Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулан хөгжлийн хөтөлбөр боловсруулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

“Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг угтан “Парламентийн мэтгэлцээн” зохион байгуулагдлаа. Тус мэтгэлцээнийг ХБХХЕГ болон МУИС хамтран зохион байгуулж 20 их дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Энэхүү мэтгэлцээн нь залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгааг нээн илрүүлэх зорилготой юм.

ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав: "НҮБ-аас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр хэмээн 1981 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэхүү өдрийн гол зорилго нь ХБИ-ийн өөрсдийнх нь эрхийг хангахаас гадна, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх юм. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол тухайн хүнээс шалтгаалах бус саадтай хүртээмжгүй нийгэмдээ байна гэдгийг энэхүү өдрөөр мөн сурталчилан таниулах ажлыг хийдэг. Өнөөдрийн мэтгэлцээний гол зорилго нь оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар зөв ойлголттой болгох, нийгмийн тогтсон загварыг өөрчлөх юм. Манай улсад 2020 оны байдлаар 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Эдгээр иргэдийн 57 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судлагаа байдаг. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлээс нийгэм өөрөө урьдчилан сэргийлэх ёстой юм. Манай яамны зүгээс хүүхдүүдэд бага наснаас нь хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх, боловсролын системд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэх болно" гэлээ.

Мэтгэлцээний нээлтийн үеэр МУИС-ын оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг үг хэлэхдээ “МУИС болон ХБХХЕГ таван жилийн турш хамтран ажиллаж байна. Манай өөрийн байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчынхаа дунд хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрийг боловсруулсан. Тус хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар өнгөрсөн онд боловсруулж бэлтгэсэн. 2023 он гэхэд хөтөлбөрийн үр дүнг гаргаж тайланг бататгана” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газраас 10 сарын 3 - 12 сарын 3 өдрийг хүртэл хугацаанд "Бэрх биш ээлтэй" аяныг зохион байгуулж буй. Энэхүү аян нь хүмүүсийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний амьдрах орчинг сайжруулж, бэрхшээлтэй бус ээлтэй байлгахад чиглэнэ.

МУИС-ын улс төр судлалын тэнхимын багш Б.Бадамдаш: “Олон их сургуулиас 20 баг оролцож байгаа юм байна. Манай МУИС-аас дөрвөн баг оролцож байна. Оюутнууд энэ асуудлаар мэтгэлцэх нь маш чухал ач холбогдолтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө учирч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар шийдэл гаргаж, ингэхдээ өөрсдөө илүү сайн судалж ойлгож, мэдэрх нь чухал. Манай сургуулийн хувьд хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй оюутан байдаг гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ тоо хэд ч байсан миний хувьд шүүмжлэх зүйлс байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж, гарахад саад бэрхшээлтэй зүйлс байсаар байна. Жишээлбэл, манай их дээд сургуулиудын хичээлийн байранд цахилгаан шат байдаггүй. Энэ бол хамгийн том саад болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож ханддаг болоход энэхүү мэтгэлцээнийг ач холбогдолтой гэж харж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд, хуулийн орчин, өнөөгийн хэрэгжиж буй бодлогууд, төсөв санхүү, нийгмийн халамж үйлчилгээний талаар мэдээлэл авч эдгээрийг хэрхэн сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.

Тус парламентын мэтгэлцээний 1-р байрт МУИС-ийн "Berkeley" баг, 2-р байрт ИЗОУИС-ийн "Ethic" баг, 3-р байрт МУИС-ийн "Change 88" баг, Тусгай байрт ДХИС-ийн "Консенсус" баг тус тус шалгарлаа.

О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.