Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спортоос давсан бидний БАЛАЙРАЛ тэднийг ХОРЛОСОН

Ангилал
Спорт
Огноо
Унших
7 минут 3 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаяр багийн найзаа зодон хүнд гэмтээж олон түмнийг маш их гомдоосон. Эцэст нь түүнийг нийгмээрээ шүүх гэж байна. Үүнтэй холбогдуулан зарим зүйлсийг хэлэхгүй бол болохгүй нь.

“Түмний хайр хүндэтгэлийг даасангүй” “бөхийн жудгаа умартлаа” гэж ирээд л дайрсан, шүүмжилсэн уртаас урт постууд цахим сүлжээгээр хөвөрч л байна. Монголчууд өөрсдийгөө бөхөд хайртай ард түмэн гэдэг. Ер нь дэлхийн бүх улс үндэстэнд өөрийн гэсэн үндэсний хайртай спорт байгаа болов уу. Гэхдээ тэд тамирчдынхаа хөлсийг долоодоггүй, алгадуулбал адис авлаа гэдэггүй, хотын дарга, Ерөнхий сайд бол бүр болгохгүй. Харин Монголд Ерөнхийлөгч, хотын дарга, УИХ-ын гишүүн, аймаг сумын засаг дарга гээд дүүрэн бөхчүүд нийгмийн оюун санааг манлайлж, улс орныг удирдаж байх жишээтэй. Энэ жишгээр бол АНУ-ыг НБЭ-гийн харууд, европыг аваргуудын лиг, японыг сумочид, хятадыг ширээний теннисчид нь удирдах ёстой.

Гэвч соёлт хүн төрөлтхөн хөдөлмөрийн хуваарьтай. Сайн бөх бол сайн л бөх. Гэтэл бид спортын үнэлэмжээс нь давсан хийморь лүндээ, өв уламжлал зэрэг хийсвэр ойлголтонд мухраар хөтлөгдсөөр. Бөхчүүдээ бараг л амьд очирваань лугаа адил мөргөх нь холгүй хөөргөсөөр зүй ёсны энгийн харилцаанаас тасалж орхижээ. Ухаан алдталаа алгадуулчихаад “аваргаасаа адис авч хийморь сэргэлээ” гэж тэнэглэнэ. Агсам согтуу тавихаар ааг бяртай өнгөтэй барилдахын бэлгэдэл ч гэх шиг. Энд тэнд хийсэн зодоон цохионыг нь амнаас ам дамжин ярьж домогжуулна. Бараг л херкулэсийн домог шиг шагшран магтана.

Гэтэл аль Арлын Японд Ёкозүна Хакухо түүхэнд хамгийн олон удаа макүүчид түрүүлсэн Ёкозүна цолтой хэдий ч зодог тайлсны дараа дасгалжуулагч болох ажлынхаа төлөө холбооныхоо хар хөх өнгийн хамгаалалтын хувцас өмсөж, тэмцээний танхим доторх хамгаалагчийн ажлыг хариуцаж байх жишээтэй.

Ерөөс аливаа зүйл байх ёстой байрнаасаа халихаар утгаа алддаг. Өнөөдрийн бөхчүүдийн овилоггүй ааш, жудаггүй зан бол манай нийгмийн мухар сүсэг, уламжлалаа зүй бусаар дэлгэрүүлж хөгжүүлж байгаагийн үр дүн. Өөр спортын жирийн нэг тамирчин ийм хэрэг хийсэн бол нийгмээрээ ингэж хөөсрөхгүй. Ингэж хөөсөрч байгаагийн эсрэг талд яг тэр хэмжээний мухар сүсэг байгаа хэрэг.

