Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: ӨЭМТ-үүдийн санхүүжилт ороогүйн улмаас эмч, сувилагч нар урамшуулал, нэмэлт цалингаа авч чадахгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 5 секунд

Коронавирусээр өвчлөгчдийн 70 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвүүдээс үйлчилгээ тусламж авдаг. Өнгөрсөн хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар дархлаажуулалт, шинжилгээний цэг, улаан бүсэд ажилласан ч нэг хүний эмчилгээний зардалд олгогдох 160 мянган төгрөгийн багцын санхүүжилтээ бүрэн аваагүй байна. Энэхүү 160 мянган төгрөгийн багцад эмчлүүлэгчийн эм, тариа багтахаас гадна эмч, эмнэлгийн ажилтны ажлын хөлс, хамгаалалтын хувцас, ариутгалын хэрэгсэл зэрэг багтдаг байна. Тус санхүүжилт ороогүй гэдэг нь эмнэлгийн ажилчид илүү цагийн хөлсөө авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэлж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ӨЭМТ-ийн дарга... (Нэрээ нууцлахыг хүслээ) “Манай эмнэлгийн хувьд 5, 6, 7, 11 дүгээр сарын ковид-19-ын санхүүжилт орсон. Харин үлдсэн саруудын санхүүжилт болох 230 гаруй сая төгрөг шилжиж орж ирэх ёстой ч өнөөдрийн байдлаар 40 гаруй саяын санхүүжилт л орж ирсэн байна. Надад ирсэн албан бус мэдээллээр ЭМДЕГ мөнгөгүй байгаа учир оны эхэнд өглөг үүсгэж олгох болно гэсэн. Ерөнхийдөө өрхийн эмнэлгүүдийг "Чимээгүй байгаарай, оны дараа үлдэгдэл гүйцэтгэлийн санхүүжилтийг өгнө" гэж өрхийн холбоонд хэлсэн байсан. Албан ёсоор мэдээлэл ирээгүй байна. Санхүүжилтийн мөнгө дутуу орсноос үүдэн одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй байгаа. Гэвч дараагийн сарын эм, эмнэлгийн хэрэгслээ нөөцлөх боломжгүй байдалд орж байна. Зарим эм тариа хомс байгаа. Одоо орж ирж буй санхүүжилтийн мөнгөөр хамгаалалтын хувцас, ариутгалын хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, эмийн багц зэргийг авах юм.

Өрхийн эмнэлгүүдийн ачааллын үед ажилтнууд солигддог учир дархлаажуулалтад хамрагдсан, халдвар авч эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тайлан давхардаж шивэгдэх тохиолдол гардаг. Үүнээс үүдэн зарим тохиолдолд санхүүжилт орохгүй байх, дутуу орох асуудал үүсдэг. Үүнийг засуулах гэхээр 3-4 хүний гар дамжиж байж шийдэгддэг. Хамгийн эхлээд программын мэргэжилтнээр устгуулаад үүний дараагаар дарга уртасгасан албан бичиг явуулна, түүнийг нь цохон тэмдэглэнэ гээд их асуудалтай байдаг” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн...дугаар хорооны ӨЭМТ-ийн дарга... (Нэрээ нууцлахыг хүслээ)

“Манай эмнэлгийн хувьд 11 дүгээр сарын санхүүжилтийн 60 хувь нь орж ирсэн. ЭМДС-аас асуухаар боломжгүй байгаа, улсын төсөв харж байж болно гээд тодорхой хариулт өгдөггүй. 10 дугаар сараас хойш ковидын дархлаажуулалтын мөнгө ороогүй байна. Дархлаажуулалтын нэг хүний хатгалт 5000 мянган төгрөгөөр тооцогддог. Гэвч 1100 хүний хатгалтын мөнгө аваагүй байна. Тодруулбал, манай эмнэлгийн хувьд 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт аваагүй. Мөн санхүүжилтийн мөнгөний тодорхой хувь нь ажилчдын урамшуулалд хуваарилагддаг гэвч урамшууллын мөнгийг олгоогүй байгаа. Дархлаажуулалт, тандалтын баг, улаан бүс, шинжилгээний цэг гээд шаардлагатай газруудад эмч, сувилагч нар ээлжээр ажилладаг. Бидний зүгээс нэхэмжлэл болоод шаардагдах албан бичгүүдээ цаг тухайд нь өгдөг ч урамшуулал, нэмэлт цалингаа авч чадахгүй байна” хэмээлээ.

No description available.

БГД-ийн 17 дугаар хорооны “Мөнгөлөнгоо” ӨЭМТ-ийн дарга Л.Тэмүүн:

“Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд аравдугаар сараас хойш ковидын санхүүжилтийн мөнгө ороогүй. Албаны хүнээс авсан тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ дам байдлаар сонсоход ирэх оны нэгдүгээр сард олгоно гэсэн мэдээлэл байна. Гэхдээ жилийн эцэс болж, төрийн сан хаагдсан учраас нөхөж олгох эсэхэд эргэлзэж байгаа.

