Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Хоёр төрлийн вакциныг хольж  хийлгэсэн хүмүүс Омикрон хувилбарыг туссан ч хөнгөн тусах магадлалтай

Ангилал
COVID-19
Огноо
Унших
17 минут 27 секунд

Гуравдугаар тунгийн хамрагдалт болон коронавирусийн шинэ төрлийн хувилбар болох Омикрон вирусийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Дархлаа сэргээх гуравдугаар тун вакцинд иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Гуравдугаар тунгийн хамрагдалт Улаанбаатар хотод 40 хувь, улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүмүүсийн 39.1 хувь нь хамрагдсан. Зорилтот бүлгийн 18-аас дээш насныхан гэсэн үг. Нийт хүн амын 23 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. Аравдугаар сарын эхээр бид мэдээлэхдээ хүн амын 30 гаруй хувийг хамруулсан тохиолдолд тохиолдлын тоо 80 орчим хувиар буурна гэсэн судалгааг танилцуулж байсан. Шинээр илрэх тохиолдлын тоо 9,10 дугаар саруудад нэлээд өндөр байсан. Эдгээр саруудтай арваннэгдүгээр сарыг харьцуулахад шинээр илрэх тохиолдлын тоо 77 хувиар буурсан. Тэгэхээр гуравдугаар тунг тарьж эхэлснээс хойшхи хугацаанд шинээр илрэх тохиолдлын тоо эрс буурч байна. Нийт хүн амын 23 хувь нь хамрагдахад буурч байгаа нь цаашдаа хамрагдалт нэмэгдвэл шинээр илрэх тохиолдлын тоо бүр л буурна гэсэн үг. Бусад улс орнуудад мөн ийм хандлдагатай байгаа.

-Мэргэжилтнүүд үзэж байгаагаар нийт хүн амын 50 хувь нь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшинд шилжин хэвийн горимд орох боломжтой. Тиймээс дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Шинээр илрэх тохиолдлын тоо хангалттай хэмжээнд хүртэл буураад ирэхээр хэвийн амьдралдаа орох боломж нь илүү нэмэгдэнэ. Бид удахгүй тэр зорилтдоо хүрэх боломжтой гэж харж байгаа. Ойрын үед өдөрт 20-иод мянган иргэн гуравдугаар тундаа хамрагдах болсон. Тиймээс 10-15 хоногийн дараа гэхэд бид нийт хүн амынхаа 50 хувийг гуравдугаар тунд хамруулна гэж харж байгаа. Хэрэв 50 хувьдаа хүрчих юм бол хичээлийг 100 хувь танхимаар орох, урлаг, соёл спортын арга хэмжээнүүдийг зохиох хэвийн амьдралдаа орох боломжтой. Гэхдээ одоо биднээс хамаарахгүй нэг аюул нь Омикрон хэмээх хувилбар гарчихсан. Улс орнуудад заналхийлэл учруулж байна. Омикрон хувилбар маш ноцтой байгааг Өмнөд Африкийн жишээнээс харах боломжтой байна л даа.

6-8 долоо хоногийн дараа дэлхийн улс орнуудад Өмнөд Африкад болж буй үйл явдал давтагдах болно. Бид энэ улс дахь Омикронтой холбоотой тохиолдлын тоо, халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний өөрчлөлт, оношлогооны өөрчлөлт, давтан өвчлөлийг маш анхааралтай ажиглаж байна. Өмнөд Африкад ковидоор өвчилсөн хүмүүс давтан өвдөж байгаа нь эрс нэмэгдсэн судалгааг эхнээсээ гарган ирж байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.

-Гуравдугаар тун Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байгаа нь үнэн үү?

