Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Отгонбаяр: Улс тунхагласны баяраар 24 цагийн турш суниаж, амжилттай болвол Гиннест бүртгүүлнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
12 минут 30 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд анх удаа 24 цагийн турш суниалт хийх гэж буй залуугийн тухай мэдээлэл цахим сүлжээнд олон нийтэд хүрсэн. Гурван жилийн хугацаанд гарын ард, урд талаа солбих суниалтын төрлөөр хичээллэж, үүгээрээ дэлхийн амжилтыг эзэмших зорилго тээсээр өнөөдрийг хүрчээ. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хүртэл зүтгэнэ ээ хэмээн ярих түүнийг Батбаярын Отгонбаяр гэдэг. Б.Отгонбаяр МҮИС-д 2011 оноос хойш багшаар ажиллаж байгаа ба хуулийн аюулгүй байдлын хөтөлбөрийн багт тулааны урлаг, бие хамгаалах бэлтгэл, байлдааны самбо, каратэ, таеквондогийн хичээлийг заадаг нэгэн.

Тэвчээр, хатуужил сорьсон үзүүлбэрээ Улс тунхагласны баяраар олон нийтэд хүргэж, анх удаа 24 цагийн турш суниах гэж буй Таеквондогийн ОУХМ Б.Отгонбаяртай ярилцлаа.

-Яагаад заавал тэмдэглэлт өдрийг сонгон 24 цагийн суниалтаа хийх болов гэдэг нь анхаарал татаж байна?

-Мэдээж арваннэгдүгээр сарын 26-н бол Улс тунхагласны баярын өдөр. Монгол хүн дэлхийн тавцанд гарах чухал өдөр болов уу хэмээн бэлгэшээж сонгосноос гадна цаг хугацааны хувьд ч ийнхүү таарлаа. 2021 онд төлөвлөсөн томоохон зорилгын минь нэг гэж ойлгож болно. Тиймдээ ч 24 цагийн суниалтыг энэхүү өдөр хийе гэж бодсон. Ер нь төлөвлөгөөнд хэдийнэ байсан гэж хэлж болно.

Олон нийтийн дунд богино хугацаа тогтоовол суниачих байх гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл хоёр жилийн хичээл зүтгэлээ бататгаад 24 цагийн хугацаанд суниаж үзвэл ямар вэ гэж бэлдэж эхэлсэн минь энэ юм.

-24 цагийн суниалтын өдрийн ерөнхий төлөвлөгөө гарсан байгаа юу. Ямар зохион байгуулалттайгаар болох вэ?

-Миний бие арваннэгдүгээр сарын 26-наас 27-ны өглөөний 09:00 цаг хүртэл суниах юм. Гэхдээ энгийн нэг суниалт биш. Гарын ард, урд талаа солбиж суниах юм. Өмнө нь тавдугаар сарын 29-нд гарынхаа ард, урдыг солбих суниалтаар нэг минутын хугацаанд Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр хүсэлтээ явуулж байсан. Одоогоор Гиннесийн хороонд шалгагдаад явж байгаа. Гэрээний стандарт журмуудыг хангахад анхны гэдэг утгаараа багахан алдаа гарсан. Алдаа гарсан хэдий ч түүнийг тухай бүрт нь зассан. Удахгүй сайхан хариу ирэх байх гэж бодож байгаа.

No description available.

-Гарын ард, урд талаа солбиж суниах нь энгийн гар дээрх суниалтаас өөр байх?

-Энгийн суниалтаас тэс өөр. Хамгийн их тэсвэр хатуужил шалгадаг. Мэдээж гарынхаа ар талыг ашиглаж байгаа учраас экстрем талдаа тооцогдоно. Удаан хугацааны бэлтгэл хийх шаардлагатай байдаг тул өнөөдрийг хүртэл өөрийгөө үргэлж туршиж ирсэн.

-Мэдээж Монгол Улсад анх удаа гэх тодотголоор нь хүмүүс сайшаалтай хүлээн авч байгаа харагдсан. Биеийн тамир спортын улсын хорооноос хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч ажиллаж байгаа. Тус хорооны мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч ч байгаа. Энэ сарын 25-ны өдөр эмчийн үзлэгт ороод 26-ны өглөө суниалтаа эхлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Миний ард бүх л бүтэн баг ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Суниалтын тоо, секунтээс эхлээд хооллолт зэрэг бүгдийг л мэргэжлийн хүмүүс хариуцана шүү дээ.

