СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын бэлтгэлд дарагдсан НАРАНТУУЛ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Хэзээ
Унших
7 минут 17 секунд

-Цар байна шүү, таваг байна шүү...

-Хэд вэ миний хүү

-Хосоороо 180 мянга, эмээ

-Доошоо ярих уу

-Ярьмааргүй л байна.

Нарантуул захын хуучин “Мангасын ам” нэртэй хойд хаалгаар ороход ийм л яриа хөвөрч байлаа. Санаж сарвайж авч гарч ирсэн хэд нь хаанаа ч хүрэхгүй дэмий л үнэ асууж, дансан дахь мөнгөө харцаараа тэмтэрч зогсоо хэдэн буурайн дүр зураг биднийг угтав. Хэдхэн сарын өмнөөс хил хаагдсантай холбоотойгоор Нарантуул захад хоосорч үлдсэн хэдэн лангуу, захисан бараагаа хүлээсэн худалдаачид л хэдэн тийш холхихтой тааралдаж байв. Тухайн үеийг бодвол лангууны бараа бүтээгдэхүүний дүүргэлт сайжирч, олон нийтийн хөл хөдөлгөөнд дарагджээ.

Харин Монгол түмний өв уламжлалыг тээгч Цагаан сарын баяраа хоёр жилийн хугацаанд хөл хорионд тэмдэглэсэн. Энэ жилийн хувьд УОК-ын санаа бодол гэнэт л өөрчлөөд хөл хорьчихдоггүй л юм бол Цагаан сарын баяраа хийх бололтой. Сар шинийн баяр дөхсөн эл өдрүүдэд иргэд хэдийнэ бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

“Дээл, бүс малгайны үнэ өмнө жилээс хоёр дахин нэмэгдсэн”

Цагийн сайханд цалгиж явсан “Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас” бусдыг олж авч болдог байсан олон улсын худалдааны төвийн өвлийн куртикны зарим лангуу хоосон хэвээр. Харин эсрэгээрээ дээл, малгай, бөс даавуунаас авахуулаад бэлэг дурсгалын зүйл худалдаалах хэсэгт хөл тавих зайгүй байлаа.

Дээлийн худалдаа эрхлэгч М.Эрдэнэбаттай уулзаж иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар тодруулахад “Хоёр жил цагаан сар тэмдэглээгүй болохоор хүмүүс хорьсон ч хийнэ л гэж байх шиг байна. Дээлийн үнийн хувьд өмнө жилээс нэмэгдсэн. Гэхдээ тийм ч их нэмэгдээгүй байна. Ахмадуудынхаа Цагаан сарын бэлтгэлийг хангах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ойрын хэд хоногт их байна. Цаашид улам л хөл хөдөлгөөнд дарагдах байх. Өглөөнөөс хойш хоёр дээл зарлаа” гэв.

-Дээл 150 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд үнэтэй байна-

Сонирхуулахад, дээлийн үнэ хийц, материалаасаа шалтгаалан өөр өөр үнэтэй. Хамгийн бага нь 150 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хос торгон дээл 500 мянгаас дээш үнэтэй байгаа бол хөвөнтэй дээл 300 мянга орчим төгрөгийн үнэтэй. Харин хурган дээл 1-2 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд энгийн дан дээлүүд 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.

“Өөрсдөө оёж худалдан борлуулдаг болохоор сонголтын хувьд гайгүй байх шиг байна”

Бид цагаан сарын дээл сонирхон явах иргэдтэй уулзаж ярилцахад “Дээлийн сонголт сайн байна. Үнийн хувьд хэвийн. Хятадаас татдаггүй өөрсдөө оёдог болохоор сонголттой байгаа юм шиг санагдлаа. Харин урдаас оруулж ирдэг барааны чанар үнэ таарсан л байдаг юм” гэлээ.

Ихэнх иргэд юм худалдан авахаасаа илүү бараа бүтээгдэхүүний ханш л судалж яваа бололтой. Хурдхан гэгч нь худалдан авалт хийж байгаа иргэд тун ховор. Харин цагаан идээний үнэ ТЭНГЭРТ хадсан болохыг иргэд хэлж байв.

