Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Бямбажаргал: Богд Зонхова нь Төвд хүн гэхээсээ илүү Монгол хүн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 44 секунд

"Богд Зонхова" бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барьж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл бурханы шашин нэлээдгүй хөгжсөн манайхан эхлээд Богд Зонхова гэж хэнийг хэлээд буйг нарийн мэддэг болсон нь илүү ач холбогдолтой ч байж магадгүй. Тэгвэл Богд Зонхова нь Монгол хүн байсан төдийгүй шарын шашинд сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг зэрэг олон өөрчлөлтийг хийж шарын шашинд судрын ёсыг дэлгэрүүлснээрээ буддын уламжлалт түүхэнд хоёрдугаар Будда, Манзуширийн хувилгаан хэмээгддэг аж. Ингээд түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гандантэгчэнлийн хийдийн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалаас тодрууллаа.

-Сайн байна уу. Ойрын хэдэн өдөр Богд Зонхова бурхны хөшөөтэй холбоотой мэдээлэл ихээхэн маргаан дэгдээгээд байна. Тэгвэл эхлээд бид Богд Зонхова гэж ямар хүн байсан талаар илүү мэдээлэлтэй болсон дээр байх?

-Тэгэлгүй яах вэ. Богд Зонхова нь 1357 онд мэндэлсэн. Төвд хүн гэхээсээ илүү Монгол хүн гэж эрдэмтдийн судалгаа шинжилгээн дээрээс харагддаг. Яагаад Монгол хүн гэж байна вэ гэхээр, түүний аав нь Хөх нуурын Монгол хүн байсан гэдэг.

Монголчууд түүх, газар нутгаа мэддэггүйгээсээ болж маргаан үүсдэг. Бид зөвхөн Өвөр Монгол, Буриад Монгол гэж ярьдаг. Гэтэл цаана нь Дээд Монгол, Хөх нуурын Монгол, Шинжааны Монгол гэж байгаа шүү дээ. Ном эрдмийн дээдэд хүрсэн хүн гэж хэлж болно.

Бурхны шашныг судрын ёс, тарнийн ёс гэж хоёр хуваадаг. Богд Зонховагаас өмнө Төвдөд шашин дэлгэрэхдээ тарнийн ёс илүү дэлгэрч байсан. Богд Зонхова гарч ирснээр судар тарнийн ёсийг хослуулан үзсэн. Винайн ёсон дээр суурилсан шашныг гаргаж ирсэн. Гэхдээ энэ бол шинэчлэл биш бурхан багшийн айлдварыг гаргаж ирсэн гэсэн үг. Шарын шашны дөрвөн урсгал байна. Монголд Богд Зонховын шашин тэр чигээрээ орж ирж дэлгэрсэн байдаг.

Өнөө цагийн шашны гол зүтгэлтнүүд бүгд Богд Зонховын шарын шашныг дэлгэрүүлж байна. Жишээ нь, Далай багш л гэхэд Богд Зонховын шашныг даган, дэлгэрүүлдэг

Дэлхийд гайхагдсан бүтээл туурвьсан хүн шүү дээ. 18 Бодь мөрийн Зэрэг, "Таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи" хэмээх шастир, "Охин тэнгэрийн магтаал", "Парчингийн тайлбар" зэрэг бүтээл туурвисан.

-Мөн энэ олон чухал ном бүтээлийг туурвихаас гадна бидний хамгийн сайн мэддэг:

“Мэгмид зээви дэрчин жанрайсиг,
Дэмид чинбий банбу жамбиян,
Дүгдэн малүй жомзод санвидаг,
Ганжин хайви зүгжин зонхова,
Лувсандагвы шавла чулбаандив” тарнийг зохиосон гэдэг?

-Тийм Мэгзэмийг хүртэл зохиосон. Энэ ном нь хамгийн богино хэрнээ гүн гүнзгий утга агуулгатай ном юм. Түүнийг Богд Зонхова өөрийн багшдаа зориулж өргөн барьсан байдаг. Ийм оройн чимэг болсон эрдэмтэн мэргэн байгаа юм.

-Лам нарын хувцас өмсгөлийг бүтээсэн хүн гэсэн байна билээ?

-Монгол лам хуваргуудын өмсөж буй хувцасыг өндөр гэгээн Занабазар зохиож гаргасан байдаг.

-Одоо удахгүй Зулын 25 болох гэж байна. Энэ нь Богд Зонховатай ямар холбоотой вэ?

-Богд Зонховын их дүйчин өдрийг л зулын 25 гээд байгаа юм. Монголчууд цагаан хоол идэж, буян номын ажил их хийдэг. Энэ өдөр Гандантэгчэнлин хийд хурдаг номнуудаа хурна. Мөн Монголчууд өвлийн идэшээ энэ өдрөөс өмнө бэлддэг бөгөөд малынхаа бөөөрний өөхөөр зулын тос хийж буян үйлддэг.

-Шашны үзэл баримтлалын яг ямар гэж тодорхойлох вэ?

-Үзэл баримтлал нь яг л бурхан багшийн сургаалыг л дагасан хүн. Бусад шарын шашнууд бол иог бясалгалд ч байдаг юм уу ид шид увидас дагасан болчихсон байсан байдаг. Бурхан багшийн айлдсан судрын ёсыг нэг их үзэхгүй, тарнийн ёсыг үздэг болчихсон байсан. Гэлэн сахилыг сахиулж, бурхны шашинд эхлээд нийтийн мөрийг сахиж үзэх хэрэгтэй.

-Сая 32 тэрбум төгрөгөөр Богд Зонховын хөшөөг барих төсөв тавигдсан үүн дээр танайхаас ямар байр суурьтай байна вэ?

-Энэ зүйл манай Гандантэгчэнлин хийдэд бол хамааралгүй асуудал шүү дээ. Гэхдээ лам хүний хувьд номын ёсондоо бурхны хөрөг бүтээнэ гэж байгааг ламын хувиар, болохгүй гэж хэлж болохгүй. Улс төр, эдийн засгийн хувьд бас арай өөр шүү дээ. Яг мэдэх тодорхой зүйл байхгүй байна.

Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Түгжрэлээс үүдэж, автобусууд хугацаандаа ирэхгүй ИРГЭД хэдэн цагаар автобус хүлээж байна
СУРВАЛЖИЛГА: Түгжрэлээс үүдэж, автобусууд хугацаандаа ирэхгүй ИРГЭД хэдэн цагаар автобус хүлээж байна
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.