Асуудал таталсан анхны бөх Н.Түвшинбаяр биш. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө Улсын аварга Э.Оюунболдод мөнгө зээлдүүлсэн иргэн О түүнд зодуулаад, мөнгөө авч чадахгүй, цагдаа, шүүхээр яваад дийлэхгүй байгаа тухайгаа ярьж байв. Гэтэл түүнийг шалгадаг, хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллага гэж алга. Допинг хэрэглэсэн нь тогтоогдож шүүхээс цолыг нь хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан боловч Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч хариу өгөлгүй жил тойрч байж сая нэг шийдвэр юм гаргасан. Замын цагдаа зодсон, бааранд зодоон хийсэн, хоорондоо зодолдсон гээд ойрын хугацаанд тавьдаргүйтсэн бөхчүүдийн жагсаалтыг гаргавал уртаас урт үргэлжилнэ.

Жирийн нэг иргэн, эсвэл өөр спортын тамирчин хүнийг согтуугаар хүнд гэмтээсэн бол баривчлагдаад, 461-т саатуулагдах хүртэл нэг их удахгүй. Гэтэл Н.Түвшинбаяр согтуу машинаа унан зугтаж, хувийн эмнэлэгт хонож, маргааш нь байцаалт өгөөд саатуулагдахгүй нууц хаалгаар гараад явсан байх жишээтэй. Даруй есөн сарын хугацаа өнгөрсөн байхад Э.Энхбат эмнэлэгт, харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Н.Түвшинбаяр гадуур эрх чөлөөтэй алхаж явсан. Э.Оюунболдыг Монголын шүүх, цагдаа хайгаад олохгүй 5 жил болж байгаа гэдэг. Ийм поседион бурхан шиг чигээрээ, дураараа хүмүүсийг бид мухар сүсгээрээ бүтээсээр байна.

Философич С.Молор-Эрдэнэ “Ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу , том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоо­лыг иддэг нэг иймэрхүү л хүүх­дүүд бөх болдог биз дээ. Дунд сургуу­лиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болох­гүй нь цэрэгт явна. Ирээд том том га­зар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүү­сийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруу­дад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгай­тай байдаг юм” гэж нэгэнтээ хэвлэлд ярьсан удаатай. Хэтрүүлэл бий ч энэ бол бодит байдлаас нэг их холгүй яриа. Бөх гэхээр жудагтай, нуруутай хүн сүсгээр төсөөлөгддөг бол амьдрал дээр аархсан, дээрхсэн, бүдүүлгээ гайхуулсан улсууд түгээмэл таарна.

Бөхчүүдийн нөгөө талд уяачдийн мафижсан сүлжээ шахуу бүлэглэл байна. Улс төрч судлаач Д.Бадамдаш “Монголын хамгийн том нам бол морин спорт уяачдын холбоо” гэж мөн хэвлэлд ярьсан байдаг. Мөн л Монголчуудын уламжлалаа зүй бусаар хөгжүүлдэг, мухар сүсгийн өрөөсөн дугуй. Улс үндэстэн бүр уламжлалтай. Гэхдээ уламжлалыг санаж, хамгаалах түвшинд л байдаг болохоос манайхан шиг зүй бусаар дэлгэрүүлэн хөгжүүлж ирээдүйгээ хөнөөдөггүй. Өчигдрөөс илүү маргаашаа шинжилж хүний ертөнц урагшилдаг. "Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг. Эргээд өнгөрсөн рүүгээ орно гэсэн үг" гэж Адмон группын Ерөнхийлөгч Р.Энхбатын ярьсныг энд эшлэе.

Хүн төрөлхтөн мэдлэг боловсрол, шинжлэх ухаанд тулгуурлан хөгжиж байгааг нотлохын тулд их зүйл бичих хэрэггүй. Бид бөхчүүд, уяачдаа тэдний зиндаанд залж хүртэх ёстойгоо хүртэж суугааг нотлоход мөн л их зүйл бичих шаардлаггүй. Одоо л хэдэн бөхчүүдийнхээ тарыг таньж эхэллээ. Бөхөөр төрөө удирдуулаад болсонгүй. Мориор удирдуулах л үлдэх шив дээ.

Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ
Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.