Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Женкогийн хүмүүсээр “Давхар дээл“-тэй холбоотой гомдлыг Цэцэд гаргуулж, Үндсэн хуулиа өөрчлөх Ардын намын “мэх“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Бурхны хөшөөний буруутанг олж бөөндөө бооролж амжаагүй байхад улс төрийн сэдэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр солигдох бололтой. Өнгөрсөн намаржин Ардын намын дарга нарын ширээ, Төрийн байгуулалтын байнгын хороо хавиар эргэлдсэн ҮХНӨ-ийг тун удахгүй Цэцийн тусламжтайгаар парламентын босго давуулж, эрх баригчид хэлэлцэж эхлэх гэж байна.

Ингэхдээ Ардын намынхан хурган заль хэрэглэж, улс төрийн гоо даамыг утгаар нь нүүчихлээ. Тэр нүүдлийнх нь золиос нь Ардчилсан нам. Намаа золигт гаргагчид нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал хоёр. Алсаас "захиалагч" нь Х.Баттулга болж таарч байх шиг байна. Энэ хоёрыг хаанаас нь ч харсан таг Х.Баттулгын хүмүүс. Х.Баттулга нь яг одоо Ерөнхий сайд, Ардын намын даргад зөвлөж байгаа гээд бодохоор алсаас томоор хөдөлж буй улс төрийн механизм гэмээр. Өөрсдийгөө иргэн хэмээн нэрийдсэн УИХ-ын хоёр гишүүн өчигдөр ҮХЦ-д шүүхийн тухай хууль болон 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн “давхар дээлтэй” холбоотой хэсэг болох 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргасан. Шүүхийн тухай хуультай холбоотой гомдол бол гуя дагуулж хаясан хүзүү. Харин “давхар дээл”-тэй холбоотой заалт нь туйлын хортой, ба хоржоонтой. Тэд мянга сайхан тайлбар хийж, амьдралд үнэхээр “давхар дээлтэй” сайд хэрэгтэй байлаа ч гэсэн Ардын намын улс төрийн “гал"-ыг АН нуруундаа үүрэх нь туйлын утгагүй мунхаглал. Ингэж намынхаа улс төрийн түүхэнд хар толбо үлдээж болохгүй байлтай. Үнэндээ хоёрхон жилийн өмнө өөрчилсөн Үндсэн хуулиа дахиад өөрсдийн гараар өөрчлөх зориг эрх баригчдад байгаагүй.

Одоо харин Ардын намынхан 2016 оны сонгуулийн өмнө ҮХЦ-ээс дүгнэлт гаргуулаад Сонгуулийн тухай хуулиа өөрчилж байсан шиг бага зэрэг “жүжиг” дэглээд л ҮХЦ-ээс хүссэн шийдвэрээ гаргуулна. Эцэст нь 64 суудалтай үнэмлэхгүй олонх Цэцийн дүгнэлтийг УИХ дээр хүлээж авна. Хүлээгээд авчихсан байхад Үндсэн хуулиа өөрчлөх эрх зүйн орчин нь нээгдэнэ. Ийнхүү бараг энэ ондоо багтаж Ардын намынхан Цэцийн дүгнэлт дор Үндсэн хуулиа өөрчилж, сайд нартаа "давхар дээл" өмсгөх болно. УИХ эл үйлдлийг Ерөнхийлөгч хориглохгүй бөгөөд "давхар дээлтэй" сайдуудыг дэмжинэ гэдэг байр сууриа саяхан нэгэн уулзалтын үеэр илэрхийлсэн.

Мөн Т.Доржханд тэргүүтэй Ардын намын "охин" нам гэгдээд буй ХҮН-ынхан ойрын өдрүүдэд "сонгуулийн тогтолцоог өөрчил" гэж нэхэл хатуу үглэсээр ҮХЦ рүү гүйдэлтэй болсон нь зүгээр нэг цаг хугацааны давхцал огт биш. МАН-д хэрэгтэй шийдвэр бүрийг гаргуулахаар Цэц рүү бариад явдаг болсон ХҮН-ынхан энэ удаад бас АН-ынханд хүч нэмж "багын" тоглолт хийхээр зэхэж байна.

Харин эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилж дөнгөвөл хоёр ба гурваас дээш сонгогдсон гишүүдэд нэн түрүүнд сайдын суудал хуваарилна гэх зарчмын байр суурь дээр тохирсон. Гэхдээ гурав сонгогдсон хүмүүсээсээ өмнө нь Ерөнхий сайд байсан хүмүүс болон олон удаа сайд даргаар ажилласан Н.Энхболд зэрэг хүмүүсийг энэ удаад өнжөөхөөр ярилцаж эхлээд байгаа. Товчоор бол өнгөрсөн хугацаанд хоосон явж ирсэн хоёр ба гурав сонгогдсон МАН-ын гишүүд нэн түрүүнд сайдад горилж, "хоолтой" залгана.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
 
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.