Налайх дүүргээс сар шинийн бэлтгэлээ хангахаар орж ирсэн иргэн Ц.Наранбаатар “Тавган дээрээ тавихаар хэдэн хорхой ааруул авлаа. Үнэ ханшийн хувьд арай ч дээ гэмээр л байна. Бууз баншаа хийх гурилаа авсан. Гурилын үнэ ч яах вэ. Айгаад нүд орой дээр гаргахаар биш л байна. Нэг Нарантуул орж ирснийх ээждээ ч зочдын гар цайлгах чихэр, жимс худалдан авлаа. Бас үнэтэй л юм” хэмээн ярив.

“Тэтгэврийн 500 мянган төгрөг юу ч болохгүй юм. Тэтгэвэр нэмэгдээсэй”

Бид цагаан сарын бэлэг сэлтээ бэлдэхээр яваа хоёр бууралтай уулзаж ярилцлаа. Тэд “Цагаан сар хоёр жил өнжлөө. Гадаадаас болон орон нутгаас хүүхдүүд ирэх бололтой. Сар шинэ дөхөхөөр юмны үнэ улам нэмэгдэх байх гэж бодоод эртхэн юмаа бэлдэж байна. Тэтгэврийн хэдэн цаас юм болохгүй юм. Төрдөө олон жил зүтгэсэн хэдий ч тэтгэвэр бага тогтоогдсон. Хүүхдүүдээ яаж гар хоосон буцаах билээ. 500 мянган төгрөг юм болохгүй нь. Юмны үнэ жаахан судаллаа. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэж боддог хэдий ч амьтан ах дүү ороод л ирдэг юм. Ямар муухай царайлаад суултай биш дээ" гэв.

Мөнгөтэй ч, мөнгөгүй ч эрвийх дэрвийхээрээ хөдөлж ард хормойгоороо урд хормойгоо нөхөн байж тэмдэглэдэг Монголын үндэсний баяруудын нэг бол яалт үгүй сар шинийн баяр. Хэдхэн сарын өмнө зарим лангуу нь хоосорч байсан Нарантуул одоогийн байдлаар амь оров уу гэлтэй хүн зоны хөл хөдөлгөөнд дарагдан буйг ийнхүү сурвалжиллаа. Иргэдэд мэдээлэл болгох үүднээс зарим нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа мэдээллийг хүргэе.

ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ

ГУРИЛЫН ҮНЭ

Манай Монголчууд ул боов, бууз зэргийг хийхдээ дээд гурил түлхүү ашигладаг. Тэгвэл "Улаанбаатар"-ын дээд гурил 25 кг-тай нь 45 мянга, Алтан тариан гурил 45мянга, Өег-ийн дээд гурил 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэгдүгээр гурил 25 хилтэй нь дунджаар 33 мянган төгрөгийн үнэтэй аж.

БУСАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

  • Цар, идээний таваг хосоороо 180 мянга
  • Манай Монголчууд сар шинээр гэрийн дэвсгэрээ шинэчилдэг билээ. Хулдаас 12-25мянга, Хивс 50мянгаас 2 сая төгрөгийн хооронд үнэтэй
  • Булган малгай 150мянга ба түүнээс дээш
  • Цагаан сарын бэлгэнд хамгийн түлхүү ашиглагддаг оймс: Янмал, Тод оймс 1900-2500 төгрөгийн үнэтэй. Бөөний үнэ 1900 бол ширхэгийн үнэ 2500
  • Гарын бэлэг/хүүхдийн тоглоом, гар нүүрийн алчуур, саван г.м/: 10мянган төгрөгөөс 200 мянган төгрөгийн хооронд
  • Чихэр: Дундаж нь 15мянган төгрөг ба түүнээс дээш

ГХЯ: Казахстаны Алматы хотын цагдаагийн газар саатуулагдсан Монгол Улсын иргэн Д суллагдсан
Өнөөдөр Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа татан авчээ
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!