Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нуман тулгуурт“ орсон Ерөнхий сайд ба Ерөнхийлөгч ЯАГААД “давхар дээл“-ийг зогсоов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 13 секунд

ҮХЦ-ийн хурлыг зарим нэг хүн өглөө нь сэрээд хойшлуулахаар “хар муур” гүйлгэчихсэн. Ардын намынхан энэ ажиллагааг “хөшиг”-ний араас дохиурдсан хүнээр экс даргаа тодруулчихаад уурлаж чадахгүй, инээж чадахгүй нэг тийм тэнэг байдалд орцгоочихлоо. Өнгөрсөн хугацаанд “дан дээл”-тэй сайдуудыг хүчтэй шүүмжилж, “давхар дээл”-ийг ил далдаар дэмжсэн хүн бол Ерөнхийлөгч. Бүр намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд л Ерөнхий сайдад шахалт үзүүлж, хаалттай хуралдаанд хүртэл санал бодлоо ил тодоор илэрхийлж байсныг эх сурвалжууд мэдээлж байсан. Ерөнхийлөгч яагаад гэнэт шийдвэрээсээ буцав. Ерөнхий сайдыг ямар шалтгаанаар гишүүдийн өмнө тэнэг байдалд оруулав. Ерөнхийлөгчийн бодлыг яг таг тааж хэлэх боломжгүй. Гэхдээ байж болох хувилбаруудыг дэвшүүлж үзье. Мөн нөлөөлсөн хүчин зүйлсийг тооцож үзээд цаашид “давхар дээл”-ний асуудал хэрхэн үргэлжлэх талаар хамтдаа прогноз гаргаж үзье.

Нэгд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр “Давхар дээл”-ний асуудал, Засгийн газрын томилгоо явах боломжгүй. Учир нь Ерөнхийлөгчийн нам дотроо үзүүлэх нөлөө одоо хүртэл “бяртай” хэвээрээ. Ямар сайндаа л Цэцийн хурлыг хойшлуулж байх вэ дээ. Хэрвээ Ерөнхий сайд сайд болох гишүүдтэйгээ нийлээд хүч түрээд Цэцийг хуралдуулаад, УИХ дээр хүлээгээд авчивал Ерөнхийлөгч дүгнэлтийг хүлээж авсан тогтоолд нь хориг тавьчихна. Энэ хоригийг давахын тулд багадаа 54 гишүүн хэрэг болно. Гишүүд одоо ч Ерөнхийлөгчийн өрөө рүү гүйдэлтэй байгаа энэ цаг үед бараг л боломжгүй тоо. Нөгөө талаасаа Ерөнхий сайд иймэрхүү байдлаар Ерөнхийлөгчтэй шууд тулах хараахан болоогүй. Хүч нь хүрэхгүй. Өөрөө ч ийм үйл хийхийг хүсэхгүй нь ойлгомжтой.

Хоёрт, Ерөнхийлөгчийн бодлыг “угаахад” хэн хамгийн их нөлөөлсөн талаар өмнөх нийтлэлдээ бичсэн. Эдгээр хүмүүсээр дамжуулж нэгдүгээр хүнд нөлөөлсөн ажиллагааг “давхар дээл”-ийг эсэргүүцэгч “дан дээл”-тэй сайдуудын лобби бүлэг гардаж гүйцэтгэсэн. Яагаад гэвэл одоогийн танхимдаа Ерөнхий сайд бараг ганцхан Х.Нямбаатарын томилгоог л хийсэн. Бусдыг нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар хавсайдаж хамаг хүмүүсээ “чихсэн”. Мэдээж энэ чихээсийн жин дарах хэсгийг У.Хүрэлсүхийн квот эзэлнэ. Тухайн үеийн МАН-ын даргын квотын томилгооны ард Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй нөхдүүд албан бусаар сууцгааж буй. Тиймээс нөгөө лобби бүлгээр дүүрэн энэ хоёр хүний хүмүүс бий гэсэн үг.