-Омикрон хувилбараас гуравдугаар тун хамгаалах боломжтойг маш олон судалгаанаас харах боломжтой. Түрүүчээсээ энэ төрлийн судалгаануудын үр дүн гараад ирлээ. Вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө лаборторийн орчинд судалгаанууд хийж байгаа. Мөн Их Британийн судалгааны хэд хэдэн институт өчигдрөөс бараг судалгаагаа танилцуулаад эхэлсэн. Ер нь тэдгээр судалгааны үр дүнгээс харахад бүүстэр тун Омикрон хувилбар болон халдвар, хүндрэлээс хангалттай сэргийлнэ гэдэг нь тодорхой болчихлоо. Яагаад гэхээр бүүстэр тунгийн хувьд эсрэг биеийн түвшин нэмэгдэхээс гадна дархлааны гол эс болох Т-лимфоцитийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Үүнийг эрдэмтэд үзэхдээ, энэ эс маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өөрөө Омикронаас халдварласан ч гэсэн маш хөнгөн мэдэгдэхгүй хэмжээнд өвдөх боломжийг бүрдүүлж байна гэж үзсэн. Эрдэмтэд хоёр зүйлийг онцолж байгаа. Нэгдүгээрт,

Вирус мутацид орчихоор цусанд байгаа эсрэг биеүүд танихгүй байх магадлал үүснэ. Гуравдугаар тунд хамрагдсан тохиолдолд эсрэг бие нэмэгдэхээс гадна Т-лимфоцит нэмэгдэнэ. Тэгэхээр эсүүдэд шинээр халдвар орсон ч Т-лимфоцит халдварлагдсан эсүүдийг бүгдийг нь богино хугацаанд устгах, идэвхжилийг бууруулах зэргээр бүүстэр тун хамгаалах гол механизм нь юм. Гэтэл халдварлах чадвар өсөөд байхад вакцины үр нөлөө буурахгүй байна гэж асуугаад байдаг. Тэгэхээр хоёрдугаар шат буюу хүний биед халдвар орсон ч энэ шатанд нь халдварласан эсийг устгах механизм нь маш хүчтэй болсон гэсэн үг. Үүнийг эрдэмтэд түлхүүр ба цоожны зарчим гэж тайлбарлаад байгаа.

Хүний биед Омикрон вирус ороод ирлээ. Түүнд таарсан түлхүүр нь эсрэг биеүүд. Тэгэхээр нөгөө вирус чинь цоожоо өөрчлөөд байна шүү дээ. Түүнийг хүний биед байгаа эсрэг биет буюу түлхүүр таних чадвар буурч байж болно. Гэтэл дархлааны эс буюу Т-лимфоцит 3 дахь тунг дараа тооны хувд олширсон вирусээр халдварласан эсийг богино хугацаанд таних чадвар эрс өссөн тул богино хугацаанд таньж устгана гэсэн үг. Ийм учраас Монголд ч 3 дахь тун хийлгэсэн хүмүүс халдварт өртөхгүй өртсөн ч өөрсдөө мэдэхгүй хөнгөн өвдөөд эдгээд байгаа юм. Омикрон дээр ч ийм байх болно учир нь вирус мутацд орж танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байгаа ч хүний дархлааны систем ч мөн вакцины бүүстэр тунгийн дараа зэрэгцээд өөрчлөгдөж түүнийг таньж устгах чадвар нь сайжирч байна.

-Манай улсын хувьд иргэд өөрсдөө вакцины төрлөө сонгон гуравдугаар тунг хийлгэж байгаа. Тухайлбал, өмнөх хоёр тундаа Синофарм тариулсан бол гуравдугаар тунд ямар вакцин хийлгэвэл илүү нөлөөтэй вэ?

