Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн хэвшлээ дэмжих ёстой байтал хүнд нөхцөлийн гэрчилгээ 1.1 сая төгрөгөөр “зарж“ байна

Огноо
Унших
4 минут 25 секунд

Өнгөрсөн намар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар төрийн өндөр албан тушаалтнууд хувийн хэвшлийнхээ зовлонг сонсох ажлыг зохион байгуулсан. Төрийн гурван өндөрлөг нь аж ахуйн нэгжийнхээ үг бүрийг сонсож, хичээнгүйлэн тэмдэглэж аваад л дахиж та нарыгаа зовоохгүй гэж амлаад буцаасан. Одоо л нэг юм цаг сайхан болох нь гэтэл бүгд байдал бахь байдгаараа. Бүр хуучнаасаа дордлоо.

Цар тахлаас болоод хил гааль хаагдаад ачаа бараагүй ч үгүй, мөнгө ч үгүй болсон аж ахуйн нэгжүүдийг төрийн дунд шатныхан улам цусыг нь холихоор шийджээ. Тодруулбал төрийн байгууллагаас зарласан тендерт оролцож гэрээ байгуулсан компаниуд хугацаандаа ажлаа хүлээлгэж өгч чадахгүй хүнд байдалд нийтээрээ оржээ. Энэ жил төрийн байгууллага 21118 ажил үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авч байгаа. Гэтэл тэдний дийлэнх нь хугацаандаа бараа үйлчилгээгээ өгч чадахгүй нөхцөл үүсээд байгаа аж. Хил гааль хаагдсанаас болж хувийн хэвшлийнхэн ачаа бараагаа татаж чадахгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой бодит байдал. Гэтэл энэ бодит байдлыг нотлохын тулд МҮХАҮТ-аас хүнд нөхцлийн гэрчилгээ заавал авах ёстой гэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн хүрээнд захиалагч тал гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг нь сунгах эрхтэй байдаг. Гүйцэтгэгч тал нөхцөл байдлаа тайлбарлаад захиалагч нь гэрээг нь сунгаад явж болоод л ирсэн. Гэтэл тэгэхээс тэгнэ гэж байгаа юм шиг цар тахлын хүнд үед хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан гэрээгээ сунгахын тулд заавал хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авчир гэсэн шаардлагыг тавих болжээ. Хэрвээ ийм гэрчилгээ байхгүй бол гэрээгээ хугацаанд нь биелүүлээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно.

Хүнд нөхцөл буюу давагдашгүй нөхцөл байдалд орсны гэрчилгээг МҮХАҮТ компаниудад гаргаж өгнө. Бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой энэ байгууллага эсрэгээрээ бизнесийг боомилж буй төрийн албан тушаалтнуудын хүнд суртлыг дэвэргэж хүнд нөхцлийн гэрчилгээгээр бизнес хийж байгаа нь хэр ёс зүйтэй алхам бэ?

Аж ахуй нэгж уг гэрчилгээг авахын тулд 100 мянган төгрөг урьдчилж тушаагаад судлуулна. Хэрвээ энэ гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэж үзвэл 30 хоногт гаргаж өгнө үйлчилгээний төлбөр нь 550 мянган төгрөг. Яаралтай журмаар бол 7-14 хоногт гаргаж өгнө үйлчилгээний төлбөр нь 1.0 сая төгрөгийн ханштай байна. Товчхондоо, элгээрээ мөлхөж, эдийн засаг нь сүйрч буй аж ахуйн нэгжүүд 600-1,100,000 сая төгрөгийг зарцуулж байж өөрсдийнхөө дампуурах гэж буйгаа МҮХАҮТ-аар нотлуулна гэсэн үг.

Давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа нь ирэхгүй байгааг эрүүл ухаантай хүн бүр л мэдэж байгаа. Зуд болоход ноход л зоолдог гэдэг шиг “сэхээнд” орчихсон хэдэн аж ахуйн нэгжүүдээ нэг мөр алахаар сэтгэл шулуудсан бололтой. Уг нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан худалдан авах гэрээний жишиг баримт бичигт давагдашгүй хүчин зүйл тулгарвал гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасан байдаг.

Ерөнхий сайд та шинэ боомт энэ гэж ярихаасаа урьтаж одоо байгаа боомтуудынхаа учрыг олж нээмээр байна. Мөн хуулиар заавал шаардаагүй бичиг баримтыг нэхэж хувийн хэвшлийнхээ шархан дээр давс асгаж байгаа энэ мэт төрийн дунд шатны хүнд суртлыг таслан зогсооход эр зориг зангарагаа харуулмаар байна.

Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.