Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ихэнх зах, худалдааны төвүүдэд эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
3 минут 36 секунд

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын Эрээний хил хаагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гадаадаас орж ирэх барааны импорт бүрэн зогсоод байгаа юм. Урд хөршөөс бүрэн хамааралтай манай улсын хувьд хил хаагдсанаар нарийн ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд тасарч хомстол үүссэн. Мөн эм, эмнэлгийн багаж хэрэгсэл хомстож, яаралтай арга хэмжээ авснаар төдийлөн гайгүй өнгөрсөн. Тэгвэл энэ удаад өвлийн хувцас, гутлын хомстолд ороод байна.

Биднийг Сандэй худалдааны төвөөр ороход гутлын лангуунуудад өвлийн гутал тун ч ховор харагдаж, нийтийн хэлж заншсанаар "хавар, намрын гутал"-нууд өрөөстэй байлаа. Худалдагчид ч мөн өвлийн бараагаа татаж чадаагүй тул лангуугаа хоосон байлгахгүйн тулд арга буюу ингээд сууж байгаагаа хэллээ. Ялангуяа бага насны эрэгтэй хүүхдийн куртик ховордож, эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ.

Худалдагч "Бараа захиалга орж ирэхгүй байгаа учраас гутлын сонголт бага байна. Жишээлбэл, 37,38 размерын эмэгтэй гутал ихэнх лангуунд алга. 37, 38 размерын гутал хайсан хүүхнүүд маш их байна. Энэ жил аравдугаар сарын эхээр эхний ээлжийн бараагаа татсан. Дараагийн захиалгуудаа өгсөн ч одоогоор авч амжаагүй л байна. Хил хэзээ нээх талаар бидэнд тодорхой мэдээлэл огт өгөөгүй. Иргэдийн худалдан авах чадвар ч маш муу байгаа" талаар хэллээ.

Худалдагч "Өвлийн бараагаа татаж чадаагүй. Захиалга хийсэн боловч авч чадалгүй хил хаагдсан. Байсан хэдэн төгрөгөндөө бараа захиалаад хилийн цаанаас ирэхийг нь хүлээж байтал өвөл дуусах нь байна. Хэмжээ загвар хамаарахгүй бүхий л төрлийн гутлын сонголт байхгүй болсон. Одоо зарагдаж буй цөөн хэдэн гутлууд нь өнгөрсөн жилийн үлдэгдэл бараанууд юм. Сонголт бага болохоор хүмүүс худалдаж авах нь бага. Гэхдээ байсан 37, 38 размерын эмэгтэй гутлууд дууссан. Одоо 35, 36, 39, 40 размерын цөөн гутал үлдсэн. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өдөрт зарагдах гутлын тоо эрс багассан. Түрээс төлж лангуу ажиллуулдаг. Бараа байхгүй учраас орлого тасалдаж, банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орж байна" гэлээ.

Мөн УИД-ийн хойно байрлах "Шагай" гутлын дэлгүүрээр ортол өвлийн гутал цөөн байсан бөгөөд 37, 38 размерын эмэгтэй гутал дууссан бөгөөд 35, 36 размерын эмэгтэй гутал цөөхөн байсан юм.

Харин эрэгтэй гутлын хувьд харьцангүй элбэг байгааг худалдаачид онцолж байв.

Хил хаагдах бүрт импортын барааны үнэ өсдөг жишигтэй. Худалдаачдын хэлж байгаагаар үүний нэг шалтгаан нь ачаа тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалдаг байна. Өнгөрсөн жилүүдэд нэг мкуб барааг 500 гаруй юанаар тээвэрлэдэг байсан бол энэ жилийн хувьд 1800 орчим юань болж өссөн байна.

42 настай эрэгтэй ахуйн түймэрт өртөж нас баржээ
Хакухо М.Даваажаргал Гиннесийн таван рекордын эзэн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.