- Омикрон хувилбарын хувьд сулруулсан вируст зориулсан вакцин дээр Пфайзер вакцин тариулсан улс орнуудад ихээхэн давуу тал үүсгэж байгааг Английн засгийн газрын зөвлөх Жон Кэнпбэл хэмээх дархлаа судлаач онцолсон. Вируст сэртэнгийн, гадаргуугийн, цөм уураг гэсэн гурван төрлийн уураг бий. Сулруулсан вирусээр хийсэн Синофарм вакцин хүний биед сэртэнгийн, гадаргуугийн, цөм гэсэн гурван уургийн 20 гаруй төрлийг үүсгэдэг. Гэтэл Пфайзер вакцин сэртэнгийн уургийн нэг л эсийг үүсгэдэг. Гэхдээ маш сайн үүсгэдэг. Тэгэхээр Синофарм вакцин дээр Пфайзер вакцин хийлгэсэн хүмүүст Омикран хувилбар дээр маш давуу талууд үүссэн. Тэр нь монголчуудад ихээхэн давуу тал болж байна. Яагаад гэхээр Омикран хувилбар сэртэнгийн уурагт олон төрлийн мутаци үүсгэдэг гээд байгаа. Энэ хоёр төрлийн вакциныг хольж хийлгэсэн хүмүүс Омикран хувилбарыг туссан ч хөнгөн тусах магадлалтай. Тийм ч учраас Эрүүл мэндийн сайд Дельта давалгаанаас сэргийлэх ба дараагийн мутац хувилбараас сэргийлэх зорилгоор 8 сард Астра 2 араас Астра тун, Синофарм 2 тун араас Синофарм болон эсвэл Пфайзер хийх тушаалыг гаргасан.

-Гуравдугаар тунд хамрагдсан иргэдээс ямар нэг сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байгаа юу?

-Гуравдугаар тунг хийлгэсэн тохиолдолд сөрөг буюу гаж нөлөө илэрч байгааг бүртгэх систем бий. Тэрхүү системд бүртгэгдсэнээр хэвийн хэмжээнд байна гэж үзэж болно. Гаж нөлөөгөө бүртгүүлээд цахим системээс мэдээлэл авч эмчлүүлэх боломжтой. Ноцтой нөлөө илэрсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.

-Хэрэв сөрөг нөлөө илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Сөрөг нөлөө вакцин хийлгээд эхний 15 минутад илэрнэ. Вакцин хийж байгаа цэгүүд дээр бэлэн яаралтай тусламж хүргэх эмч, ажилчид байгаа.

-Энэ аян хэр хугацаанд үргэлжлэх вэ. Хоцорсон тохиолдолд яаж нөхөж хийлгэх үү?

-Гуравдугаар тунгийн идэвхжүүлэлт арванхоёрдугаар сардаа зорилтот бүлгийн бүх иргэдийг хамруулах зорилт тавьж байгаа. Хамрагдахгүй байгаа иргэд идэвхтэй хамрагдах нь зүйтэй. Омикрон хувилбарын дэгдэлт дэлхий дахинд маш ноцтой байдалд хүрч байна. Нэмэлт тун дараа Хүний дархлаа 14-өөс дээш хоногт хангалттай хэмжээнд хүрч эхэлдэг оргил үедээ 40 дэх хоногт хүрдэг . Энэ дэгдэлтээс түрүүлж гуравдугаар тундаа хамрагдаж 14-өөс дээш хоносон байх нь чухал.

-Олон нийт гуравдугаар тунгийн талаар ташаа мэдээлэлтэй байгаа ажиглагдсан. Иргэдэд зөв мэдээллийг хүртээмжтэй хүргэх хүрээнд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед иргэдийн идэвх сайжирсан. Бид сургалт сурталчилгааг ямар л эх сурвалж байна түүгээр дамжуулж байгаа. Бидний сурталчилгаанаас гадна бодит байдал дээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүс халдвараас хэрхэн сэргийлэгдэж буйг өөрсдийн биеэр мэдэрч, харж байгаа учраас иргэдийн хамрагдалт хангалттай сайн байна. Бид заавал хүчитгэж сургалт сурталчилгаа явуулахаас илүү иргэдийн өөрсдийн итгэл үнэмшил чухал.

-Омикрон хувилбарын тархалт хэр хурдацтай байгаа вэ, Хэрэв манай улсад омикроны тохиолдол бүртгэгдвэл гуравдугаар тундаа хамрагдсан хүмүүс айх зүйлгүй гэж ойлгож болох уу?

