Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ М.Цэрэнбаатар: Хүнд нэг л том боломж олддог, түүнийгээ тултал ашиглах хэрэгтэй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
18 минут 15 секунд

Волейболын спорт сонирхогчид болон залуу тамирчдад үнэтэй зөвлөгөө мэдээлэл хүргэх үүднээс ОУХМ М.Цэрэнбаатартай ярилцлаа. М.Цэрэнбаатарын хувьд үндэсний шигшээ баг, "Ноён" багийг ахалж олон тэмцээн уралдаанд амжилт гаргаад буй тамирчин юм. Түүнийг шинэ залуу тамирчдад энэ спортоор хичээллэхэд жим гаргаж яваа тамирчин ч гэж хэлж болно. Ингээд ярилцлагыг хүлээн авч уншина уу,

-Волейболын спортын мөн чанар нь яг юу вэ. Хүнд юу өгдөг спорт юм гэдэг асуултаар яриагаа эхэлье гэж бодож байна?

-Волейболын спорт хурдаараа хөнгөний дараа, ухаанаараа шатрын дараа ордог спорт. Тиймээс хүнд маш их ухаарал, тэвчээр хатуужил олгодог. Багийн спорт болохоор багаараа ажиллах чадвар өндөр хөгжсөн байдаг. Хамгийн чухал зүйл нь ажлын байраа олж авахад волейболын спорт давуу тал болдог.

-Волейболын спорт өндөр хөгжсөн улсуудад тамирчид нь ажил хийхгүйгээр бэлтгэлдээ 100 хувь хамрагддаг шүү дээ. Манай тамирчдын хувьд ажил хөдөлмөрөө эрхлэхийн хажуугаар бэлтгэлдээ хамрагддаг. Энэ нь амжилт гаргахад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Волейболын спорт сүүлийн жилүүдэд нурууны спорт болон хөгжиж байгаа. Тамирчдын хувьд ур чадвар сайтай болсон. Энгийн тамирчид болон сонирхогчид биднийг яг мэргэжлийн тамирчид гэж хардаг. Волейболын гэлтгүй сагсны тамирчдыг ч тэгж хардаг. Гэтэл бид мэргэжлийн гэхээсээ илүүтэйгээр энэ спортоор хичээллэж байгаа хүмүүсээс илүү тууштай урт хугацаанд хичээллэж байгаагаар л ялгаатай. Харин мэргэжлийн тамирчид гэдэг нь өдөрт 2-3 удаа давтамж өндөртэй бэлтгэл хийдэг, өөр ажилд санаа зовдоггүй тийм хүмүүсийг мэргэжлийн тамирчид гэдэг.

Яг бид нарын хувьд өдөр нь ажилдаа явдаг орой нь бэлтгэл хийдэг л тамирчид. Ингэснээрээ гэр бүлдээ зарцуулах цаг хомс болчихдог. Хоёр төрлийн ажлыг хослуулдаг хүмүүс. Гэхдээ дэлхийтэй өрсөлдөх цаг нь одоо ирчихсэн байгаа гэж харж байна. Нурууны өндөр ур чадварын хувьд дээшилсэн. Энэ үед нь жаахан дэмжээд ажлаас нь салгаж спортод нь анхаарлыг нь хандуулж чадвал Ази цаашлаад дэлхийд өрсөлдөх хэмжээний болсон.

-Таныг сагсан бөмбөгөөр бас хичээллэдэг гэж сонссон?

-Урьд нь сагсан бөмбөг, хөл бөмбөг аль альнаар нь хичээллэдэг, тухайн үедээ их сахилгагүй хүүхэд байлаа. Секцийнхээ багшид хөөгдөх ч тохиолдол гарч байлаа. Нуруу намтай ур чадварын хувьд ч өөрийгөө голох тохиолдол их гарч байсан юм. 2-3 төрлийн спорт сонгож явсных их төлөвшил олж авсан. Гэхдээ түүн дундаасаа волейболын спортыг сонгож өдийг хүртэл явж байна. Хөл бөмбөгийг бол одоо үздэг, сагсан бөмбөгийн хааяа тоглодог.

