Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өглөгийн СОЛИОРОЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Өглөг, буян гэдэг сайхан зүйл. Гэвч хэм хэмжээ нь хэтрэхээрээ нүгэл болчих гээд байдаг урвуу хамааралтайг мартаж болохгүй. Харамсалтай нь, тэнэг жишээ халдвартай байдаг ёсоор монголчууд том, жишиггүй /биологийн насны хувьд хэлж байгаа юм шүү/ ачтан, буянтаны дүрд тоглоцгоогоод удаж байна.

Товчхондоо ядарсан нэгэн зогсож байвал ам руу нь талх зүсч хийгээд сээлфи хийчихэж мэдэх өвчтэй хүмүүс өдрөөс өдөрт олширчээ. Тэдэнд хүний эрх, нөгөө хүний сэтгэл санааны нөхцөл байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж огтхон ч хамаагүй. Дээр доргүй гэр, морь, талх, тариаг хэн илүү бяртай хүчтэй, баян цатгалангаа харуулах гэж буй мэтээр уралдаж тараагаад араас нь зургаа даруулдаг “өвчин” гараад нэгэнт удлаа.

Энэ төрлийн мангар жишээний хамгийн сүүлийн хувилбар Ерөнхийлөгчийн илгээлт дээр тохиов. Уг үйлс нь сайхан зүйл. Гэвч киногоо хэтрүүлж хийгээд сөрөг маягийн пиар болгож орхив. Ялангуяа тэр захирал эмэгтэйн хандлага олон нийтэд огтхон ч таалагдсангүй. Энэ бол түмэн жишээний нэгээхэн хэсэг. Үүнээс илүү тэнэглэл Монголоор дүүрэн.

Бас нэгэн жишээ. Саях нэг ТҮК-ийн ажилтан төрийн шагналт хүртсэн. Эзэн нь бараг өөрөө ч хүсээгүй байхад баахан дуучид, бас нэгэн эмэгтэй мөнгө цуглуулаад ах хүүд өгч орхилоо. Бүр одонгийн найрыг нь ресторанд хийж өгнө гээд нийгмээрээ баахан шуугив. Гэвч хэн ч ах хүүг ийм төрлийн тусламж авахыг хүссэн эсэхийг нягталсангүй. Магадгүй хувь хүний хандлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бид бөөндөө нийлж байгаад “булшилж” орхисон бол яах вэ. Үүнээс гадна яг тэр өдөр ТҮК-ээс өөр хоёр хүн давхар шагнагдсан юм билээ. Нөгөө хоёр нь ч гэсэн ялгагдсан сэтгэгдэлтэй гэртээ сууж байсан бас л тоогүй.

Товчхондоо, өглөг буяны ажлыг заавал уран сайхны аргаар өөрийгөө сурталчлах гэсэн хэрэгсэл болгож болохгүй. Бусдад сайхан сэтгэлээр тусалж дэмжиж болно. Харин нөгөө хүн чинь үүнийг хүссэн үү, нийтэд өөрийнхөө зураг хөргийг дэлгүүлээд ядуу зүдүү яваагаа харуулахыг зөвшөөрөх үү гэдгийг л бодох хэрэгтэй. Хэн ч хүсээгүй байхад баахан ядуугаар нь дуудаад түмэнд зарлаад гүйх нь нэг ёсондоо хүчирхийлэл. Хүний эрхийн мэдрэмж нойл гэсэн үг. Саях гэхэд л гавьяат Э.Цэндбаатарт байр өгөх аян дээр мань эр өөрөө хүсээгүй гэх ойлголт босч ирээд олон нийтийг баахан будлиулаад өнгөрсөн.

Нөгөө талаасаа манайхны энэ их хандив, сэтгэлийн өглөг хэрээс хэтэрч, сошиалд өөрийгөө сурталдах гэсэн мундаг хэрэгсэл болсон. Үүний гороор нэг хэсэг нь буянтаны дүрд тоглох гээд байдаг өвчтэй. Нөгөө хэсэг нь ажил төрөл хийж амь амьжиргаагаа залгуулахын оронд буянтан хүсдэг өвчтэй болоод удлаа. Ерөөс попролын араас орох манай нийгмийн бас нэг “идээ бээр” нь энэ болж байх шиг. Жинхэнэ буян зураг нэхдэггүй юм шүү.

Г.Лхагвадорж

БИЧЛЭГ: Солонгос охид Монгол сурагчийг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд хорьжээ
БИЧЛЭГ: Солонгос охид Монгол сурагчийг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд хорьжээ
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.