UBN Story: “Бид “Жинхэнэ эрчүүд“ киногоо хийхийн тулд Alaga&Nyamka пэйжээ нээж байсан“

Ангилал
Ubn story
Хэзээ
2021/11/25
Унших
10 минут 7 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

"Ubn story" булангийн ээлжит дугаарm цахим орчинд өөрсдийн хийсэн хөгжилтэй бичлэгүүдээрээ хэдийнээ олны танил болсон Alaga&Nyamka хамтлагийн гишүүдийг урьж оролцууллаа.

-Ярилцлагын урилга хүлээж авсанд баярлалаа. "Alaga Nyamka" хамтлагаар сонин сайхан ЮУ БАЙНА?

Э.Дорждэрэм: Сүүлийн үеийн сонин гэвэл маш том төслийн ард гарлаа. "Жинхэнэ эрчүүд" ОАУСК-ны ард гараад байна. Оросын албан ёсны эрхтэй киног Монгол хөрсөндөө буулгаад үзэгч түмэндээ хүргэх гээд, тун удахгүй болох нээлтээ хүлээгээд байж байна.

-Киноны зураг авалтыг хэдий хугацаанд авч дуусгав?

Э.Дорждэрэм: Бид Эрдэнэт хотод 55 хоногийн дотор 32 ангийн зураг авалт хийж дуусгасан.

Т.Нямдаваа: 55 хоногт 32 ангийн зураг авалт авна гэдэг амаргүй юм билээ. Бид дөрөв анх удаа гол дүрд ажилласан. Анх удаа ийм том төсөл дээр ажиллаад ард нь гарлаа. Киноны ерөнхий найруулагчаар Маск продакшины МУГЖ Ж.Мөнхсайхан ажилласан. Хамт ажилласан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье.

May be an image of one or more people, people standing, indoor and text

-Бичлэг хийж цахим хуудсаараа цацаад хэр удаж байна вэ?

Т.Нямдаваа: Нэг жил болж байна. Бид "Жинхэнэ эрчүүд" ОАУСК-гоо хийхийн тулд пэйжээ нээж байсан юм. Бид кино хийхийн тулд хүмүүст тоогдох хэрэгтэй байсан. Бага ч болов танигдах хэрэгтэй байсан. Тиймээс бид ярилцаж байгаад эхлээд хүмүүст хүрэхийн тулд "Alaga Nyamka" пэйжээ нээж байсан.

Э.Дорждэрэм: Аравдугаар сарын 5-нд пэйжийн маань нэг жилийн ой болсон. Эрдэнэтэд бид жилийнхээ ойг хийсэн. Бид өмнө ярилцлага өгч байхад бидний зорилгыг сэтгүүлч нар их асуудаг байсан. Тухайн үедээ хэлж байгаагүй ч бидний зорилго энэ л байсан.

Ц.Энхтулга: Энэ төсөл бол бидний хувьд эхлэл. Үүгээрээ бид мөрөөдлийнхөө хамгийн наад талын үзүүрээс л атгаад байгаа нь энэ. Бидэнд төлөвлөсөн хийх ажлууд олон байна. Хийснийхээ дараа л хийсэн гэж хэлье.

Э.Дорждэрэм: Бид 2045 он хүртэл төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. /инээв/

-"Нагнайтал" гэдэг үг нэлээд тренд боллоо. Энэ ямар утгатай үг юм бэ?

Т.Нямдаваа: Гэнэт аманд ороод л ирсэн. Зохиомол үг шүү дээ.

Э.Дорждэрэм: Хүмүүс энэ үгийг ашиглаж байгаа нь мэдрэгддэг. Club house᠌ болон бусад цахим платформуудад "нагнайтал авч байна даа" гэх зэргээр ярьж байгаа нь сонсогддог.

-Та бүхэн нэг анги, эсвэл нэг жилийн төгсөлт үү?

