Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН-ын ЕНБД П.Ганзориг: Хотын төсөвт гэр хорооллын асуудлууд орхигдож байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 18 секунд

НИТХ-ын Төлөөлөгч, ХҮН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.

-Нийслэлийн төсөв ид хэлэлцэгдэж байна. Та төсөвтэйгөө танилцсан уу. Ингэж асууж байгаа нь УИХ-ын гишүүд улсын төсөвтэйгөө танилцдаггүй баталдагтай холбоотой юм шүү?

-Хотын дарга Нийслэлийн 2022 оны төсвийг өнгөрөгч долоо хоногт НИТХ-д өргөн барьж Пүрэв гаригт эхний хэлэлцүүлэг хийсэн. Маргааш эцсийн хэлэлцүүлгээ хийснээр энэ долоо хоногт төсөв эцэслэн батлагдана. Төлөөлөгчийн хувьд мэдээж төсөвтэйгөө нарийн танилцаж, судалж ажлын хороодын хуралд саналуудаа хэлж, бичгээр хүргүүлж ажиллаж байгаа хэдий ч төсвийг ганцхан долоо хоногийн дотор хэлэлцүүлж батлах нь чамлалттай хугацаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тиймээс НИТХ болон хотын дарга үүнийг онцгой анхаарч төсвийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны асуудлуудтай нягт уялдуулж багадаа хоёр хоногт нухацтай хэлэлцэж батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Мөн энэ төсөв Нийслэлийн дарга нарын төсөв биш Нийслэлийн иргэдийн төсөв тул хэлэлцэх хугацаандаа олон нийтэд нээлттэй тавьж иргэдийнхээ санал шүүмжлэлийг тусгаж ажиллах ёстой.

Ирэх оны төсвийн онцлог гэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой нийслэл болон дүүргийн төсөвт шинэ төрлийн татвар нэмэгдэж байгаа. Мөн замын түгжрэлийг буруулахад Засгийн газраас 420 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа зэрэг асуудлууд байна.

-Төсвийн үрэлгэн байдал нийслэл дээр ч ажиглагдаж байгаа. Жишээ нь нийтийн тээврийн хүртээмж муу байхад дүүжин тээвэрт хагас тэрбумыг зарцуулж байх жишээтэй. Үүнд та юуг хэлэх вэ?

-Төсөв дээр тулгамдаж буй асуудлынхаа эрэмбээр хойшлуулж, хэмнэж болох нэлээд зардал, хөрөнгө оруулалтууд байгаад шүүмжлэлтэй хандаж саналуудаа өгч байгаа. Тухайлбал, таны хэлж байгаа асуудлаас гадна Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулахаар бодлогын хэмжээнд яам байгуулж ирэх оны улсын төсөвт 42 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад Нийслэлийн хэмжээнд 30 хороо нэмж байгуулахаар 13 тэрбум төгрөгийн төсөв тусгасан байх жишээтэй. Хороо нэмж байгуулахгүйгээр энэ төсвөөрөө жил бүр шаардлагатай газар нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ нэмээд явах боломжтой. Төрийн үйл ажиллагааг аль болох цомхон, уялдаа холбоотой, чиг үүргийн давхардлыг арилгаж, технологиор шийдэж байж хурдан шуурхай, хүнд суртал багатай болно.

Нийслэлийн харьяа олон агентлаг, газар хэлтэс, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд байгаа. Ийм байдлаар бүтэц томрох тусам жил бүрийн урсгал зардал ихсэж цаашдаа төсөвт дарамт болно, тиймээс зарим нэг шаардлагагүй, үр ашиггүй Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг даруй цэгцэлж оронд нь хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, тэднийг дэмжих бодлогоо эрчимтэй явуулах шаардлагатай байна.

-Нийслэл хотын авто замын түгжрэл бидний хамгийн тулгамдаж буй гол асуудлын нэг. Үүнээс гадна ямар асуудлуудыг анхаарах ёстой гэж та харж байна?