"Залуу тамирчин байхад хожигдоход л сэтгэл санаагаар унадаг, амьдрал дуусах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байлаа"

-Ялалт авах ч үе бий. Ялагдал хүлээх үе ч гарна. Энэ үед сэтгэл зүй ямар байдаг вэ?

-Залуу тамирчин байхад хожигдоход л сэтгэл санаагаар унадаг, амьдрал дуусах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байлаа. Одоо харин туршлагатай тамирчны хувьд ялсны дараа яаж баярлах, ялагдсаны дараа хэрхэн өөрийгөө болон багаа сэргээхээ мэддэг болсон. Туршлагаасаа шалтгаалаад ямар ч үед сэтгэл зүйгээ тогтвортой бариад сурчихдаг юм билээ.

-Та өдийг хүртэл хичээллэж байгаа энэ их спортоосоо ямар мэдрэмж авдаг вэ?

-Мэдрэмж гэхээсээ илүү цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн миний хобби учраас дурлаж, шүтэж хайрлаж чөлөөт цагаараа гадуур сэлгүүцэж өнгөрөөхөөс илүүтэйгээр спортоор хичээллэж байгаа минь илүү эрүүл амьдралын хэв маяг юм болов уу. Нөгөө талаараа би ялалт авах бүртээ, медалийн тавцан дээр гарах тоолондоо баг хамт олноороо бахархах бусдад хүндлүүлж байгаа мэдрэмжийг авах нь кайфыг мэдрүүлдэг.

-Сая 2021 оны Дээд Лигийн алтан медалийн төлөөх тоглолтод хуучин багийнхаа эсрэг тоглосон шүү дээ. Тэр үед ямар санагдав?

-Хамгийн анх мэргэжлийн түвшинд тоглож эхлэхдээ одоо тоглож буй Ноён багтаа тоглож эхэлсэн байдаг. 2008-2013 онд тоглосон. Түүнээс хойш манай Ноён баг спонсрын асуудалд орж тарсан. Яг тэр үед Хасу Мегаватт баг надад санал тавиад авч байсан. 2013 оны намраас эхлээд 2019 оны үндэсний дэд лигийн аварга дуустал тоглосон. Хамгийн сүүлийн амжилт нь 2019 онд үндэсний дээд лигийн аваргыг авч билээ. 5-6 жил найзалж нөхөрлөсөн дүү нар, багш дасгалжуулагч нарынхаа эсрэг дээд лигийн аваргын төлөө тоглох миний хувьд нэлээд эвгүй байсан. Гэр бүлийн хэмжээнд найзалдаг, хоёр дахь гэр бүлийн хүмүүс гэж болох хүмүүсээ өрсөлдөгчийн нүдээр харах хэцүү. Гэхдээ Ямар ч тохиолдолд өрсөлдөг ч гэж байдаг учраас өрсөлдөх л ёстой. Яг аваргын алтан медалийн тоглолт бол хоёр талаас тактикийн тоглолт л болсон гэж харж байгаа. "Хасу"-д өмнө нь тоглож байсан учраас давуу тал нь, сул тал нь юу юм гэх мэтээр дасгалжуулагчтайгаа зөвлөлдсөн. Эсрэгээрээ манай багийг ч бас тамирчид нь судалсан байсан.

-Тоглолтын үеэр шүүгч буруу зааснаас болж нэлээд маргаан өрнөсөн шүү дээ. Энэ талаар ямар бодолтой явсан бэ?