Ц.Энхтулга: Үгүй. Бид дөрөв дөрвүүлээ өөр өөр сургуулийн өөр өөр оны төгсөлтүүд.

Т.Нямдаваа: Бид бүгд урлагийн сургууль төгссөн. Хошин урлагаар дамжуулж танилцсан. МУГЖ Аглуу ах маань Agluu entertainment гэж байгуулж байхад бид анх хамт үүсгэн байгуулалцаж байсан юм.

Э.Дорждэрэм: 2018 оны намар "Хөшиг нээгдэхэд нууц задарна" тоглолтод бид хамгийн анх оролцож, тэнд нэгэнтэйгээ танилцсан юм.

-Бичлэгүүдийнхээ санаа, зохиол зэргийг нэг нь бичдэг үү. Хамтаараа бүх зүйлээ ярилцдаг уу?

Ц.Энхтулга: Хамтлаг учир хамтаараа л ярилцаж бичлэгийн санаа болон бусад зүйлээ хэрхэн хийхээ шийддэг. Нэг нь нэг санаа дэвшүүлэхэд нөгөө нь тэр талаас нь хийе гэдэг. Ганцаараа хийсэн зүйл юм болохгүй шүү дээ.

-Та бүхний хийсэн хамгийн их хүнд хүрсэн бичлэгүүд бол "Хатуу тоглоом" тоглож буй бичлэгүүд. Зарим хүмүүс үзээд бүр итгэдэггүй шүү дээ?

Т.Нямдаваа: Хатуу тоглоом ч тэр, амьдрал дээрээ ч тэр бид үнэн байх гэж хичээдэг. Зарим хүмүүс хатуу тоглоомыг жүжиглэлт гэдэг ч энэ бол жүжиглэлт биш.

Э.Дорждэрэм: Лайв гэдэг утгаараа худал байх боломжгүй. Эвлүүлэггүй лайв шүү дээ.

-Та бүхэн цахим орчинд залууст хандан контент бэлтгэдэг. Үеийн залуус болон дүү нартаа зөв үлгэр дуурайлал болохуйц бичлэгүүдийг хийж байгаа харагддаг. Энэ талаараа дурдвал?

Т.Нямдаваа: Бид урлагийн сургуульд суралцаад, энэ салбарт 7-8 ажилласны хувьд зөвхөн инээдмийн бичлэг хийхийн хажуугаар бусаддаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх гэж хичээдэг. Жишээ нь, хүчирхийллийн эсрэг хэд хэдэн бичлэг хийсэн. Мөн тамхиныхаа ишийг ил задгай хаяхаа больё гэсэн уриатай бичлэгүүд гэх мэтээр хийж байгаа зүйлээрээ дамжуулан нийгэмдээ ээлтэй зүйлс хийхийг зорьдог.

Ц.Энхтулга: Мөн Онцгой байдлын албаныхантайгаа хамтраад гал түймрээс сэргийлэх зэргээр ажилладаг. Үгний цаана үг байдаг гэдэгчлэн наанаа маазарч байгаа ч нийгэмдээ болж бүтэж байгаа болон болохгүй байгаа зүйлсийг дуугарахыг хичээдэг. УОК, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллагын ажилтнуудынхаа хийж буй зүйлсийг дэмжиж оролцдог.

-Өнгөрсөн жилийн хугацаанд хөл хорионы үеэр болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед бичлэгүүдээ хийж байсан. Энэ цаг хугацаанд хэрхэн ажиллаж байв?

Т.Нямдаваа: Цар тахлын хатуу хөл хорионы үеэр бичлэгээ хийх гэж тал талаасаа алхаж очоод цугладаг байсан.

Э.Дорждэрэм: Халуун савтай аарц, цай бариад л алхана шүү дээ. Таарсан цагдаа нартаа үнэн учраа хэлээд гуйгаад л явдаг байлаа. Бүх хүн гэртээ утсаа ухаад сууж байхад бага ч гэсэн инээд бэлэглэе гэсэн үүднээс л цуглаж, бичлэгүүдээ хийдэг байсан.

