Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 4 секунд

“Сайд авах уу, сайд томилох уу” гэх асуултыг өөртөө тавьсан Ардын намын УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, намын даргатайгаа ойлголцсоноор эрх баригчдын дотоод улс төр “гацаанаас” гарсан талаар өмнөх нийтлэлээрээ өгүүлсэн.

Тэгвэл тохирч, бас тонгорч өнөөдрийн өөртөө давуу тал үүсгэсэн Л.Оюун-Эрдэнэ намын Их Хурал болон дараа нь өрнөх улс төрдөө хэд хэдэн бодлогын өөрчлөлт маягийн зүйл хийх бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ Ардын намын даргын хувиар боловсон хүчний том интервенц хийхээр бэлтгэж эхэлжээ. Тодруулбал,

  1. Засгийн газрынхаа сайдуудыг солих;
  2. Нэг яамандаа 5-6 жил Төрийн нарийн бичгийн дарга нар хийсэн хүмүүсийн тал хүртэл хувийг нь сэлгэн томилох;
  3. Агентлаг, ТӨҮГ болон ТӨК-иудад 2016 хойш дарга, захирал хийсэн хүмүүсийг чөлөөлөх гэсэн үндсэн гурван чиглэлээр боловсон хүчний өөрчлөлт, шилжилтийг хийхээр төлөвлөсөн байна.

Сайд нарын хувьд мэдээж нэн түрүүнд өөрчилж, явуулах ёстой хүмүүсийг бүгдийг нь явуулна. АН-ын Ш.Адьшаа, Н.Ганибал болон ХҮН-ын Т.Доржханд нарын ҮХЦ-д гаргасан “Давхар дээл”-ний гомдлоор Цэцээс дүгнэлт авч, үүнийг нь хүлээн зөвшөөрөх замаар Ерөнхий сайд танхимдаа сэлгээ оруулахаар төлөвлөж буй. Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл бараг бүх сайд нараа УИХ дотроос тавих байх. Магадгүй ёсыг бодож ганц нэг ач холбогдол багатай яамдад гаднаас сул сайд тавьж мэднэ. Харин сайдуудад нэн түрүүнд УИХ-д сонгогдсон байдлыг нь харгалзан үзэж 2 ба 3-аас дээш сонгогдсон, өнгөрсөн хоёр жилд хоосон байсан нөхдүүдэд боломж болгох талаар яригдаад эхэлсэн билээ.

2016 онд Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас хойш хамгийн хөл хөдөлгөөн багатай байсан хэсэг бол төрийн нарийнууд. Өнгөрсөн хугацаанд сайдтайгаа таарч тохирохгүй, эсвэл ажлаа хийж чадахгүй цөөн хэдэн төрийн нарийнууд л сандал суудлаасаа салсан. Ихэнх нь хоёр парламент, дөрвөн Засгийн газар дамнаад бууриа сахиж үлдсэн. Тэгвэл эдгээр төрийн нарийн бичгийн дарга нарын бараг тал хувийг нь яамд хооронд нь сэлгэн томилох талаар яригдаад эхэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга нар бол тухайн яамны цаашлаад, Засгийн газрын гол хөдөлгөгч хүч, “уурга” тархиуд байдаг. Төрийн албан хаагчийн статустай эдгээр эрхмүүд яамныхаа “гал тогоог” базаж, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрүүдийг гардан гаргадаг. Энэ утгаараа нэг яам дээр нэг хүнийг 6-гаас олон жил төрийн нарийн хийлгэхгүй гэх бодлогыг баримталдаг. Хэрэв ингэж сэлгэн томилохгүй бол хурган “вант улс” байгуулчих гээд байдаг сөрөг талтай. Тиймээс төрийн нарийнуудыг яамд хооронд нь сэлгэн томилох талаар эрх баригчид удирдлагын туршид яригдаад эхэлсэн байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн намын даргын хувиар хийх боловсон хүчний бодлогын өөрчлөлтийн сүүлийнх нь төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газрууд болон агентлаг дээр өрнөх аж. Дээр өгүүлсэн шиг Ардын нам 2016 онд олонх болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл олон агентлаг, ТӨҮГ, ТӨК-ийн дарга нар томилогдсон албаа тасралтгүй хашиж буй. Ихэнх нь улс төрийн “төлбөр, тооцоо” маягаар томилогддог эдгээр албан тушаалд байгаа эрхмүүдийг одоо чөлөөлж, дараагийн хүмүүст буюу шинэ залуустаа боломж олго гэж шахах аж. Дээр нь өнгөрсөн зунаас хойш Ерөнхий сайдын авлигатай тэмцэх чиглэлд хийж буй тэмцлийнх нь жадны үзүүр энэ хэсэг рүү зүгээр ч нэг чиглээгүй. Тун удахгүй ЗГ-аас оруулж ирэх төрийн өмчит компанийн хуулийг дагаад энэ чиглэлд олон зүйл өрнөх гэж буй. Ялангуяа дарга нарыг нь чөлөөлнө гэдэг яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн намраас хойш яригдах болсон. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт улсын төсвөөс давсан мөнгө эргэлддэг ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлын суудал яг өнөөдрийнх шиг улс төрийн тохироо явуулах гэж энэ байгаа цагт жинхэнэ “баянбүрд”. Тохирооны том төлөөс, бас жийргэвч.

Ийнхүү Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ эдгээр гурван чиглэлд намдаа боловсон хүчний өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ. Товчоор хэлбэл, өнгөрсөн хугацаанд өрнөсөн албан тушаалын хуваарилалтын Л.Оюун-Эрдэнэ гардаж хийгээгүй. Мэдээж зохих хэмжээний оролцоо байсан ч өнөөдрийнх шиг эрх мэдлийг гартаа атгаж, эцсийн шийдийг гаргаагүй юм. Тиймээс ирэх өдрүүдэд тохироонд орсон талуудын эрх ашгийг хангаж, “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” өнгөрөх хариуцлагатай үүргийг тэрбээр гүйцэтгэнэ. Гэхдээ үүнийгээ нам доторх “уураг” тархи, хөдөлгөгч хүч болоод буй генсек Д.Амарбаясгалантай хамтарч гүйцэтгэх нь тодорхой.

Энэ хоёрыг энэ өөрчлөлт, шинэчлэл дээр санал нийлж буй нэг зүйл нь намынхаа улс төрийн индэр дээр 80, 90-ээд оны залуусаа түрэн гаргаж ирэх бодлого юм.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.