Д.Амартүвшин: Ямар ч мундаг удирдагч байлаа тэнэг ард түмэнтэй бол мангас болж хувирна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Хэзээ
2021/11/23
Унших
13 минут 0 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Жагсаал, цуглааны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 500 мянган торгуулаад буй комедиан Д.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар болон ардчилал, хүний эрх, эдийн засгийн сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед шүүх хуралд оролцоод зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгууллаа. Шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?

-Гэнэтхэн л шүүх хурал гээд бөөн юм боллоо. Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн гээд 500 мянган төгрөгөөр торгууллаа. Зургаан сард болсон "Гашуудал флаш моб" нэртэй үйл ажиллагаанд оролцсон. Анхандаа Гамшгийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр явж байсан мөртлөө шийдвэр нь гарахдаа Жагсаал цуглааны тухай хуулиар гарах шиг боллоо. Товчхондоо зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр торгож байгаа юм байна. Уг нь би зохион байгуулаагүй, оролцсон л юм.

-Та төрийн дарамт шахалт хэрээс хэтэрлээ гэж их ярих юм. Төрийн дарамт шахалт гэж яг юу юм?

-Манай төрийн дээд алба хашиж байгаа нөхдийн ихэнх нь хамаг мөнгөө шавхаж байж төрд гарч байгаа шүү дээ. Төрд гарсныхаа дараа өөрийнхөө танил тал, хамаатан садан, ах дүү нараа шал угаагчаас авахуулаад газрын дарга хүртэл албан тушаалд тавьж байна. Нөгөө хүмүүс нь иргэдэд дарамт учруулж мөнгө олдог систем үүсчихсэн. Сонгуулиар авсан шархаа нөхөхийн тулд өдөр шөнөгүй иргэдээ дарамталж, дээрэлхэж, янз бүрийн шаардлага тавьдаг. Үнэндээ хэний ч эрхийг зөрчөөгүй байхад торгоно, цагдана, тусгай зөвшөөрлийг нь хураана гэдэг. Ийм байдлаар дээрмийн бүлэглэл шиг ажиллаад байгаа юм. Төр төр биш дээрмийн бүлэглэл болчихсон байна. Үүнийг нь гардан гүйцэтгэж байгаа хүмүүс үргэлж, төрийн эрхээр далайлгаж стандарт тогтоож байна. Хууль биелүүлэх, захирамж биелүүлэх нэрийдлээр хүмүүсийг дарамталж, хянадаг, торгодог тогтолцоо үүсээд удаж байна. Тэр нь ковидын үеэр бүр утгаа алдан хавтгайрсан.

-Ийм болоод удаж байна гэлээ. Хэзээнээс ийм тогтолцоо бий болов. Ардчиллын 30 жилийн хугацаанд энэ тогтолцоо үүсэн бий болов уу?

-Ардчилал хөгжлийнхөө замд явж байна. Ардчиллыг хүмүүс алга эргүүлэхийн хооронд бий болдог зүйл гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол тийм биш. Иргэд нь өөрчлөгдөж байж ардчилал бий болдог. Ардчилал гэдэг нь өөрөө процесс. Энэ процесс үргэлжилж л байна. Хүмүүс өөрсдийн үндсэн эрхээ шаардан янз бүрийн тэмцэл хийж байна. Энэ нь процесс явж л байгаагийн илрэл. Мөн хүмүүс ардчиллын талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Үүнийгээ ойлгож, ухамсарласнаар ардчилал амь орно. Эрх чөлөөнд суралцаагүй хүн эрх чөлөөнийхөө дайсан байдаг гэдэг үг байдаг. Энэ талаар ойлголтгүй хүн яаж эрх чөлөөгөө хамгаалах юм бэ?

Мэдээж 30 жилийн өмнөхөөс хэд дахин сайжирсан. Өнөөдрийн тухайд нэг нам дангаараа бүх эрх мэдлийг авсан учраас энэ эрх мэдэл нь нөлөө үзүүлээд байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийн олонх зэрэг төрийн бүх түвшинд нэг намын тогтолцоо үүссэн. Нэг нам хэт их эрх мэдэлтэй байгаа учраас түүнийгээ хэтрүүлэн ашиглах, эрх мэдэлдээ дулдуйдах, үүгээрээ дамжуулан төрөл бүрийн авилга авах, хүмүүсийн эрхэнд халдах явдал хавтгайрсан байна.

-Энэ сонголтыг иргэд бид өөрсдөө хийсэн шүү дээ?

