Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхныг хулхидахуй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 26 секунд

Урьд эртийн цагт уу эсвэл өнөө энэ үед үү? мэдэхгүй Богд Зонховагийн хөшөөг босгохоор улсын төсөвт 5 тэрбум төгрөг тусгажээ. Хэн ч юм, хэзээ юм бүү мэд энэ төсвийг үлэмж нэмээд 32 тэрбум төгрөг болгочихож. Ямар компанийн ч юм бүү мэд хэсэг нөхөд тасганы овоон дээр хөшөөг нь барьж байна гэнэ. Сангийн сайдын тайлбараар бол ийм л юм болж.

Татварын төлөгчдийн 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихыг олон нийт эсэргүүцэж төр засагт бухимдлаа хаяглалаа. Гэтэл төр засаг ч ард түмэнтэйгээ нэг тал байсан төдийгүй ийм үр дүнгүй төслийг зогсоох ёстой гэж үзлээ. Бүгд нэг тал болоод нөгөө талаа хайж эхэллээ. Хэн ийм төсөв батлуулаад, хэзээ ийм барилга баригдаад эхэлснийг хэн ч мэддэггүй. Бүхэл бүтэн 32 тэрбум төгрөг “хусна” гэдэг “том гарын ажиллагаа”. Үүний эзнийг заавал олох ёстой.

Юуны өмнө Соёлын сайд Ч.Номинг буруутгав. Гэтэл мань сайд “надаас өмнө эхэлсэн ажил, цаашид энэ хөшөөнд мөнгө зарцуулахгүй” гэж баатарлагаар мэдэгдэв. Тэгэхээр Ч.Номин сайд энэ бүхэнд хамаагүй ажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ийм юм хийж байхаар халдвартын эмнэлгээ засъя” гэж эх оронч санаачлага гаргав. Уг нь улсын төсвийг 7 сараас нэгтгэж, Засаг дээрээ хэд хэд хэлэлцээд УИХ-д өргөн барьдаг. С.Энхболд сайд мэдээгүй явсныг бодоход нэг бол хуралдаа суудаггүй, эсвэл Засгийн газар дээр ийм юм яригдаагүй бололтой. Хамаг амьтны эрүүл энхийг тэтгэгч Манал бурхандаа мөргөмүү. Халдвартын эмнэлгээ засюу.

УИХ-ын нэр бүхий 3 гишүүн энэ хөшөөг санаачилсан гэсэн яриа гарлаа. Г.Занданшатар, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатарын нэрс дуулдаж эхлэх нь тэр. Гэтэл үүнийг санаачлагч нь бид биш гэж Ч.Хүрэлбаатар мэдэгдэхийн сацуу жинхэнэ гурван гишүүнийг нэрлэлээ. Гэтэл нэр заасан Ш.Адъшаа гишүүн нь “би бараг л биш, П.Цэрэнпунцаг байсан байх шүү” гэж ордны сэтгүүлчдийг баруун жигүүр рүү зүглүүллээ. Сэтгүүлчидтэй халз таарсан П.Цэрэнпунцаг “хэн тийм юм яриад байгаа юм” гэж уурлаж бултав. Энэ зуур УИХ дахь МАН-ын бүлэг “энэ саналыг Засгийн газраас оруулж ирсэн гэж” пал хийтэл мэдэгдлээ. Гэтэл Засгийн газрын сайд нар нь бидэнд хамаагүй биднээс өмнө эхэлсэн ажил гэж арьсаа хамгаалж байх жишээтэй. Л.Оюун-Эрдэнийн өмнөх Засгийн газар юм уу гэтэл Ерөнхий сайдаар нь ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Богд Зонхов” төслийг зогсоох чиглэлийг өглөө. Энэ бүхнээс харахад ямар ч байсан Богд Зонховагийн барилгыг санаачлаагүй хүмүүс нь тодорхой байна.

У.Хүрэлсүх биш, Л.Оюун-Эрдэнэ биш, Г.Занданшатар биш, Ч.Номин биш, Ч.Хүрэлбаатар биш, С.Жавхлан биш, Б.Чойжилсүрэн биш, П.Цэрэнпунцаг биш. Ард түмэн нам засаг нийлж хайгаад эзэн нь олддоггүй ээ.

Сүүлийн хоёр жил золголт цагаан сар тасарч, ном заслаа хийлгэж чадаагүйн улмаас төрийн ордонд буг чөтгөр шүглэсэн. Төсөвт иймэрхүү эзэн биегүй мөнгө суулгадаг албингууд ордноор гүйдэллэх болсон ч гэх шиг.

Тийм юм гэж байхгүй Богд Зонхов чинь төгс гэгээрлийг олсон хүн нэг муу улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгаад, шидийн хүчээр хөшөөгөө босгох нь юу ч биш гэж мэтгэх хэсэг ч байна. Манай түшээдийн элдэв шид албин чөтгөрүүдийг давна уу гэхээс дутах юм байхгүй. Албин чөтгөрүүд төрийн ордонд шүглэвэл зах зээлийн өрсөлдөөнд шахагдан бүр мөсөн анирлах тул арай өөр газрыг сонгох нь ойлгомжтой. Тэгэхээр буг чөтгөрийн биш бурханы тавиулсан төсөв гэдэг нь илүү ортой ч юм шиг.

Богд Зонхова бол “Бодь мөрийн зэрэг”-ийг туурвигч, бурхны шашны аугаа үйлстэн. Лам хүн даруу төлөв байж зурхай төлөг огт тавьж болохгүй гэж номлосон. Уналтад ороод байсан буддын шашныг шинээр сэргээж шарын урсгалыг үндэслэж өргөн дэлгэрлийг түгээсэн хоёр дахь будда билээ. Гэтэл манай бурхны олон шавь нар яг түүнийхээ эсрэг явахын сацуу ард түмний амьдрал тарчигдуу байхад асар их хөрөнгөөр нэг сайн дамшиглаад авлаа. Дамшиглаад зогсохгүй хөшөөг нь барина гэж муухай хулхидлаа. Хүмүүс яахав улс төрчдөд хулхидуулах нь бий л дээ. Харин бурхныг хулхидана гэдэг... бас л чадаж байгаа юм шүү. Энэ бол яалтчгүй шинэ класс. Хулхидах эрдэмдээ бол төгс гэгээрэл, дээд зиндаа. Геннисийн ном ч жижигдэхээр шинэ амжилт.

Бүтэн жил нүгэл хурааж цагаан сарын засал төдийхнөөр ариусдаг хувийн шинжтэй жижиг хулхидалт өдгөө бүлэглэж байгаад шарын шашнаа хулхидах хэмжээнд томорч төгсөрчээ. Газар байтугай хурмаст дамжин хулхиддаг энэ бүлэглэлийн хажууд МАНАН бол нэг муу аргалын утаа, ХОНГИЛ бол зурамны нүх төдий ажээ. Тэднийг бүлэглэл гэвэл ёстой нохойн оцгор. Цавчаа цохио, хор найруулна гэж гурилддаг муу сонирхогчид юмсанж.

Нийтлэлч Г.Мөнхсүх

Б.Отгонбаяр: Улс тунхагласны баяраар 24 цагийн турш суниаж, амжилттай болвол Гиннест бүртгүүлнэ
Б.Отгонбаяр: Улс тунхагласны баяраар 24 цагийн турш суниаж, амжилттай болвол Гиннест бүртгүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.