-Өмнөд африкийн бүгд найрамдах улсад арваннэгдүгээр сарын эхээр Омикран хувилбар гарсан гэж үзэж байгаа. Түүнийг арданнэгдүгээр сарын 24-25-нд илрүүлээд дэлхийд зарлалаа. Түрүү сарын эхээр ӨАБНУ-д шинэ тохиолдол өдөрт 250-300 бүртгэгдэж байж. Арваннэгдүгээр сарын сүүлээр 2500 тохиолдол бүртгэгдэж байсан. Гэтэл яг одоо чамтай ярьж байхдаа харахад 12500 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Энэ юуг харуулж байна гэхээр тохиолдлын тоо цаашдаа нэмэгдэх магадлалтай. Тохиолдлын тоо нэмэгдэхээр вакцины бүүстэр тунд хамрагдсан хүмүүс хөнгөн өвдөх магадлал байгаад байна шүү дээ. Тиймээс вакцины бүүстэр тунд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийн эрсдэл өснө. Дельта хувилбар 12 нас хүртэлх насны хүүхдийн хүндрэл нас баралтад хүчтэй нөлөөлж байсан. Энэ хувилбар вакцингүй хүн амын эрсдлийг нэмж байгаа. Тиймээс ДЭМБ өнгөрсөн долоо хоногт вакцингүй хүмүүсийг гадагшаа аялахгүй байх, вакцинд хамрагдсан ч 60-аас дээш насны архаг хууч өвчтэй, дархлаа сул хүмүүсийг гадагшаа явуулахгүй байх зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын хувьд нэг аюул нь хүн амын дунд зүрх судасны, таргалалт, сахар, диадиз зэрэг хавсарсан өвчтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр. Вакцины бүүстэр тундаа хамрагдсан ч архаг хууч өвчтэй хүмүүсийн эрсдэл их. Вакцинд хамрагдаагүй 30-40 мянган жирэмсэн эмэгтэйчүүд бий. Эдгээр хүмүүс маш их эрсдэлтэй болчихоод байна. Тэгэхээр цаашдаа шинэ давалгаа үүсэхээс сэргийлэхийн тулд бүүстэр тундаа зайлшгүй хамрагдах шаардлагатай. Одоохондоо манайд шинэ хувилбар орж ирээгүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал. Дельтатай адилхан маш том давалгаа үүсэхээс сэргийлж бүүстэр тунд хамрагдах нь зүйтэй.

-Манай улсад вакцины нөөц хэр байгаа вэ?

