Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батцоож: Зөвхөн шинж тэмдэг илэрсэн ойрын хавьтлаас шинжилгээ авна

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
10 минут 3 секунд

Омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол өсч энэ хэрээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж буй. Тэгвэл омикрон хувилбарын үед өрхийн эрүүл мэндийн төвүүдийн авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө болон ачаалал зэргийн талаара НЭМГ-ын анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Батцоожтой ярилцлаа.

-Халдварын бүхий л үед гол нурууг авч явж ирсэн өрхийн эрүүл мэндийн төвүүд эргээд ачааллын нөхцөл байдалд орсон талаар албаныхан мэдээлэх болсон. Ер нь омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор ямар төлөвлөгөөг мөрдөн ажиллаж байна вэ?

-Коронавируст халдварын омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал ч эрс нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээнээс гадна түргэвчилсэн оношлуураар 4 мянга гаруй тохиолдол өдөрт батлагдаж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид үндсэн ажиллах цагийн хуваариа оройн 20 цаг болгож уртасгасан. Мөн ЭМЯ-наас хуваарилсан резидент эмч нарыг дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж хүний нөөцийг нэмэгдүүлэх талаас ажиллаж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашины асуудал их тулгамддаг. Тиймээс гэрээт сайн дурын жолооч нартай хамтран өрхийн эрүүл мэндийн төвүүдэд унаа, машины асуудлыг шийдэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар гэрээр эмчлүүлж буй хэчнээн иргэн байна вэ. Тухайн иргэдэд хүрч ажиллах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Халдварын 10 хоногийн хугацаа дуусаагүй, гэрээр хянагдаж байгаа 20 мянга гаруй хүн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид эерэг гарсан иргэдийг биеийн байдлаар нь эрэмбэлдэг. Өвдсөн хүн бүхэн эмнэлэгт хэвтэж чадахгүй. Учир нь бэлэн байгаа орны хэмжээнд зохицож хэвтэнэ. Орны хүлээлтэд одоогийн байдлаар 600-800 иргэн байгаа. Эрэмбэлэгдээд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэдэд ор олдохгүй байгаа учраас тэдэнд тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд нэмэлтээр 22 машиныг ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 22 бүс байдаг. Тэгэхээр нэг бүсэд нэг машин байхаар зохицуулсан.

-Өнгөрсөн оны сүүлээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилттэй холбоотой асуудлууд шүүмжлэл дагуулсан. Магадгүй нөхцөл байдал хүндэрвэл санхүүжилт тал дээр асуудал үүсэх вий гэх болгоомжлол байна?

-Санхүүжилт дан ганц манай НЭМГ-аар дамждаггүй. ЭМДЕГ-аас нэгдсэн байдлаар санхүүжилтийг хийдэг. Өнгөрөгч 10,11,12 дугаар саруудын өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт ороогүй гэх мэдээлэл гарсан. Энэ оны эхний 7 хоногт шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн.

-Эмийн багц хүртээмжтэй байгаа юу. Ер нь 160 мянган төгрөгийн багцын хэр хэмжээний мөнгөн дүн нь зөвхөн эмчилгээний эм хэрэгсэлд зарцуулагдаж байгаа вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг хүнд ойролцоогоор хэдэн төгрөгийн эм өгч байгаа талаарх дундаж үнийн судалгааг хийж үзсэн. Ойролцоогоор нийслэлийн хэмжээнд дунджаар 50 мянган төгрөгийн багц өгч байна. Одоогоор гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд 160 мянган төгрөгийн санхүүжилтийг ЭМДЕГ-аас өгсөн хэвээр байгаа. Үүнд, нэг удаагийн шинжилгээ, тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн ковидын үед ажиллах хүний нөөцийн цалин хөлс, машин унааны шатахуун, хамгаалах хувцас хэрэглэл гэх мэт зүйлс багтдаг. Үүнд дотроо эмийн багц нь ороод явж байгаа.