-Тамирчдын ур чадвар өссөн энэ үед шүүгчдийн хувьд нүдээр шүүх боломжгүй зүйлүүд маш их гардаг. Дэлхий дээр челлэнж гэдэг систем нэвтэрсэн. Манай улсад хараахан орж ирээгүй байна. Шүүгчид 70-80 хувьтай шүүхэд тэрийгээ 100 хувь шүүлээ гэж ярилцдаг. Харин тухайн үед бол шийдвэрлэх мөчид шүүгч буруу шийдвэр гаргасан уу гэвэл гаргасан. Манайх давуу талтай 2-3 оноогоор хожиж явсан. Тэр оноог авчихвал ялж алдвал айлаас давуулалт орж ирэн манайх эргэж салган дуусгах боломжтой байсан. Шугамын шүүгчтэй, ерөнхий шүүгч зөрсний дараа ахин шийдвэр гаргаж манайд зааснаар шүүгчийн индэр дээрээс буучихсан учраас манай байг баяраа тэмдэглэсэн. Манай багийн тамирчид 21-ээс доош насны залуу тамирчид байсан учраас ахиж тоглуулсан бол сэтгэл зүйн хувьд дийлэхгүй. Хасу бол туршлагатай баг учраас даваад гарах боломжтой. Гэхдээ аль аль талдаа хохиролгүй тоглолт болсон л гэж харж байгаа.

"Баг ахалж тоглохын тулд томоохон сэтгэл зүйч шиг л байх хэрэгтэй"

-Таны хувьд 2017 оны Азийн аваргын тэмцээнийг ахалж оролцсон. Олон жил улсдаа ч тив дэлхийд багаа ахлан тоголж байна. Баг ахлаж тоглоход ямар ур чадвар хэрэгтэй байдаг юм?

-Тамирчдын хувьд гэлтгүй бүх хүний зан араншин өөр. Тийм учраас 14 тамирчныг нэг хүн шиг удирдаж авч явах хэцүү. Маш их ур чадвар шаарддаг. Тамирчдаа унасан үед нь яаж сэргээх үү, Аль эсвэл маазарч тоглолтоос гарсан үед , талбай дээр тоглолт нь орохгүй сэтгэхүй нь гадаа явж байхад яах ёстой вэ гэх мэт бусдыг өөр шигээ мэдрэх ёстой. Томоохон сэтгэл зүй ч шиг авч явна гэсэн үг. Миний номер нэг баримталдаг зарчим бол баг тамирчид нэгэн цул байх ёстой. Хоол идсэн ч, заал орсон ч багаараа л хийх хэрэгтэй. 14 тамирчны 13 нь хоолны ширээний ард сууж байвал нэг тамирчнаа иртэл хүлээх ёстой. Эрт сэрэх бол багаараа эрт унтах ёстой гэх мэт талбайн гадна ч багаараа бүх зүйлийг хамтаараа хийж байж талбай дээр нэгэн цул байж амжилт ирдэг.

- Таны гэр бүлийн хүн бас волейболын тамирчин байх аа?

- Манай гэр бүлийн хүн өмнө нь Алтайн барс дээд лигийн клубд тоглож байсан. Сүүлийн үед тоглохгүй байгаа. Яагаад гэвэл хоёулаа тоглохоор ажил амьдралын хувьд зохимжгүй. Өдөр бэлтгэлдээ явах ажилдаа явах зэрэг цаг наргүй байхаар ар гэр, хүүхдийн асуудал хойш тавигдаж эхэлдэг юм билээ. Гэхдээ бүр мөсөн болино гэсэн үг биш шүү дээ байгууллагын хэмжээнд тоглоод л явдаг.

"Миний хань намайг хамгийн их ойлгодог"

- Нэг спортоор хичээллэдэг хүмүүс нэг гэрт орохоор ойлголцоход илүү хялбар байдаг уу?

-Ойлголцохын хувьд маш сайн ойлголцдог. Хожигдоод гэртээ орж ирэхэд гоё хоол хийгээд л угтдаг юм. Харин хожил байгуулаад аваргын алтан медаль аваад ирсэн хойно зөвлөдөг.. Бэлтгэл сургуулилалтаа хийгээд оройтоод орж ирэхэд ч урамтай. Гэхдээ бусад спортын биш ч гэсэн гэр бүлийн хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг муу гэж байгаа юм биш шүү. Бүүр илүү сайн ойлголцдог л гэсэн үг. Жижиг сажиг юман дээр ч анхааруулж хэлдэг. Спортоор учирсан болохоор хэзээ ч салшгүй шүү дээ. Найзууд ч гэсэн спортын хүрээнийхэн болсон байна.

