Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Даваадалай: “Өөдрөг байгаарай“ цомгийн нээлтээ хийнэ

Ангилал
Ubn story
Хэзээ
Унших
5 минут 20 секунд

"Ubn story" булангийн ээлжит дугаарт "Өөдрөг байгаарай" хэмээх өөрийн анхны бие даасан дуугаа цацаад удаагүй байгаа залуу дуучин Г.Даваадалайг оролцууллаа.

-Ярилцлагын урилга хүлээж авсанд баярлалаа. Залуу дуучин Г.Даваадалайгаар сонин сайхан ЮУ БАЙНА?

-Намайг Г.Даваадалай гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. 2016 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд БНХАУ-ын Шанхайд ажиллаж сурч байгаад корона гарахын өмнөхөн буюу 2019 онд Монголдоо ирсэн.

Энэ хугацаанд дууны уран бүтээлдээ ороод, цомгоо гаргахаар ажиллалаа. Өөдрөг байгаарай нэртэй цомгийн ажил маань 90 хувьтай явж байна. Он гаргаад цомгийнхоо баярыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Саяхан "Өөдрөг байгаарай" гээд өөрийн анхны соло дуугаа цацсан.

-Хөгжимт театрын жүжигчин мэргэжлийн онцлог нь юу вэ?

-СУИС-д нь уг нь дуулаачийн ангид орох гэж байсан юм. Гэтэл Хөгжимт театрын жүжигчний мэргэжлийн рекламыг үзээд шууд тэр ангид орохоор шийдсэн. Энэхүү мэргэжил маань юм юманд хөрвөх боломжтойгоороо бусад СУИС-ийн мэргэжлүүдээс онцлог. Жишээ нь циркийн хичээл, төгөлдөр хуурын хичээл, дууны хичээл дөрвөн жилээр гээд дуулаачийн ангиас дутахааргүй хичээл заадаг.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байв уу?

Жүжигчний мэргэжлээрээ тайз, дэлгэцийн бүтээлд оролцоогүй. Дууны уран бүтээлдээ илүү шамдан орсон. Цомгийн дуунууд болон дүрс бичлэгүүд бүгд бэлэн болсон. Хүмүүст хүргэж, цацах л үлдээд байгаа юм.

-Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан уу?

-Нэгдүгээр ангиасаа л урлагийн үзлэгт ороод, дунд ангиасаа Яргуй наадам, Дуулахуй зэрэг аймаг орон нутгийн, улсын дууны тэмцээн уралдаанд их ордог байсан. 10 дугаар ангидаа ОХУ-д зохион байгуулсан хүүхдийн фестивальд оролцсон юм. Тэнд Ч.Лхамсүрэн гуайн Хүрэн морь найраглалыг жүжиглэсэн тоглолт болгоод гол дүрийн хүүгийн дүрд тоглоом гранпри шагналтнаар тодорсон. Гэтэл багш маань "Дуу яах вэ. СУИС-ийн жүжигчний ангид ор. Жүжигчний ангид ч бас дууны хичээл ордог" гэж хэлж байсан юм. Тэгээд л жүжигчний ангид орсон.

No description available.

-Таныг морин хуур тоглодог гэж сонссон. Хэзээнээс энэ хөгжмийг тоглож эхэлсэн бэ?

-Тавдугаар ангиасаа эхлэн морин хуур тоглосон. МУУГЗ М.Довчин багшаараа морин хуур заалгаж байсан. Нэг гудманд байсан учир гэрт нь ороод заалгадаг байсан. Өдөр хичээлээсээ ирж, хувцсаа сольж, цайгаа уугаад л хуураа үүрээд багшийндаа очдог байлаа. Өдөржин хуураа бариад л сууж байдаг хүүхэд байсан даа.

-Яагаад заавал морин хуур гэж?

-10 жилийн сурагч байхад зөвхөн дуулдаг л байсан юм. Гэтэл найзууд маань дуулахаас гадна янз бүрийн хөгжим тоглодог, уртын дуу дуулдаг, бүжиглэдэг. Түүнээс болоод ямартай ч нэг хөгжим тоглож суръя гэж бодсон юм. Гэтэл аав маань өөрийн урласан хуураа надад бэлэглэсэн юм. Аав минь тэр үед "Хуур бол Монголын үндэсний хөгжим. Миний хүү энэ хөгжмийг заавал тоглож сураарай" гэж хэлж байсан юм. Тийм ч учраас нэг талаараа аавынхаа захиасыг биелүүлж байгаа юм. Нөгөө талаараа заавал очин үеийн хөгжмийн зэмсэг гэхээс илүүтэйгээр ардынхаа өв соёлыг авч үлдэхийн хуур тоглодог. Бид л эдгээр зүйлсээ өвлөж авч, үр хүүхдүүддээ зааж сургах ёстой гэж боддог.

-Аав тань хуур урласан гэлээ. Ер нь гэрийнхэнд тань урлагийн хүн бий юу?

-Байхгүй. Аав минь юм юманд гарын дүйтэй, нэг нухаад суухаараа дуусгаж байж санаа нь амардаг хүн юм. Урлаг талаасаа аавын эмээ л уртын дуу дуулдаг хүн байсан гэдэг.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсөлд ойрын зорилгоосоо хуваалцана уу?

-Энэ сарын 29-нд миний төрсөн өдөр болох юм. Энэ өдөр өөрийнхөө хоёр дахь уран бүтээлээ цацахаар бэлдэж байна. Ер нь цаашдаа хийх уран бүтээл ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Он гараад нэг дуу, цомгийн нээлтийн өмнө нэг дуу зэрэгтөлөвлөгөө бий. Түүний дараагаар цомгийн баяраа хийнэ. Түүний араас тоглолт зэрэг төлөвлөсөн ажлууд байгаа.

-Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Танд урлагийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Эрээн-Замын-Үүд чингэлэг тээвэр солилцох туршилт хилийн 0 цэг дээр эхэлж байна
Улс тунхагласны ойн барилдаанд улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.