-Та өмнө тавдугаар сард Гиннесийн номонд бичүүлэхээр явуулсан нэг минутын рекордтой харьцуулахад энэ удаагийнх 24 цагийн хугацаанд үргэлжилнэ. Хэрвээ 24 цаг суниаж чадвал энэ рекордоо ч Гиннест бүртгүүлэх бодолтой байгаа юу?

-Өмнө хэлсэнчлэн анх Гиннесийн амжилтад явуулах үед нэг минутын хугацаанд л суниасан. Одоо бол Монголд анх удаа урт хугацааны суниалт хийх гэж байгаагаараа онцлог. Гиннесийн хорооноос тавьдаг шаардлага, стандартынх нь түвшинд бүх зүйлийг бэлдсэн. Өөрөөр хэлбэл, 24 цагтаа суниалтаа хүргэвэл материалаа Гиннесийн хороо руу явуулахаар бэлдсэн гэсэн үг.

-Хөл хорионд байхдаа энэ төрлийн суниалтын төрлөөр хичээллэж эхэлсэн гэж сонссон?

-Тийм ээ. Би өмнө нь олон улсын таеквандогоор хичээллэдэг байсан. Коронавируст халдвар дотоодод тархсанаас хойш хөл хорионы үед дэлхий нийтийн залуучуудтай хэрхэн мөр зэрэгцэх вэ гэж бодож эхэлсэн. Тухайн үед өөрийгөө сорьж үзэхэд суниалтын төрөл хамгийн ойр юм шиг санагдсан. Интернэтээс олон төрлийн бичлэг үзэж, судалж эхэлсэн. Анх гарынхаа алган дээр суниаж, цаашлаад ар талаараа, дараа нь гарынхаа ард, урд талыг солбиж суниаж эхэлсэн дээ.

No description available.

-Ер нь 24 цагийн суниалтын явцад амрах уу?

-Амралт байлгүй яахав. 1993 онд суниасан дэлхийн рекордыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдээгүй байгаа. Олон оронд 24 цаг суниахдаа дундаа 2 минутын зайтай амрах давтамж байдаг. Гиннесийн хорооноос өгсөн журмын дагуу суниалт нь 20-30 сек, амралт нь хоёр минут байхаар зохицуулагдсан. Үүнийгээ 24 цагийн турш давтамжтайгаар хийнэ гэсэн үг юм.

-Хэдийгээр Биеийн тамир, спортын хороо өөртэй тань хамтран ажиллаж байгаа боловч үүсч болох эрсдлийг та өөрөө хүлээх үү?

-Миний ар талд багш дасгалжуулагч, эмч гэх мэт хүмүүс ажиллаж байгаа. Биеийн тамирын улсын хорооноос үүсч болох аливаа төрлийн эрсдлийг хариуцахгүй гэж мэдэгдсэн. Иймээс би бүх л эрсдлийг өөрөө хариуцана гэсэн үг. Миний ард ажиллаж буй баг зөвхөн миний биеийн түвшин болоод суниалтын явцад ядарсан, сульдсан зүйл ажиглагдвал зогсоох эрх нь бий.

Харин түүнээс цааш гарах эрсдлийг хариуцахгүй гэж байгаа юм. Тиймээс миний бие өөрөө 100 хувь эрсдлээ даагаад хүсэлтээ өгсөн. Хүсэлтэд би 24 цагийн хугацаанд ямар нэгэн эрүүл мэндийн байдлаар хохирвол үүнийгээ өөрөө хариуцана гэж дурдсан. Тиймээс урт хугацааны суниалт бол миний хувьд туршилт болж байгаа юм.

-Залуус чаддаг мэддэг зүйлсээрээ ялгарч чадаж байна. Гэхдээ өөрийн тань хувьд яагаад заавал Гиннесийг зорилгоо болгов?

-Би чинь залуу хүн шүү дээ. Ид хийж, бүтээх нас. Би Монголд тогтоож байгаа рекордоо яагаад дэлхийд харуулж болохгүй гэж бодсон. Яагаад дэлхийн рекордийг Монгол хүн эвдэж болохгүй гэж.

Гадаад хүмүүс зөвхөн гарын алга дээр суниаж байхад гарын ард, урд талыг ашиглаж солбиж суниаж болохгүй гэж хэмээх бодлууд төрдөг байсан. Үүнийг бодитоор хэрэгжүүлж, экстрем тал руу болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, давтагдахгүй зүйлийг гурван жилийн хугацаанд хийсээр байгаа минь өөрийгөө энэ чиглэлээр сорьж үзэх хүсэл минь унтрахгүй байгаатай холбоотой.