- Анх талбай дээр гарахдаа сандарч байв уу. Шантрах үе гарч байсан уу?

-Нуруу намтай хүүхэд байсан юм. 2006 онд 142см өндөртэй хүүхэд байхад Р.Тамираа багш маань итгэл хүлээлгэж дээд үеийн ах нартай хамт залуучуудын улсын аваргад оролц гэсэн. Нуруу намтай учраас давуулагч, хамгаалагчийн байрлал дээр тоглоно.. Зөвхөн гуравхан байрлал дээр тоглоод гардаг байлаа. Өөр сонголт байгаагүй.Тухайн үед мэргэжлийн тамирчдын өөдөөс тоглосон тэр тэмцээн их сандралтай бодууштай тэмцээн болж байсан.

Оюутан болсон хойноо арай өөр юм хүсэж байсан хэдий ч тухайн байрлал дээр л тоглож байлаа. Хичээлийн хажуугаар бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан гэж яваад хичээл жаахан цалгардаж байв. Талбай дээр гарах минутын хувьд ч гэсэн бага байсан учраас шантрах тохиолдол гарлаа шүү. Энэ спортоос болъё гэж бодсон. Тухайн үед 2-3 сар тоглоогүй ч үе байгаа. Дархан хот руу манай баг тэмцээнд явахад би үлдэж байв. Харин Р.Тамираа багш багийн мэдүүлэгтээ миний нэрийг багтаасан байсан. Намайг дуудаад чамайг ирэхгүй бол баг чинь хожигдоно гэж хэлж байлаа. Би очихгүй бол нээрээ манай баг хожигдох юм байна гэж бодоод чөлөө авч очиж багтайгаа тэр тэмцээнээс хүрэл медаль авсандаа одоо ч мартдаггүй.

"Олдсон нэл том боломжоо тултал ашиглахгүй бол насаараа хөгжөөн дэмжигчийн суудалд суух болно"

Тамирчин хүнд өөрөө хүсдэг хэрнээ бусдад харагддаггүй ур чадвар байдаг. Бусдад харуулахын тулд чамд нэг л боломж олдоно. Тэр боломжийг бусдад харуулахын тулд чи тултал нь ашиглах хэрэгтэй. Тэр боломжоо ашиглаж чадахгүй бол насаараа хөгжөөн дэмжигч тамирчин байна л гэсэн үг. Надад өөрийгөө харуулах нэг боломж гарсан нь Сэлэнгэ аймагт болсон тэмцээнд манай Ноён баг явсан. Тухайн үед би лигийн тамирчин биш байсан Тухайн үеийн тэмцээн дээр нэг тамирчин өвчтэй болоод ирж чадаагүй. Тэр үед үндсэн гараанд гарч тоглосон. Тэгэхэд л би холбогчтойгоо ярилцаж чи намайг ашиглаад өг, надад нэг боломж гарч ирлээ гэж хэлж байв. Тэр тэмцээнд манай баг түрүүлж би тэгш тоглогч авсан. Тэрнээс хойш Лигийн тэмцээнд олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс оролцдог гарааны үндсэн бүрэлдэхүүний тамирчин болох эхлэл тавигдсан даа.

"БИ 40 НАС ХҮРТЛЭЭ ВОЛЕЙБОЛ ТОГЛОНО"

- Тэгвэл таны ирээдүйн зорилго юу вэ?

-Лигийн аварга 2 удаа авсан байна. 1998 онд Ноён баг байгуулагдсан хэдий ч аварга авч чадаагүй байсан. Ах нарынхаа хүрч хараахан чадаагүй зорилгод хүрье гэж бодон түүнийгээ биелүүллээ. Цаашид Олон улсын тэмцээнд багтайгаа явж, залуу тамирчдаа чиглүүлж дэлхийн стандарттай хөл нийлүүлэхэд нь дэм болмоор байна. Волейболын спортоос хөндийрөхгүй учраас дасгалжуулагчийн замналаа эхлүүлнэ. Гэхдээ миний тамирчин байх хугацаа дуусаагүй. Ямартай ч 40 нас хүртлээ лигтээ тоглоно. хийж чадах бүх юмаа хийнэ.