-Иргэд нь ямар байна. Тийм л төр засаг тогтдог гэж би боддог. Хэчнээн алтан бөгстэй, мөнгөн толгойтой, алмазан нүдтэй мундаг удирдагч байлаа ч тэнэг ард түмэнтэй бол мангас болж хувирна. Тиймээс иргэд нь өөрчлөгдөх ёстой. Улс төрчид яг л дарцаг шиг юм билээ. Иргэд хаашаа улс төрчид тийшээ. Хэн эрх мэдэлтэй байгаагаас илүүтэйгээр ямар хүмүүс тэр хүнийг сонгож байгаа нь хамгийн чухал.

-Улс төрчид иргэдээ дагадаг гэдэг нь цахим ертөнц хөгжсөн өнөөгийн нийгэмд илүү тод харагдаж байна уу?

-Тийм. Бүх л асуудлыг сошиалаар шийдэж байна. Энэ нь гэхдээ зарим талаараа зөв ч байж магадгүй. Иргэд сошиалаар юу болж байгаа, болохгүй байгааг илэрхийлж байгаа нь ардчиллынхаа нэг хэлбэрийг хангаж байгаа юм.

-Ардчиллын процесс үргэлжилж байгаа гэдгийн адил хүний эрхийн асуудал ч мөн туулах ёстой замаа туулж байна уу?

-Маш олон хүн ардчилал, эрх чөлөө хоёрыг нэг зүйл гэж ойлгодог. Ардчилал гэдэг бол олонхоороо шийдвэр гаргадаг процесс. Зарим тохиолдолд олонх нь нэгнийхээ үсийг хусъя гээд бөөнөөрөө гараа өргөсөн бол тэр хүний үсийг хусаж байгаа нь ардчиллын нэг хэлбэр. Гэхдээ бидний сонгосон ардчилал бол хэдийгээр олонх гараа өргөсөн байлаа ч тухайн хүний үндсэн эрхэнд халдаж болохгүй гэсэн хэлбэр. 3,000,000 хүний 2,999,999, нь нэг саналтай байсан ч хүний үгээ хэлэх, үзэл бодолдоо үнэнч байх, өмчтэй байх эрхүүдэд халдаж болохгүй.

-Монгол Улс дотооддоо ковид алдаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ нэг жилийн хугацаанд бид юун дээр алдав?

-Ковидын үеийн нэг жил нэртэй форум саяхан болж өнгөрсөн. Энэ нэг жилийн хугацааг дүгнэхэд ерөөсөө л албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд хуульгүйгээр дураараа авирласан хоёр жил болсныг форумын үеэр ойлгож авсан. Жишээлбэл 21+14 хоногийн буюу нийт 35 хоногийн тусгаарлалт байлаа шүү дээ. Тэрхүү тусгаарлалтын журамд нийт есөн удаагийн өөрчлөлт орсон байна. Нэг ч журам нь хууль зүйн шаардлага хангаагүй байж. Тухайн журмыг шаардлага хангуулахын тулд заавал ХЗДХ-ийн яамд бүртгүүлдэг юм байна. Гэтэл нэгийг нь ч бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл иргэдийг хууль бус журмаар цагдан хорьж байсан байна. Мөн ковидын хууль гэж гарсан. Дөрвөн удаагийн хуулийн өөрчлөлтөөр нийт 95 зүйл, заалтыг өөрчилсөн байна. Жил болоогүй хуулийг ингэж өөрчилж болдог юм уу. Ямар ч тооцоо, судалгаагүй хууль баталсан нь харагдаж байгаа юм. Энэ хуулийн улмаас бизнес эрхлэгчид, иргэд, гадаадад байгаа хүмүүс зэрэг маш олон хүний үндсэн эрхэнд халдсан. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй цаг хугацаа болж өнгөрснийг мэргэжлийн судлаач нар тайлбарлаж өглөө.

-Хүн бүр энэ өвчний улмаас болон үүнийг дагасан бусад хүчин зүйлийн улмаас өөрт олдсон боломжоо алдан их, бага хэмжээгээр гарз хохирол амслаа. Таны хувьд ямар хохирол амссан бэ?

-Би санхүүгээрээ маш их хохирсон. Манай комеди клубыг 500 гаруй хоног ажиллуулаагүй. Энэ хооронд би хичнээн төгрөгийн орлого олох байсныг мэдэхгүй. Яаж амьдрах нь ойлгомжгүй. Үүнээс болоод би хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа, сэтгэл санаа, хүүхдийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэг маш олон зүйлээр хохирсон. Хэн ч үүнээс уучлалт гуйгаагүй.