Хүмүүс чи хэдэн цаг суниах вэ гэж их асуудаг. Би 24 цагаар суниаж үзэх гэж байна. Чадахгүй бол би өөрийгөө бэлэн болоогүй гэж үзээд дахин бэлтгэлээ хийнэ. Би чадах хүртлээ зогсохгүй. Заавал энэ төрлийг Гиннесийн хороонд аваачих зорилготой.

-Өнгөрсөн хугацаанд өөртэй тань гарын ард, урд талыг солбиж суниах төрлөөр хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус хэр их хандав?

-Гиннесийн хороо руу албан ёсны бичлэгээ явуулснаас хойш маш их хүмүүс хандсан. Мэдээж Гиннесийн хороо 16-аас дээш насны хүнийг бүртгэх журамтай. Ганцхан суниалт ч биш залуус маань өөрсдийн чадаж буй зүйлээрээ Гиннест багтахаар хүсэлтээ явуулсаар байгаа.

Миний хувьд, өөрийн хийх гэж буй суниалтын төрлөө албан ёсоор Гиннест бүртгүүлж, ямагт боломж байдаг гэдгийг харуулсан цагтаа залууст бодитой “амьд” зөвлөгөөг өгч чадна гэж боддог. Албан ёсоор бүртгүүлээгүй зүйлээ залууст тогтсон дүрэмтэй мэтээр хий ярьж болохгүй байх. Тиймээс дэмжиж буй бүхий л залуустаа баярлаж байгаа. Гэхдээ үүнийг бүртгүүлснийхээ дараа л хүүхэд залуустаа ойлгомжтой, шат дараалалтайгаар нь хэлж чадна.

No description available.

-Тавдугаар сард явуулсан Гиннесийн бичлэгтээ нэг минутад хэд суниасан бэ?

-Нэг минутын хугацаанд нийт 83 удаа суниасан. 83 удаа суниагаад цаг эхлэхээс өмнө эхэлсний дараагаас тоолоод гурвыг нь шүүгчид хассан. Иймд 80-аар Гиннесийн хороо руу явуулсан. Гэхдээ тухайн төрлийн Гиннесийн рекорд нь 70 байдаг юм.

-Маргааш 24 цагийн суниалтаа хийх гэж байна. Өмнө Гиннест бичлэгээ явуулж байсан хүний хувьд өөрийн зүгээс болон бусад байдлаар ямар бэлтгэл ажлуудыг хангасан байх ёстой байдаг вэ?

-Гиннесийн хорооноос нэг л зүйлийг шаардаж байгаа. Үндсэн бичлэгийг ямар ч тасалдал байхгүйгээр хийсэн байх ёстой. Түүнд 24 цагийн бичлэгийг зөвхөн хяналтын камераар бичнэ гэсэн байдаг. Суниаж байгаа нь ил тод, хажуу талаас харсан байдалтайгаар явуул гэдэг. Шүүгч, эмч, гэрчүүдийг оролцуулсан байх ёстой. Гэрчүүдээр манай аюулгүй байдлын хөтөлбөрийн оюутнууд 24 цаг надтай хамт байна.

Ямартай ч 2021 ондоо энэ чиглэлээр Гиннест бичүүлж, амжилтаа тогтоох зорилгодоо алхам алхмаар ойртож байгаа.

-Ярилцлагаар маань дамжуулан "дайж" хэлэх зүйл бий юу?

-Монголын залуус үнэхээр хийж, бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ур чадвартай гэж би хардаг. Өөрөөс минь илүү залуус их байгаа. Зорилгынхоо төлөө зоригтой алхаж, оюун ухаан, бие бялдар гээд чадах зүйл юу байна түүнийгээ бүү зогсоогоорой гэж хүсмээр байна.

Хичээсээр байвал хэзээ нэгэн цагт өөрийнхөө хувьд ч амжилтийг бий болгож чадна. Амжилт ирэхгүй байсан ч өөрөө өөрийгөө ялна дийлнэ гэдэг бол хамгийн том үр дүн. Миний хувьд суниаж эхэлснээсээ хойш хүн өөрийгөө ялна дийлнэ гэдэг нь ямар чухал болохыг ойлгосон.

Хүнтэй тулалдахаас илүү өөрийгөө эхлээд ялан дийлэх чухал. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, зөв зүйлээр бусдыг манлайлж, дэлхийд давтагдашгүй олон төрлөөр дэлхийн рекордыг эвдэж, эх орныхоо нэрийг гаргаасай гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль үйлчилж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байна“
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль үйлчилж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байна“
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.