-Нийслэлийн 2022 оны нийт төсөв 1.5 орчим их наяд төгрөг байхаар төсөвт тусгасан. Үүнээс 800 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдэд зарцуулахаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн төсөвт ердөө 21.5 тэрбум төгрөг тусгасанд шүүмжлэлтэй хандаж гэр хороололд дулаан, цэвэр, бохир усыг тавихад онцгой анхаарч төсвөө нэмэгдүүлээч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас нь буюу 200 мянган өрх амьдарч буй гэр хорооллыг орхигдуулж хотын хөгжлийг ярих, төсөөлөх боломжгүй. Агаарын бохирдол, орчны бохирдол бол зөвхөн гэр хорооллын асуудал биш юм. Нийт нийслэлчүүдийн асуудал шүү дээ.

Цаашид нийслэлийн төсвийг ил тод, шилэн болгох тал дээр анхаарч ажиллана. Жишээ нь ирэх онд нийтийн тээврийн компаниудад 169 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардалд дэмжлэг олгоно. Сүүлийн жилүүдэд ийм байдлаар жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийг олгосоор ирсэн. Гэтэл нийтийн тээврийн чанар хүртээмж, үйлчилгээ нь сайжирсан зүйл байхгүй. Энэ мөнгөний хуваарилалт, зарцуулалт, хяналт үр дүн тийм ч тодорхой биш. Мөн өнгөрсөн хугацааны төлөвлөлтгүй, замбараагүй газар олголтын горыг бид амсаж байна. Үүний нэг жишээ нь 100 гаруй тэрбум төгрөг газар чөлөөлөлтөд зарцуулна. Хаана байрлалтай, ямар хэмжээтэй газрыг, ямар байгууллага хэдээр үнэлээд, яаж нөхөн төлбөр олгоод байгааг ил болгох хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн төсөв шүү дээ, ингэснээр төсвийн үр ашиг сайжирч, шаардлагагүй зардал буурна.

-Нийслэлийн ирэх оны төсөв дээр анхаарах зүйлс, шүүмжлэлтэй асуудлууд зэргийг та нэлээн дурдлаа. Харин та өөрийн зүгээс ирэх оны төсөвт оруулж буй санал санаачилга, төслүүдийн талаар товч танилцуулаач?

Ирэх оны төсөв дээр хэд хэдэн тодорхой саналууд тусгуулахаар холбогдох байгууллага, ажлын хороодод албан бичгээ хүргүүлсэн. Товч дурдвал гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөгөөг тэр болгон анзаарч төлөвлөж ярихгүй байна. Ковидоос бид аливаа халдварт өвчин, цар тахал гарахад бэлтгэлгүй байснаар иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд эдийн засгийг ямар их хохиролд оруулдгийг харсан. Тиймээс үер ус, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт Улаанбаатар хот бэлтгэлтэй байж иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангахад анхаардаг байх ёстой. Тиймээс Туул гол дагасан үерийн далангийн асуудлыг хөндөж ирэх жилийн төсөвт нарийн тооцоо, судалгаа бүхий иж бүрэн зураг төсөл хийлгэх, эрсдэл өндөртэй зарим хэсгийг сэргээн засварлах зардлыг оруулахаар саналаа хүргүүлсэн.

Үүнээс гадна ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байгаа нэг асуудал бол хүүхдийн сургууль, цэцэрлэгийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал. 2021 оны 8 дугаар сарын байдлаар гэхэд 223 хүүхэд зам тээврийн осолд өртөж 28 хүүхэд нас барсан харамсалтай тоо баримт байна. Үүнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангахуйц замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, хурд хэмжигч, цахим торгуулийн систем, гэрэлт самбар зэргийг нэгдсэн стандартаар хангах, түүнд шаардагдах зураг төсөл, тохижилтын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ирэх оны төсөвт саналаа өгсөн.

Цаашид ч татвар төлөгчдийн мөнгө буюу төсвийн хөрөнгөөр хийгдэж буй аливаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хүндээ хүртээмжтэй, хүнээ дээдэлсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана.

“Дельта хувилбарын үед 0.8 хувьтай байсан R утга омикрон хувилбарын үед 2 хувь болж өссөн“
“Дельта хувилбарын үед 0.8 хувьтай байсан R утга омикрон хувилбарын үед 2 хувь болж өссөн“
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.