Ер нь манай эрүүл мэндийн салбарынхан ямар нэг асуудал үүсэхэд чимээгүй л байгаад байдаг.

Улсын төсөв үнэхээр мөнгөгүй болчхоод нэг сард санхүүжилт олгохоор бол ямар нэг байдлаар албан тайлбар, мэдээлэл өгөх ёстой байтал бидэнд ямар ч албаны хүний мэдээлэл байхгүй.

Хэрэв омикрон хувилбар Монгол улсад бүртгэгдэн давлагаа үүсвэл өрхийн эмнэлгүүд бэлэн биш байна. Ажилчдынхаа илүү цагийн хөлсийг өгөөгүй мөн эм, эмнэлгийн хэрэгсэл хангалттай биш байна.” гэдгийг хэллээ.

Мөн өрхийн эмнэлгүүдэд ковидын санхүүжилтийн мөнгө орохгүй байгаа сургаар эм ханган нийлүүлэх газрууд зээлээр эм, тариа өгөхөө больсон талаар өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нэр хэлж байсан юм. Энэ талаар “Тавин ус” эм ханган нийлүүлэх газраас тодруулахад “ Одоогоор өрхийн эмнэлгүүдэд зээлээр эм, эмнэлгийн хэрэгсэл өгөхгүй байгаа. Тиймээс өртэй өрхийн эмнэлэг байхгүй байна” гэв.

No description available.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар шалтгааны улмаас Ковид-19-ын санхүүжилт орохгүй талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гантөмөртэй ярилцлаа.

-Өрхийн эмнэлгүүд аравдугаар сараас хойш ковид-19-ын нэг хүний эмчилгээний зардалд олгодог 160 мянган төгрөгийн санхүүжилтээ аваагүй байна. Энэ мөнгө хэзээ бүрэн орох вэ?

-Одоогийн байдлаар нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд 11 дүгээр сарын санхүүжилтийн 50 хувь нь орсон байна. Аймаг орон нутгийн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт 100 хувь орсон.

Өрхийн эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээний санхүүжилт гэж байдаг. Энэ санхүүжилт арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар 100 хувь олгогдсон. Одоогоор өрхийн эмнэлгүүдэд ковидтой холбоотой санхүүжилт дутуу байгаа нь үнэн. Он гараад эхний долоо хоногт багтаан шилжүүлэх болно.

-Санхүүжилт цагтаа орохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Ковидоос үүдэн улсын төсөвт зөрүү үүссэн. Зарцуулах зардлын хэмжээ нь 1.2 их наядын төсөвтэй. Төсвийн хуулийн дагуу энэ онд 1.2 их наяд төгрөгийг олгосон. Харин өнөөдрийн байдлаар 1.4 их наядын төсөв шаардлагатай байгаа. 200 гаруй тэрбум төгрөгийн өглөг үүссэн. Энэ өглөгийг он гараад нэг сард шилжүүлэх болно.

-Энэ талаар өрхийн эмнэлгүүдэд албан мэдээлэл өгөөгүй гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Яагаад албан мэдээлэл өгөөгүй байна вэ?

-Сүүлд олгогдсон 11 дүгээр сарын 50 хувийн санхүүжилтийг ЭМЯ-ны нэмэлт санхүүжилтээр шийдэгдсэн. Хэрэв ЭМЯ, Сангийн яамнаас нэмэлт санхүүжилт олговол өрхийн эмнэлгүүдэд шилжүүлэхэд бэлэн байгаа. Хэрэв боломжгүй бол нэгдүгээр сарын эхний долоо хоногт шилжүүлэх болно гэдгийг ахин хэлье.

-Өрхийн эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт авахын тулд тайлан явуулдаг. Зарим ачаалалтай үед давхар илгээснээр асуудал үүсдэг талаар эмч нар хэлсэн. Үүнийг хэрхэн хялбар шийдвэрлэх боломжтой вэ?

-Зарим тохиолдолд өрхийн эмнэлгүүд өөрсдийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж гүйцэтгэлийн тайлангаа алдаатай явуулдаг. Үүнийг ЭМД-ийн нэхэмжлэлийн хяналтын хэлтэс хянаж, санхүү бүртгэлийн хэлтэст өгдөг. Тиймээс эмнэлгүүд хариуцлагатай байх шаардлагатай.

Ярилцсанд баярлалаа.

М.Тулгат: О.Цогтгэрэлийн талынхныг намдаа урихдаа дуртай байх болно
М.Тулгат: О.Цогтгэрэлийн талынхныг намдаа урихдаа дуртай байх болно
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.