Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арсалдах дуртай АН-ынхан эзгүй хэдийгээ булаалдав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

Арсалдах дуртай Ардчилсан намынхны ээлжит нэгэн хуваагдал УИХ дахь бүлэг дотор үүссэн. Энэхүү хуваагдлын "шуум" өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр эхэлж дуулдсан ч арваннэгдүгээр сарын 5-нд О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан Онц их хурлаас хойш намжаад байсан юм. Тухайн үед нэг хэсэг нь Д.Ганбатыг бүлгийн даргаас түтгэлзүүлсэн гэж байсан бол нөгөө талаас зарим гишүүдийг бүлгээс хөөсөн гэж мэдэгдэж байсан билээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах хүсэлтээ хэдэн сарын өмнө хүргүүлсэн талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр хэлээд микрофоноо хаалгуулсан.

Энэ асуудал өчигдөр дахин сөхөгдөж О.Цогтгэрэл талынхан Д.Ганбатын даргалж буй бүлгийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол нөгөө талаас бүлгийн дарга Д.Ганбат "УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй, тэд хуралдаа суух хэрэгтэй" гэхчлэн нөгөө талын байр суурийг илэрхийлсэн юм.
Ойлгомжтой байх үүднээс хэний бүлэгт хэн байгааг танилцуулбал Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нэг талдаа гарсан нь өчигдрийн хоёр талд хийсэн мэдээллээс тодорхой болсон. Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар байгаа юм.
Гэтэл хоёр талд хийсэн мэдээлэлд эзгүй байгаа нөхдөө буюу гадаад буй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ болон эмнэлэгт буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарыг өөр өөрсдийн талд байгаа мэтээр ярив. АН-ын бүлгийн гишүүнээс гадна УИХ-ын дэд даргын алба хашдаг рэйтинг өндөртэй гишүүн С.Одонтуяаг хоёр тал булаалдах нь мэдээж. С.Одонтуяа нарын гишүүдийг Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын талынхан эгнээндээ нэгтгэчихвэл нөгөө талыг "буулгаж авахад" илүү амар болох. Харин нөгөө талаар бүлгийн дарга Д.Ганбат талд орвол хүч тэнцүү "барилдаан гарах" дүр зурагтай. Ямартай ч УИХ дахь Ардчилсан намынхан бүл цөөтэй ч цөс ихтэй улс төр үзүүлсээр байгаа нь парламентыг үзүүштэй болгосоор байгаа юм.

Б.Пүрэвдорж: Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хаасан заалтыг өөрчилнө
Б.Пүрэвдорж: Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хаасан заалтыг өөрчилнө
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.