-Санхүү, эдийн засаг гэснээс та энэ чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг нэгэн. Дэлхий даяар инфляц өсөж байна. Монголд ч бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсөж байна. Үнийн өсөлтөд төр оролцох нь зүйтэй юу?

-"Ковидоо давж гарах нь ч гарах л юм байна, ковид төртэй нийлэхээрээ ёстой дийлдэхгүй юм байна" гэсэн үг гарсан байсан. Төр бүх зүйлд оролцож байсны гай одоо харагдаж байна. Хэрэв бид ковид дотооддоо алдаагүй байхад бүх зүйл нээллтэй байсан бол өнөөгийн байдал тэс ондоо байх байлаа. Өнгөрсөн жилийн өдийд хүмүүс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорионд орохдоо бага зэрэг тэнхээтэй орсон бол өнөөдрийн элгээрээ мөлхөж байгаа энэ байдал арай дээр байх байсан. Хувийн хэвшлийнхэн хангалттай өөрсдийгөө зохицуулаад, ложистикээ хийгээд, халдвар хамгааллынхаа дэглэмийг бариад явж байсан. Жишээ нь "Оюу толгой"-н зэс зүгээр гараад л байдаг гэтэл төрийн хэвшлийн "Таван толгой"-н машин нь ажиллахаа байчихдаг. Төр үнэхээр л сайн зохицуулалт хийдэг байсан юм бол "Оюу толгой" шиг олборлолтоо хэвийн үргэлжлүүлэх нь яасан юм бэ.

-Тэгэхээр одоо үүсээд байгаа үнийн өсөлтийг яаж шийдэх вэ. Төр оролцохгүй бол хэн дуртай нь хүссэн үнээ тавиад бусад нь түүнийг дагаад байх юм биш үү?

-Үнийн өсөлт юунаас болж үүсээд байгааг бид харах хэрэгтэй. Нийлүүлэлтийн гаралтай гэж ярьж байгаа. Гэтэл дэлхий даяар ковидын үеэр асар их мөнгө хэвлэж тараалаа шүү дээ. АНУ хүртэл түүхэнд байгаагүй их мөнгийг хэвлэж тараалаа. Ковидоос шалтгаалан улс орнууд хилээ хаасан учраас ложистикийн асуудал үүссэн. Улс орны төрүүд өөрсдөө ийм зүйл хийсэн. Бараа бүтээгдэхүүнээ золилцохгүй байхад зах зээл рүү мөнгө цутгачихсан. АНУ-д энэ асуудал хурцаар яригдаж байна. Мөнгө гэдэг бараа, материал биш шүү дээ. Монголд ч мөн адил хамаг юмаа хаасан мөртлөө нэг өдрийн дотор нэг их наяд төгрөгийг зах зээл рүү цутгасан. Бараа бүтээгдэхүүнийх нь тоо нэмэгдээгүй байхад цаас цутгахаар үнийн өсөлт бололгүй яах вэ. Үүнийг л инфляц гээд байгаа юм. Энэ асуудал зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар болсон зүйл.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Ярилцлагын төгсгөлд та хүмүүст юу ойлгуулахыг зорьдог талаараа хуваалцана уу?

-Миний хүмүүст хамгийн ихээр ойлгуулахыг хүсдэг зүйл бол хэн нэгэн төрд бүх юмаа даатгаад байвал чамайг дарамталдаг төр улам л данхайгаад байх болно. Нөгөө л нэг бүтэлгүй, боловсрол муутай, хор найруулдаг, авилга авдаг хүмүүсийн эрх мэдэл томорсоор л байх болно. Төрд хамгийн муу хүмүүс ордог талаар бүгд л хэлдэг. Гэтэл та яагаад төр бүхнийг зохицуулж чадна гэж бодоод байдаг юм бэ. Энэ бодлоосоо салах хэрэгтэй. 20-30 жил хүчиндүүлсэн атлаа одоо дахин хүчиндэхгүй байх гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Төр аливаа зүйлд аль болох бага оролцоосой, эсрэгээрээ бүтээлч иргэд тэр орон зайг эзлээсэй гэж хүсдэг. Тэгж чадвал Монгол Улс маш хурдан хөгжинө.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. ЗОЧИН

    гадна дотнын цөөврүүдэд хөлслөгдөж ард олныг засаг төрийн эсрэг турхирсан чамайг харин ч зөөлөн шийтгэсэн

  2. bb

    хэн гэдэг мундаг удирдагч биднээс болоод мангас болчихсон бэ

  3. Т.Алтанцэцэг

    Тэнэг удирдагч байдаг болохоос тэнэг ард түмэн байхгүй шүү. Үгээ бодооч, судлаач.