-Зарим бичлэгүүдээ нэгнийхээ гэрт хийдэг байв уу?

Т.Нямдаваа: Тийм. Бичлэг хийх объектоос гадна бичлэгийн санаагаа ярих газар ч байдаггүй байсан. Машинд, орцонд сууж ярилцдаг байсан. Хамгийн анх мөнгөндөө тааруулаад бид дөрөв продюсертэйгээ ороод хаалгаад хаагаад л таарсан өрөөндөө л цуглаж, бичлэгийнхээ санааг ярилцдаг байсан.

-Сайны хажуугаар саар гэгчээр, та бүхний хийж байгаа зүйлсийг шүүмжилж, доромжлох тохиолдлууд гардаг л байх даа?

Э.Дорждэрэм: Биднийг реклам хийлээ гэж их загнадаг/инээв/. Гэхдээ энэ бол бидний амьдрал шүү дээ. "Арай л их реклам хийж байна. Реклам хийгээд байх юм бол үзэхгүй" гэдэг хүмүүс ч байна /инээв/.

-Түрүүн дурдсанчлан та бүхэн бүгд урлагийн салбарт дор хаяж таван жил ажилласан гэлээ. Манай дийлэнх залуус сургуулиа төгсөөд шууд амжилтад хүрнэ гэсэн бодолтой явж байгаад болит үнэнтэй нүүр тулаад сэтгэлээр унаж, шантардаг тохиолдлууд гардаг. Аливаа ажлыг багаас нь эхлэх нь сайхан байдаг байх?

Ц.Энхтулга: Бид залуустаа ингэ, тэг гэж хэлэх амжилтад хүрсэн мундаг хүмүүс биш шүү дээ. Бид ч бас эхэлж байна. Гэхдээ шатаар алхаж гарахын оронд шууд лифтэнд суугаад дээшээ гарах гээд байдаг залуус байна. Уул руу гарахад яадаг билээ. Түүн шиг гүйвэл ядарна. Дунд нь бартаа саад гарна. Тэр бүрт унаж босно. Больё гэсэн үе ч бидэнд байсан. Болиод төд удалгүй эргээд л нэгдэж байсан.

-Урлагийн салбарынхан ар гэртээ зарцуулах цаг зав багатай байдаг. Та бүхэн ч мөн адил ар гэртээ цаг, зав төдийлэн гаргаж чадахгүй л явна уу?

Н.Номинзул: Тийм шүү. Жишээ нь, сая киноны зураг авалтад яваад ирэхэд Алагаагийн маань хүүхэд мөлхдөг болчихсон байсан /инээв/.

Ц.Энхтулга: Яг үнэн. Саяынх бол нэг л жишээ. Үнэнийг хэлэхэд хүүхдээ унтаж байхад нь гараад л унтаж байхад нь гэртээ ордог.

Т.Нямдаваа: Гэр бүл, ээж аавдаа зарцуулах цаг бага. Төрсөн өдрөөр нь ч байдаггүй тохиолдол олон. Хошин урлагийн жүжигчид Мартын-8-нд ээж, эхнэрээ ч баярлуулж чаддаггүй.

Ц.Энхтулга: Энэ завшааныг ашиглан ар гэрийнхэндээ, эхнэрүүддээ үргэлж биднийг ойлгодогт баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Үзэгч, дэмжигч нартаа хандаж хэлэх үг бий юу?

Т.Нямдаваа: Бидний хоёр жилийн турш хүсэж, мөрөөдөж явсан "Жинхэнэ эрчүүд" ОАУСК маань маргаашаас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кино группын хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэ кинонд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Бид маш их хичээж хийсэн учир үзэгч та бүхэн маань шимтэн үзээрэй.

-Ярилцлагын урилга хүлээн авсанд дахин баярлалаа. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!