-Танд нэг оноо алдвал л хожигдох тоглолтод бөмбөг газар унах тэр агшинд ямар мэдрэмж төрөх вэ?

-Сая лиг дээр тийм тохиолдол гарсан шүү дээ. Тухайн үед багийн туршлагагүйн алдаа гарлаа гэж бодсон. Тэмцээн дуусах тоглолтууд дээр бол амьдрал ингээд л зогсчих юм шиг, хэний ч төсөөлөхгүй тийм мэдрэмжид автана шүү дээ.

- Эсэргээрээ та хамгийн сүүлчийн оноог салгаж аваад хожвол ямар мэдрэмжид автах вэ?

-Бүх аз жаргалыг л мэдэрнэ шүү дээ. Ер нь хамгийн гоё зүйл бол хожчихоод байрандаа очоод хоолоо идээд суух хамгийн гайхалтай байдаг. Хожигдсоны дараа ярихаар багийн уур амьсгал тогтворгүй, алдаа ярьдаг учир муухай. Тэр үе д л багийн ахлагчийн үүрэх хариуцлага харагддаг даа. Сэтгэл санааг нь хэрхэн засах вэ гэж боддог.

"ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ"

-Шинэ гарч ирж байгаа залуу тоглогчид, энэ спортыг сонирхогчдодоо хандаж үг хэлээч?

- Байнгын үсэрч байдаг спорт шүүдээ. Буруу техник эзэмших юм бол бэртэл гэмтэл их авдаг. Хамгийн эхлээд техникээ зөв суулгах хэрэгтэй. Волейболын спортоор хичээллээд явж байгаа ахмад тамирчдыг харахад нуруу өвдөг үе нь өвддөг харагддаг. Хамгийн эхлээд хөлстэй залнаас ямар ч тохиолдолд гарч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Залуу тамирчдыг харахад сунгалтын дасгал хийхгүй, хөлсөө хатаахгүй, дотуур хувцсаа хүртэл солихгүй гараад явчихдаг тохиолдол ажиглагддаг. Залуу байхад анзаарагдахгүй. 30 нас хүрэхээр нуруу өвдөг өвдөх үе гарна. Тиймээс залуудаа энэ бүхэн дээр анхаарах юм бол дээд түвшинд олон жил тоглоно. Хамгийн гол нь харилцаа хандлага. Хүн бүхнийг хүндлэх хэрэгтэй. Сайн сайхан харилцаатай бол тухайн хүүхдийн нэр хүнд яваандаа сайжирна.

Мөн залуу тамирчид гоё довтолчих юм сан гэсэн л бодолтой байдаг. Хамгийн гол зүйл нь эхний пасс авах байдаг. Тамирчдын хувьд довтлохоосоо илүү бусад жижиг ур чадваруудаа хөгжүүлж байж ахиж тоглоно. Ганцхан довтолдог хүн байлаа гээд багт ямар ч ашиг байдаггүй. Мэдэрдэг байх хэрэгтэй. Мөн тэмцээн дуусаад бүхнийг битгий хаяарай. Бэлтгэлээ тасалдуулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө эхлээд бэлд. Манай багийг сая Натурмед эмнэлэг сэргээн засаж тэмцээнд орууллаа. Үндсэн бэлтгэл эхлэхээс өмнө сэргээн засах эмчилгээндээ хамрагдсан учраас яллаа гэж харж байгаа шүү.

Ярилцсанд баярлалаа.

Шадар сайд, ЗТХ-ийн сайд нар Замын-Үүд боомтод ажиллаж байна
Шадар сайд, ЗТХ-ийн сайд нар Замын-Үүд боомтод ажиллаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.