Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн даргаар сонгож, шүүхийн шинэчлэл “ээ бүүвэй“ боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

Хяслантай юм шиг, Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ийн даргаар томилогдох байх гэж долоо хоногийн өмнө бичиж байсан санагдана. Үүнээс зургаа хоногийн дараа ШЕЗ хурлаа хийж шинэхэн гишүүн Д.Зүмбэрэллхамд тамга тэмдэгээ атгуулж орхилоо.

Байнгын хорооны хурал дээр Ш.Раднаасэд гишүүн “та ШЕЗ-ийн дарга болох гэж зүтгээд хэрэггүй шүү” гэж хэлсэн үг ч цаанаа учиртай байж.

Ардын намынхан төрийн албаны зөвлөлд мөрөөрөө сууж байсан Д.Зүмбэрэллхамыг хүчээр оруулж ирсэн нь анхнаасаа л даргаар нь томилоод шүүхийн шинэчлэлийг замруулах зорилготой байсан. Бүр хамгийн өндөр оноотой нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг унагасан үйлдэлд нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ихэд бухимдаж суугаа харагдсан. Шүүхийн шинэчлэлийг хийхийн тулд Б.Энхбаяр тэргүүтэй Ардын намын хуульч гишүүд нэлээдгүй даваа бэрхшээлийг давсан. Уг нь хууль номоороо бол ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй CV-тэй байх ёстой байсан юм.

Гэвч яг эцсийн мөчид “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр нам нь бодлогоор Д.Зүмбэрэллхамыг хууль зөрчөөд оруулаад ирсэн нь шүүхийн шинэчлэлд саад цондон болох муу бүхний эхлэл байж ч мэднэ.

Учир нь аливаа шинэчлэлийг хийхэд сайн бодлого хэрэгтэй. Харин тэр бодлого нь хүнгүйгээр урагшаа нэг ч алхахгүй. Хичнээн сайн хууль, хичнээн сайн бодлого байлаа ч хуучин арга барил, бусдын дохио зангаа байгаа цагт энэ бүхэн нохойн замаар орох нь дамжиггүй. “Цус ойртож”, авлига хээл хахуульд нэрвэгдсэн шүүхийн салбарыг шинэчлэхэд шинэ хууль, шинэ хүн хэрэгтэй байлаа. Тэр тусмаа хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, өнгөрсөн 30 жилд шүүх засаглалд өрнөсөн муу муухай идээр бээрийг зоригтойгоор шахаж чадах залуу боловсон хүчнийг л олон нийт хүсч байв. МАН даанч шүүхийг шинэчлэхийг хүссэнгүй.

МАН-ынхан өөрсдийгөө хамгийн их боловсон хүчний нөөцтэй, 220 мянган гишүүд дунд маань алт ч бий, мөнгө ч бий томордог. Алдаад байх зүйлгүй шахуу нэгнийг зүтгүүлж ширлэсэн нь хуулийн талын боловсон хүчний нөөцгүй нам шиг үнэхээр муухай харагдуулж байна. Хэдийгээр нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж байгаа ч гэсэн эцсийн “виз”-ийг УИХ олгох тул энэ хүмүүсийн ард олонхыг бүрдүүлж буй Ардын намын улс төр заавал явж байгаа.

ШЕЗ-ийн шинэ дарга Д.Зүмбэрэллхамын хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдож Ардын намынханд төрийн албыг төрлийн алба болгох шавийг тавьж өгсөн “гавьяат”-нуудын нэг. Түүний үед л төрийн албаны сонгон шалгаруулалт дампуурч, дарга нарын хүүхэд дарга болдог балиар жишиг тогтож эхэлсэн.

Ийнхүү Ардын намын гишүүд намтайгаа нийлээд Д.Зүмбэрэллхамд өрөө төлчихлөө. Товчхондоо, Б.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилж явсан шүүхийн шинэчлэл “ээ бүүвэй” боллоо.

Хүний эрх зөрчсөн албан тушаалтанд ЕХ хориг тавина
Хүний эрх зөрчсөн албан тушаалтанд ЕХ хориг тавина
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.