Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болормаа: Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бүх хүүхдэд манай хаалга нээлттэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 0 секунд

ХБХХЕГ-аас “Бэрх биш ээлтэй” аяныг аравдугаар сарын 3-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл гурван сарын турш зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон ажил хийсэн. Тэгвэл аяны сүүлийн өдөр тохиож, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй оны шилдгүүдийг тодрууллаа.

-Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага тус тус шалгарсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар шалгарсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тусгай хэрэгцээт 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаатай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар шалгарсан танай байгууллагын хамт олонд баяр хүргэе?

-Сайн байна уу. Маш их баярлалаа.

-Арвайхээр сумын “11 дүгээр тусгай хэрэгцээт цэцэрлэг” үүсгэн байгуулагдаж байсан түүхээс хуваалцаач?

-Манай цэцэрлэг анх 2017 онд аймгийн засаг даргын захирамжаар Арвайхээр суманд “11 дүгээр тусгай цэцэрлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Анх 24 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй. 2018 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр өрөгтгөл хийж, гурван бүлэгтэй болсон. Одоогийн байдлаар 2-10 хүртэлх насны 48 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

-Танай цэцэрлэгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бэ?

-Манай цэцэрлэг анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр суралцагч хүүхдүүдийнхээ сурах орчинг сайжруулж, тэдэнд ээлтэй байлгах тал дээр анхаарч ажилладаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин манай улсад дутагдалтай байгаа. Гэсэн ч манай цэцэрлэгийн хамт олон үүнтэй санал нийлээд зүгээр суугаагүй. Багш нараа сэргээн засах үндэсний төвүүд болон бусад цэцэрлэгүүдээр явуулж туршлага судлуулж, сургаж ирсэн.

-Нэг багшийг сургахад хэчнээн хугацаа шаардалагатай байдаг вэ?

-Нэг багш, ажилтныг сургахад хамгийн багадаа нэг жил түүнээс дээш хугацаа шаардагддаг. Манай байгууллага аймаг орон нутгийнхаа дэмжлэгээр багш ажилчдынхаа тогтвортой ажиллах нөхцлөөр хангаж ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Манай аймагт тусгай цэцэрлэгээс гадна тусгай хэрэгцээт сургууль байдаг. Бид аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүдэд боловсрол олгохыг зорьдог. Мөн манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах хүүхэд хамгааллын баг ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмжүүдийг авахад төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сурч, хөгжхөд таатай орчинг бүрдүүлэхийн тулд сум орон нутгийн тамгийн газар болон боловсролын байгуулллагууд жил бүр анхаарч ажилладаг. 2020 онд зургаан сая төгрөгийн тоног төхөөрөмж ирсэн бол энэ жил арван сая төгрөгийн тоног төхөөрөмж ирсэн.

-Танай цэцэрлэг хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авдаг уу?

-Тухайн хүүхэд хүнд, хөнгөн ямар ч төрлийн бэрхшээлтэй байсан хамрагдах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бүх хүүхдэд манай хаалга нээлттэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална
Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.