Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар одоо л жинхэнэ шалгуурынхаа өмнө ирлээ

Огноо
Унших
4 минут 20 секунд

“Сайн моринд эзэн олон” гэгчээр Риогоос ирсэн захидлыг Монгол дахь албан ёсны бүх попчид өөртөө “хаяглаж”, “бид яллаа, аллаа” гээд өчигдөржингөө балайрцгаалаа. Гэхдээ энд хэн нь илүү гавьяатайг шүүж, ялгах гэсэнгүй. Харин ойгүй их улстөржилтийн хэм хэмжээ энэ удаад ч бас хэтэрч, овоо нэг зөв зам руугаа хазайсан том төсөл дахин “нохойн замаар” орох вий гэх агуулгаар хэдэн үг хэлхье.

“Нэг жаран”-ны өмнө эхэлсэн энэ төсөл алдаа, оноогоо хослуулан өнөөдрийг хүртэл 12 жилийг үджээ. Автор нь С.Баяр, С.Баярцогт нар дээр бичигддэг ч замдаа Ч.Сайханбилэгийн гараар орж шүүмж, дайн хоёр нь улам дийлдэхээргүй болсон түүхтэй. Оюу толгойн гэрээ зурагдсан өдрөөс эхлээд л манай нийгэмд “баатар”-уудыг вагон, вагоноор нь “төрүүлсэн”. Тэгвэл 12 жилийн дараа өнөөх Оюу толгойн асуудлаар Рио Тинто анх удаа буулт хийж, бизнесийн тохиролцоонд хүрэх саналыг манайд тавилаа. Энэ бол Засгийн газрын үр дүнтэй ажилласан томоохон ажлуудын нэг байлаа. Ажлын хэсгийнхэн 34 хувийн өрийг тэглэхээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлийг аудит оруулж шалгуулах. Мөн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, Дубайн гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагчдаар гаргуулав. Гэхдээ хэлэлцээр дуусаагүй гэдгийг сануулах нь зөв. Хаа очиж захиа занаагаар тохиролцох хүсэлтээ явуулсан хойно Риогийнхон арай ч новширчихгүй байх. Харин ажил нь дуусаагүй байхад Монголоор нэг Оюутолгойг ялсан, гавьяа байгуулсан “баатар”-ууд арай дэндүү хэт олширч, дахиад л тэнэглэцгээж эхлэв.

Өөрөөр хэлбэл, жинхэнэ гавьяа байгуулсан Засгийн газар одоо л жинхэнэ сорилтод орох болно. Хэдийгээр алдаа дутагдалтай ч гэсэн Оюу толгой төсөл өнөөдрийг ДНБ-ийн 12 хувь, ирээдүйд 30 хувийг дангаараа бүрдүүлнэ. Мөн манай “баатарууд”-ын баруун солгойгүй цацдаг улсын төсвийн орлогын 10 хувийг жилд дангаараа бүрдүүлдэг мөнгөний хүүдий.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ бүх тоон үзүүлэлтийг давах, С.Баярын байгуулж байсан гэрээнээс илүү боломжийн эрх зүйн орчинг бүрдүүлэх хариуцлагыг хүлээж буй юм. Айлын талын ирүүлсэн гэнэтийн захидлыг дагасан улс төрийн тоглолт, олон арван шийдлүүдийг Засгийн газар одоо л боловсруулах ёстой. Алдаа гаргавал С.Баяраас ч дутахгүй хэмлүүлнэ. Онож хийвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд бүх иргэдээ вакцинжуулснаас илүү гавьяаг жинхэнэ утгаараа байгуулна. Хэрвээ хөрөнгө оруулагч талын хэлснээр Дубайн гэрээг цуцалж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2022 оноос эхлүүлнэ гэвэл Засгийн газар шаардлагатай мөнгөн хөрөнгийг босгох шаардлага үүснэ. Эсвэл энэ асуудлаар хөрөнгө оруулагчидтай ямар нэгэн шинэ тохироо хийх үүрэг гарч ирнэ.

Нөгөө талдаа Рио шиг үндэстэн дамнасан аварга компанийн хувьд манай улс ч, Оюу толгой ч жижиг асуудал. Оюу толгойгоос ч дутахгүй нүүрс, зэсийн орд газруудыг ашиггүй гэж үзсэн даруйдаа төслийнхөө дундаас хаяад гарч чаддаг компани. Ядаж л буулт хийсэн Риогийнхон цаанаа ямар “хөзөр” ханцуйдаа нуусныг хэн ч мэдэхгүй. Үндэстэн дамнасан энэ том корпорацад манайх шиг Засгийн газар бол “үдийн будаа”. Тиймээс нэг алхам ухраад хоёр алхам урагшлах төлөвлөгөөг нь хамтдаа төсөөлөх нь зүйтэй.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу Толгойн асуудлаар одоо л жинхэнэ шалгуурынхаа өмнө ирлээ.

Шинэ уран бүтээл: Т.Ариунаа, Thunder нар “Цасан аялгуу” дууг шинэчилж дуулжээ
Шинэ уран бүтээл: Т.Ариунаа, Thunder нар “Цасан аялгуу” дууг шинэчилж дуулжээ
 
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.