Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дан дээл“-тэй сайдуудын лобби бүлгийн ажиллагаа ба МАН-ынхан Цэц дээрх “тохируулгаа“ бүрэн хийж амжсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 8 секунд

Цэцийн дунд суудлын хуралдаан хойшилж сайд болох өдрөө хуруу даран хүлээж суусан УИХ-ын гишүүдэд шинэ оны муухай "бэлэг" барилаа. Уг төлөвлөгөө ёсоор бол өчигдөр Цэц "давхар дээл"-ийг хүлээн зөвшөөрч, энэ долоо хоногтоо багтаж УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах байлаа. Гэвч ҮХЦ-ийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшлов. Гэхдээ асуудал болоогүй тохируулгаа хийгээд эргээд бүгд Цэц дээр удахгүй уулзах нь ойлгомжтой.

Харин “наадам хойшилно” гэдэг угаасаа цаанаа учиртай байж ирсэн хойно Цэцийн хуралдааныг хойшлуулж байгаа нь нэлээд дээрээс шидсэн нэг хүний “чулуу” байна гэх хардлагыг төрүүлж эхэллээ. Тэгвэл Цэцийн хуралдааныг яагаад хойшлуулах болсон бэ гэдгийг сэтгэлийн хөөрөлгүйгээр эргээд нухацтай харах гээд хичээе. Ингэхийн тулд эхлээд Цэц хойшилсонтой холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнд явсан хэд хэдэн мессежийг анхааралтай харах хэрэгтэй.

Эхнийх нь, УИХ-аас хүсэлт гаргаж Цэцийг хойшлуулсан гэх нэг ойлголт. Дараагийнх нь, Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцох ёстой байсан төлөөлөл ковидын хавтал болсон гэх шалтаг. Эхний хоёр мессежийг нээлттэй байдлаар нийгэмд гаргасан. Харин улс төрийн хүрээнийхэн дунд Т.Доржхандын өгсөн сонгуулийн тогтолцооны асуудлыг хамтатгаж хэлэлцэхийн тулд бүрдүүлбэр хангуулахаар хойшлуулсан гэх яриа саарал ордноор хөвөрч байв.

Эдгээрээс гадна тун саяхан “амилсан” давхар дээлийг эсэргүүцэх дан дээлтэй сайд нарын лобби бүлэг өчигдрийн Цэцийн хуралдааныг хойшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, уг лобби бүлэг маш идэвхтэй ажиллаж, эхнээсээ ялалт байгуулж эхлэв бололтой. Дан дээлтэй сайд нарын санаачилсан, хаашдаа сайд болохгүй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн лобби бүлэг Засгийн газарт мэргэжлийн сайд нар ажиллах ёстой гэдэг мессежийг улс төрийн хүрээнд маш хүчтэй өгч, ил далдаар тун идэвхтэй ажиллаж байна. Удахгүй олон нийтийг энэ чиглэлд татан оруулж ирэх магадлал ч өндөр. Хэрэв асуудал буруугаар эргэвэл угаасаа “давхар дээл”-ний асуудалд тас эсрэг байр суурьтай олон нийтийн эсэргүүцлийг Цэц байтугай УИХ ч сөрж чадахгүй. Тиймээс дан дээлтэй сайд нарын лобби бүлэг тасралтгүй ажилласаар байна гэж дүгнэж болохоор байна. Тийм ч учраас нэгэнт хурдалж байсан “галт тэргийг” барианд орохоос нь өмнө түр зогсоож дөнгөв бололтой.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн цэцийн гишүүд уг асуудлаар санал нэгдэж чадсан уу гэх асуулт зайлшгүй урган гарч ирэх ёстой. УИХ болон эрх баригч намын удирдлагуудын түвшинд бараг ойлголцсон уг асуудлыг хойшилсон нь шалтгаан нь энэ асуулттай шууд холбоотой байж ч мэднэ. Хэрвээ улс төрийн тохируулгаа олигтойхон хийж чадалгүй Цэцийн дунд суудлаар уг асуудлыг хэлэлцээд маргаан нь уначихвал асуудал муугаар эргэнэ. Ер нь товчхондоо Цэц дээрх улс төрийн тохируулга бэлэн биш байна л гэсэн үг. Тиймээс Ардын намынхан дээрх таамаг мессежүүдийг улс төрийн хүрээнийхэн болон олон нийтэд өгчихөөд араар нь Цэц дээрх тохируулгаа гүйцэт хийхээр бэлтгэж байна.

Ерөнхийдөө баригчид тун удахгүй гарах сайдын сандал суудлын хуваарилалтаа нэг л сайн хийж чадахгүй байгаа бололтой.

Г.Лхагвадорж

УИХ-ын нэгдсэн чуулган Оюу толгойн асуудлаар хуралдана
УИХ-ын нэгдсэн чуулган Оюу толгойн асуудлаар хуралдана
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.