амар л юм. Даанч улстөрчид, нялх хүүхэд хоёр чимээгүй болохоороо ямар нэг хэрэг тарьдгийг мартаж болохгүй. Тиймээс их бужигнаан эсвэл том хуйвалдааны өмнөх анир чимээгүй ч байж мэдэх юм. Ямартаа ч бүгд “бие биенээсээ улс төрөөр юу байна” гэх жижүүрийн асуултыг асууж, ямар нэг чиг баримжаа гаргаж орох, байх газраа сонгохоор хүлээцгээж байна.

Харин энэ дунд чимээгүйхэн ганц нэг сандал, суудал “тоншиж”, алхам алхмаар газар дөхөж яваа фракц бол өнөөх гайхал Миеэ Энхболдынх. Алдсан эрх мэдлээ элсний нүүдэл шиг чимээгүйхэн нэг нэгээр нь буцааж авсаар эргээд хүчийг авах нь гол зорилго нь биз. Одоо “хотын” гэдэг нэр нь хэтэрхий томдох болсон тул “Миеэ”-гийн фракц гэж Ардын намынхан дотроо авгайлж эхэлсэн. Саяхан энэ фракц УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыгоо нийслэлийн Ерөнхий менежерээр томилууллаа. Хаан банк тойрсон том “зодооны” хажуугаар Д.Сумъяабазар яагаад гэнэт “Миеэ”-гийнхэнтэй сүжирч, тал засаад эхэлсэн нь хаа хаанаа хардлага төрүүлж орхилоо.

Хотын Ерөнхий менежерийн албан тушаал бол хотын хамгийн чухал улс төрийн албан тушаал. Засаг дарга, хурлын даргын араас нийслэлд нөлөө үзүүлэх мест. Бүр орлогчдоос ч илүү үүрэг, роллтэй. Мөн дөнгөж сая Ерөнхий сайдын шидсэн “чулуунд” оногдож суудлаа өгч буй Т.Гантөмөр бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг. Түүний сонгуулийн менежерээр ажиллаж, улс төрд дөрөө харшуулж ирсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Энэ утгаараа өчигдөр болсон томилгоонд хамгийн игзаартай хандсан байж мэдэх хүн нь генсек. Мөн намын дарга нь ч энэ томилгоонд зориулж, 100 хувь алгаа дэлгээгүй л болов уу. Эсвэл Д.Хаянхярвааг нь “аавынд” явуулснаа цайруулж, Д.Ганболдыг нь дэмжсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ямартаа ч хотын “гал тогоог” баздаг чухал томилгооны хажуугаар намын удирдлагууд нь “виз” өгөхгүйгээр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхгүй. Заавал зөвшилцсөн байх учиртай.

“Хотын фракц”-ын гарал угсаа мэдээж хоттой салшгүй холбоотой. Сүлжээ, зохион байгуулалтаараа алдартай тул өнгөрсөн 20 жилийн турш хотын бүх нүх сүвд их багаар шигдчихсэн. Өөрөөр хэлбэл, чимээгүй бүгсэн цөм хүч нь хотдоо өнөөдрийг хүртэл хадгалагдсан хэвээр байгаа. Магадгүй Д.Сумъяабазар хотод цаашаа хол явъя гэвэл шат бүрт шигдсэн М.Энхболдын талын хүмүүстэй ойлголцох ёстой гэж харсан байх. Тиймээс бараг баруун гар гэж болох маш ойрын хүнийг нь хажуудаа авсан байх. Ийм алхам хийхгүй бол түүний бодлогын нэг ч ажил нь урагшлахгүй байж мэднэ. Нөгөө талд нь сүүлийн үед бага багаар барьцаа ахиулж суугаа Миеэ “мангаагаа” дахиад амилах вий, тэр эхлэл нь дахиад хот байх вий гэж МАН-ынхан айж эхлэв. Д.Ганболд бол хаанаас нь ч харсан таг “Миеэ”-гийн хүн. Тэрбээр, М.Энхболдыг дүүргийн орлогч байхаас нь Чингэлтэйтэй улс төрийн амьдралаа холбож, улмаар Чингэлтэй дүүргийн засаг даргаар он удаан жил ажиллаж, олон жилийн турш дүүргээ улаантуулсан гавьяатай хүн. Үүнийхээ ачаар М.Энхболдын “хаан” байхдаа болгоосон ковтоор нь УИХ-д орж суусан билээ. Чингэлтэй дүүрэг бол М.Энхболдын улс төрд хөл тавьсан газар. Тэрбээр, анх 1992 онд тус дүүргийн орлогчоор улс төрийн гараагаа эхлүүлж байв. Ямартаа л М.Энхболдыг бүр мөсөн явуулахын ажлыг Чингэлтэйгээс эцэслэх ёстой хэмээн одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар мань хүнийг УИХ-ын даргаас буусан даруйд Д.Ганболдоос дүүргийг нь булаан авч байв.

Тэгвэл 2017 оны Ардын нам доторх “Их цэвэрлэгээ” хэмээх “дайны” хөлд нэрвэгдсэн “Миеэ”-гийн фракц болон М.Энхболд бараг дөрвөн жил олны нүднээс далд байсан. Харин өнгөрсөн намар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” уриалгыг дэмжиж хүрз барин шороо самарсаар М.Энхболд олны өмнө гарч ирсэн. Удтал чимээгүй байсан өөрийг нь болон фракцийг нь бараг мартах шахтлаа өөрсдийн хүчэнд омойдсон эрхмүүд уг дүр зургийг тун ч их гайхаж хүлээж авч харагдсан. Одоо ч иймэрхүү гайхсан, хүлээсэн, яахаа мэдэхгүй болсон нөхдүүд Ардын намаар дүүрэн холхиж явна.

Дээр өгүүлсэн шиг нам гүмийг эвдэх эрх мэдлийн том хуваарилалт тун удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамтаар, эсвэл түүнээс ч муу байдлаар орж ирэх магадлалтай. Харин энэ бүгдэд бэлдэх мэт “Миеэ”-гийн фракц алхам алхмаар газар дөхөж явна. Ер нь М.Энхболдынхон эргэн ирвэл юу болох вэ. Улс төрийг зүү ч орохгүй зайгүй болтол хайрцаглаж явсан түүх саяхан. Үүнийхээ горыг хүртэж улс төрийн бүх эрх мэдлээ алдсан тэр одоо ямар тоглолт хийх бол. 2024 он хүртэл элсний нүүдэл шиг алхам алхмаар газар дөхсөөр байх уу. Эсвэл…

Г.Лхагвадорж

УИХ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо
УИХ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.