Мөн энэ хэсэгт онцлох нэг чухал хүн бол ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж. Түүний нэр Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтаагүй. Улс төрд ухаан орсон цагаасаа л сайд, даргаар ажилласан Ц.Нямдорж сайдад өөрийг нь жийсэн шинэ бүтэц таалагдахгүй нь ойлгомжтой. Түүнийг одоогийн танхимд нам нь бодлогоор оруулж ирсэн гэдэг. Намын бодлого гэдэг нь тухайн үед удирдаж байсан хүний бодол, үйлдэл.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ц.Нямдорж сайд тойргын гадна үлдснээс болж “давхар дээл”-ний асуудалд ихээхэн хойрго хандаж буй гэнэ. Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн өрөө рүү хуульч хөгшчүүлийг олноор орж “давхар дээл”-ний асуудлыг буруу хэмээн ятгах процесс өнгөрсөн өдрүүдэд өрнөжээ.

Гуравт, Ерөнхийлөгч яагаад гэнэт “давхар дээл”-ийг эсэргүүцэв гэдэг асуултын хариулт улс төрийн хүрээнхэн дунд ч тодорхой болсонгүй. Харин Ерөнхийлөгч Цэцээр дан ганц “давхар дээл”-ний асуудлыг шийдүүлэхийг хүсээгүй байж болно. Хэрэв санаж буй ҮХНӨ дахиж явна гэх яриаг өнгөрсөн зун гарах үед л “давхар дээл”, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх болон Ерөнхийлөгчийн парламентын танхимаас сонгодог байх гэсэн дөрвөн гол концепс гарч байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ энэ удаад зөвхөн “давхар дээл”-ийг л салгаж Цэцээр яаралтай оруулах гэж оролдсон. Зургаан жилээр ганцхан удаа сонгогдох эрхтэй байгаа Ерөнхийлөгч улс төрийн карьераа үргэлжлүүлье л гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад парламентаас дахин сонгогдох гарц юм. Тиймээс Ерөнхийлөгч яаралтай горимоор УИХ дээр Үндсэн хууль засах ажлын төлөвлөгөөнд өөрт хэрэгтэй заалтаа нэмүүлэх эсвэл дараа нь энэ асуудлыг ямар нэгэн саад тодгоргүй явуулна гэсэн “виз” авахаар бооцоо тавьсан байж болзошгүй.

Ерөнхий сайд энэ цаг үед хамгийн нөлөөтэй байгаа гишүүдийг танхимдаа багтаагаад зоргоороо шинэ Засгийн газраа байгуулчихвал нам дотроо улам л дийлдэхгүй болно. Хэний ч квотоор сайд болсон бай эцсийн мөчид өөрийнхөө төлөө, сандал ширээгээ хамгаалдаг нь манай улстөрчдийн зан. Хамгийн тод жишээ бол найзуудынхаа “бэлэглэсэн” квотоор сайд болсон ч яг хэрэгтэй цагт нөгөө талтайгаа нийлээд танхимаа хамгаалсан Н.Цэрэнбатын түүх юм.

Дөрөвт, “Давхар дээл”-ийг шийдэхгүй бол Засгийн газар үнэндээ тэсэхгүй.Сайд болно гэдэгтээ итгээд яам, тамгын газрынхаа сандал ширээг зүүдэндээ хуваарилж суусан гишүүд аймшигтай хорсолтойгоор Засгийн газрыг унагах процесс өрнүүлж, “шараа” тайлна. Тэдэнд АН-ын бүлгийн ЗГ-ыг унагах бичиг бий. Нөгөө талаас Ерөнхий сайд энэ хэвээрээ танхимаа аваад үлдвэл ажил нь олигтой явахгүй. Хэдэн “дан дээл”-тэй сайдуудаа нүд үзүүрлэж, “хөшиг”-ний цаанаас хөөх гэж байсан нь илчлэгдсэн хойно нөгөөдүүл нь хурган улс төр хийж хамаг ажлын нь гацаана. Ерөнхийдөө мань хүн хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л нөхцөл байдалд орлоо.

Тиймээс эцсийн эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч, генсек, гишүүд гээд тал бүртэй ойлголцож, тохироонд хүрч сайдын суудал, Үндсэн хуулийн бусад өөрчлөлтийн хүслийг нь шингээх хэрэгтэй. Ингээд тун ойрын хугацаанд гишүүдийг сайд болгож, шинэ танхимаа эвлүүлэхгүй бол өнөөдрийнх шиг хамаг ажил нь улс төрийн зогсонг байдалд орвол юун Шинэ сэргэлт, юун эдийн засгийн сэргэлт болно шүү. Ерөнхий сайд аа.

Г.Лхагвадорж

Хөвсгөл нууран дахь мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршуулжээ
Хөвсгөл нууран дахь мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршуулжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.