Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их гарын “ТОХИРООЧИН“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 52 секунд

Ц.Нямдорж сайдыг Ерөнхий прокурор, эсвэл Цэцийн гишүүнээр томилж тархиндаа булуу хураах тэнэг Ардын намд хэд байгаа бол гэх адын бодол сүүлийн өдрүүдэд төрөх боллоо. Улс төр, наймаа хоёр тохиролцох гэдэг үндсэн зарчим огтлолцоно. Хэн ТОХИРОЛЦОЖ чадна, тэр хожно. Чадаагүй нь чацга царайлна. Уг логикоор амьдарсан улстөрч газардахгүй. Гэхдээ үүнийг үзэн ядаад байх шаардлагагүй. Улс төр угаасаа ийм л байдаг. Тохиролцож, наймаалцдаг улс төр өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч оршино. Бүр хүн төрөлхтөн төр болж “тоглосон” Ром, Грекийн үед ч ийм л байсан.

Манай парламент үүсч хөгжөөд 32 жилтэйгээ золголоо. Энэ хугацаанд хэн хамгийн төгс улс төр хийсэн бэ гэвэл би лав эргэлзэхгүйгээр Ц.Нямдорж сайдыг нэрлэнэ. Үүнийгээ би Ц.Нямдорж сайд 24 жил тасралтгүй УИХ-ын гишүүн, 13 жил сайдын албыг хашсан гээд нотолчихно. Сайд гэдэг үг бараг л түүний хоч. Сайн улс төр хийж байвал сайн тохирч байна гэж ойлго. Тиймээс түүнийг улс төрийн тохироог ямар түвшинд хийдгийг тайлбаргүйгээр ойлгуулна. Улс төр дахь албан тушаалын амжилтаараа түүнтэй арсалдах хүн байтугай адгуус ч байхгүй.

Гэхдээ тохироо нь зөв, эсвэл буруу гарын гэж хоёр ангилалд хамаарна. Ц.Нямдорж сайдын өнгөрсөн хугацаанд гүйлгэсэн улс төрийн тохироо, геополитик энэ хоёрын аль ангилалд орох вэ гэдэг өөрөө их маргаантай. Б.Энхбаяр, О.Баасанхүү, Э.Бат-Үүл, Б.Хурц тэргүүтэй олон гишүүд, хуульчид түүнийг буруу гарын “тохироочин” гэдэг.

Тэгвэл ойрын өдрүүдэд өрнөж буй Цэц тойрсон “давхар дээл”-ний гацаатай холбоотой асуудлын ард бидний гол баатар суугаа талаар саарал ордонд шивнэлдэж буй талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн. Харин ялгуусан “тохироочин” Ц.Нямдорж улс төрийн ямар төлөвлөгөө боловсруулж, ямар үр дүнтэй тохироо хийхээр зэхэж буй талаар бага зэрэг таамаг дэвшүүлж үзье.

Юун түрүүнд хэвлэл, сошиалд гарч буй дараах гурван төрлийн мэдээллийг анхаарч үзэх хэрэгтэй.

  1. Ц.Нямдоржийг Ерөнхий прокуророор томилох улс төр яригдсан талаарх мэдээлэл
  2. Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэц рүү явуулах улс төр яригдсан талаарх мэдээлэл
  3. “Давхар дээл”-ийг зогсоохоор 20 гаруй гишүүн нэгдсэн талаарх улс төр яригдсан мэдээлэл.

Энэ мэдээллийг хэн явуулаад байна вэ. Улс төрд зорилгогүй мессеж гэж байдаггүй. Эдгээрийн цаг хугацааны дарааллыг сайн хараарай. Эхний нь 8 дугаар сарын сүүлээр. Энэ үед ЗГ-ыг хөдөлгөж “дан дээл”-тэй сайд нарыг явуулах тохироонд бүрэн хүрч байсан цаг үе. Сүүлийнх нь мессеж “Давхар дээл”-ийг гацаахтай зэрэгцэж гарсан санагдаж байна. Сүүлийнх нь Ерөнхий сайдын зунжин бодсон улс төр нь гацаанд орчихоод инээх, уйлахаа мэдэхгүй суугаа цаг үед гарсан мэдээлэл юм. Энэ мэдээлэл бол шууд утгаараа Цэц дээр хүчээр явуулсан ч Ерөнхийлөгчтэй “хавсаадаад” УИХ дээр хоригоор зогсоож болохыг олон хүнд ойлгуулсан мессеж.

Одоо асуудлыг эрүүл ухаанаар бодъё. Аль болох улс төрөөс хурдан яваасай гэж залбирдаг Ардын намынхан түүнийг Ерөнхий прокуророор тавихыг хүсэх үү. Ерөнхий прокурорын ажил, үүрэг юу вэ. Ямар хэмжээний хүч хуримтлагддаг гэдгийг бүгд мэднэ. Тэд илүү том мэдээлэлтэй “авдар”-ын түлхүүрийг атгадаг. Тэгвэл энэ түлхүүрээ түүнд өгөх үү гэдэг өөрөө эргэлзээтэй. Цэц мөн адил. Өөрсдийнхөө дээр хөх тэнгэр байгаа, ҮХ-иа сахиулна, хамгаална гэж ярьдаг ч үнэн хэрэг дээрээ эрх барьж буй намд үйлчилж, улс төрийн нөлөөгөөр асуудлыг шийддэг болсон гэж амтай болгон л ярьж байна. Хуулийн ийм том бодлогын “салбар” дээр Ардын намынхан мөн л Ц.Нямдоржийгоо тавихыг хүсэх үү. Мэдээж, үгүй. Тэгээд ч мань хүн Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гээд УИХ-ын даргын суудлаасаа “ховхлуулж” байсан удаатай.

Ардын намынхан Ц.Нямдоржийг Ерөнхий прокурор, Цэц хоёр руу явуулж чадахгүй юм бол одоо яах юм бэ. Арга нь мухардсан эрх баригчдын толгойд “Ингэж байснаас сайдаар нь үлдээе” гэх мэргэн санаа, сүүлийн гарц үлдэнэ. Тэр сайдаар үлдвэл гацаанд орчихсон “давхар дээл” Цэц дээр урагшилна. Гишүүд үлдсэн хэдэн сайдын суудлаа бөөн зодоонтой хувааж авна.

Ингэхээр хонь нь бүтэн хоцорч, чоно нь цадна. Тугал нь турахгүй хэрнээ эх нь эцэхгүй. Эцэст нь та бүхнээс асуултаа давтаж асууя. Дээрх гурван улс төрийн мессежийг хэн явуулсан бэ. Өнгөрсөн 30 жилд яг энэ төрлийн улс төрийг хэн хийж ирсэн бэ.

Г.Лхагвадорж

МҮБХ: Допинг хэрэглэсэн бөхчүүд амин хувийн эрх ашгаа урьтал болголгүй ёсзүйтэй байхыг хүсэж байна
МҮБХ: Допинг хэрэглэсэн бөхчүүд амин хувийн эрх ашгаа урьтал болголгүй ёсзүйтэй байхыг хүсэж байна
 
Угаарын хий нүүрс шатаж эхлэх болон шатаж дуусах үед хамгийн ихээр ялгардаг
Угаарын хий нүүрс шатаж эхлэх болон шатаж дуусах үед хамгийн ихээр ялгардаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.