-Манай улсад одоогоор Файзер вакцины нөөц тодорхой хэмжээгээр байгаа. Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээж авч байгаа улсууд Файзер компани, ДЭМБ-аас захиа ирсэн. Манайд вакцины нөөц хангалттай байгаа ч гэсэн вакциндаа хамрагдах хүмүүсийн идэвх их чухал. Нөөцтэй байлаа гээд тайвшраад байх шалтгаан биш. Вакцинаа тариулна гэдэг чинь маш чухал асуудал. Казакстан улс арваннэгдүгээр сарын сүүлээр анхны Файзер вакцинаа авч байна шүү дээ. Казакстан улс Файзер вакцинаа зөвхөн 12-17 насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүддээ л үнэ төлбөргүй тарьж байна. Бусад хүмүүстээ маш өндөр төлбөртэй тарьж байгаа гэсэн. Бараг 100 гаруй долларын үнэтэй гэсэн байх. Тэгэхээр бидэнд давуу тал үүсээд Засгийн газар нь вакцинаа худалдаад авчихсан. Пфайзер компаниас Ковакс хөтөлбөрийн хүрээнд ороод ирчихсэн энэ вакциныг ашиглаад гуравдугаар тундаа хамрагдаж шинэ давалгаанаас сэргийлэх ёстой. Одоо дельта давалгаа шиг хүчтэй давалгаа эхлэх нь ойлгомжтой болчихлоо. Ковидоор өвдсөн хүмүүс дахиад Омикроноор өвдөх эрсдэлтэй. Тиймээс үүнийг угтаад зайлшгүй бүүстэр тундаа хамрагдах шаардлагатай. Яагаад гэвэл шинэ хувилбар ороод ирвэл бүүстэр тун хийлгээгүй хүний дархлаа шинэ вирус гэж үзэх гээд байна. Бүүстэр тун хийлгэсэн хүмүүст Т-лимфозит нь вирусыг богино хугацаанд танина. Гэтэл шинэ хувилбар нь асар өргөн хүрээнд халдварлах чадвартай болчихсон. Хүний дархлааны системийг таньж амжаагүй байхад нь эсэд нь нэвтэрч ороод маш хүнд өвчлөл үүсгэх магадлалтай. Дельтагаас илүү. Ийм том аюул үүссэн. ӨАБНУ ковидоор өвдсөн 2 сая хүний датан дээр ажиллаад маш олон хүн Омикрон хувилбараар дахиж өвдөж байна гэдгийг зарласан. Дельта болон Ковидоор өвдсөн хүмүүс дахиж өвдөх эрсдэлтэй. Дахин өвдсөн 360 мянга гаруй хүн ӨАБНУ-д 2 сая хүнд дата судалгаа хийхэд гарч ирсэн. Үүн дотроос арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт өвдсөн хүмүүс Омикроноор өвдсөн байх магадлалтай. Түүн дээр үндэслэн ӨАБНУ-аас дельтагаар өвдсөн хүмүүс дахиж өвдөх эрсдэлтэй гэж зарласан. Манайд ч гэсэн дахин өвдөх эрсдэл бий. Энэ нь цаг хугацааны асуудал болсон. Дахиж өвдөхөд хүнд, хөнгөн тусна гэсэн нарийн зүйл байхгүй шүү дээ. Тухайн хүний дархлаа ямар байхаас шалтгаална. Тиймээс бүүстэр тундаа хамрагд гээд байгаа юм.

-Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст илэрч буй сөрөг шинж тэмдэг юу вэ?

-Ковидоор хүнд өвдсөн тохиолдолд тархины эд эс асар ихээр үхждэг юм байна. Үүнээс болоод ой тогтоолт, оюуны чадавх буурдаг. Зүрх өвдөж, зүрхний эд эс асар ихээр үхждэг. Элэг бөөрөнд маш хүнд дутагдлууд явагдана. Хурц дутагдалд ороод бөөрний гол түүдэг үхжиж байна. Элэгний эд эсүүд үхжиж байна. Үүнээс шалтгаалаад эдгээр хүмүүс насан туршдаа уушги, элэг бөөр, тархины хүнд архаг өвчтэй болж байна. Эрүүл мэндээ ингэж хохироох уу, вакцин хийлгээд ДЭМБ-д бүртгүүлсэн вакцинаар өөрийгөө хамгаалах уу. Вакцин бол тухайн өвчин шиг хүнд хор хохирол учруулахгүй. Ковидоор хүндээр өвчилсөн хүмүүс эрүүл мэндээ маш ихээр хохироож байна. Машины осолтой зүйрлэх юм бол авто осолд ороод 2-3 эргээд дугуйн дээрээ босч байна гэсэн үг. 2-3 эргээд боссон машин ямар харагддаг билээ. Түүнийг л иргэдэд ойлгуулах гээд байгаа юм. Ингэтлээ эрүүл мэндээрээ хохирохгүй вакциндаа хамрагдах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа

УОК: Гадаадаас ирсэн иргэд гэрийн хаягаа буруу бичвэл хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай
УОК: Гадаадаас ирсэн иргэд гэрийн хаягаа буруу бичвэл хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай
 
Ц.Анандбазар: Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй
Ц.Анандбазар: Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.