-Эмчилгээний тухайд?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөнгөн хэлбэрээр өвчилж гэрээр хянагдаж буй иргэдэд ямар нэгэн байдлаар антибиотик, вирусийн эсрэг эм зөвлөхгүй байгаа. Халуун, бүлээн хоол цайг тогтмол хэрэглэх, өвчин намдаах болон халуун бууруулах эм, витамин хэрэглэнэ.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, 469 резидент эмч нарыг нийслэлийн иргэдийн тусламж үйлчилгээнд ажиллуулахаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хуваарилсан боловч тэдний 60 хувь нь л ажиллаж, үлдсэн 40 хувь нь огт ирэхгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Ер нь энэ нөхцөлд ямар зохион байгуулалт хийж ажиллаж байгаа юм бэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 474 резидентүүд томилогдсон. Резидентүүдийг дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлэг, тандалтын баг зэрэг хүний нөөц шаардлагатай газруудад хуваарилсан. Ийнхүү хуваасны дараагаар резидентүүдэд мэдээлэл өгье гэхэд ирэх, ирэхгүйн асуудал үүссэн. Ирцийн хувьд ойролцоогоор 58-60 хувьтай л байгаа. Үлдсэн 40 хувь нь огт ирэхгүй байгаа юм. Эдгээр резидентүүдийг ирээгүйнх нь төлөө арга хэмжээ авах эрх бидэнд байхгүй.

-Халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Хүн ам ихтэй дүүрэг, хороодод өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа талаар ярих болсон. Ер нь ямар шаардлагатай арга хэмжээ авах ёстой гэж та бүхэн харж байна вэ?

-Өнгөрөгч есдүгээр сард дельта хувилбарын оргил үе таарсан. Нийт 2021 онд өвдсөн хүмүүсийн статистик тоог харахад, 80 орчим хувь нь гэрээр эмчлүүлсэн. Ойролцоогоор 20 хувь нь л эмнэлэгт хэвтсэн. 80 хувь гэдэг бол асар өндөр тоо.

Гэрээр эмчлүүлж буй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүрч ажиллах, ачааллыг бууруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлье гэвэл өрхийн эрүүл мэндийн төвдөө анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, эмч ажилчид өвдөж байна. Иймд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам ажиллах хүчийг нэмэгдүүлэх буюу хангалттай хэмжээнд байлгах асуудал яригдана. Хоёрдугаарт, ажиллах хүч байгаад тэнд ажиллах техник хэрэгсэл, машины дутагдал үүсдэг. Тиймээс энэ чиглэлд ч анхаарах шаардлага үүсч буй юм. Гуравдугаарт, өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн хувьд тогтвортой байх шаардлагатай.

-Омикрон хувилбар туссан иргэдийн тусгаарлалтын хоногийг тав хоног байлгана гэх мэдээлэл яваад байна. Албажсан зүйл бий юу?

-Олон улсад омикрон хувилбарын өвчлөлийн байдал амьсгалын дээд замаар илэрч байгаа. Өмнө дельта хувилбарын үед уушги талдаа илэрч байсан. Өвдөөд эдгэрэх, шинж тэмдэг илрэх, хүндрэх хугацаа нь дельтатай харьцуулахад бага гэж байгаа шүү дээ. Гэхдээ албан ёсоор эрүүл мэндийн сайдын тушаал гараагүй тул гэрээр эмчлүүлэх хугацаа 10 хоног хэвээр байгаа.

-Эмч ажилчид халдвар авах тохиолдол хэр их гарч байна?

-Нэг өрхийн эмнэлгийн эмч, ажилчдын 20-30 хувь нь халдвар аваад байна.

-Иргэдийн зүгээс өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой дийлэнх ямар санал гомдол ирж байна вэ?

-Иргэдээс ирж буй шүүмжлэлтэй хэд хэдэн санал гомдол бий. Тухайлбал, өрхийн эмнэлэг рүү залгахаар утсаа авахгүй байна гэдэг. Эмч ажилчид батлагдсан тохиолдлуудтай холбогдож ярихад нэг хүнтэй багадаа таван минут ярих шаардлага үүсдэг. Давхар дуудлага орж ирснээс дуудлагад хариулж чадахгүй байх зэрэг асуудал ч бий. Батлагдаагүй байсан ч зөвлөгөө авах зорилгоор утас руу холбогдож байгаа нь ачаалал ямар байгааг илтгэнэ.

Хоёрдугаарт, иргэдийн зүгээс шинжилгээний асуудалд шүүмжлэлтэй хандах тал ажиглагддаг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гэр бүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас зургаа дахь хоногт шинжилгээ авна. Гэхдээ зөвхөн шинж тэмдэг илэрсэн хавьтлаас авна. Хүн бүрээс авна гэсэн үг биш. Шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтлаас авна. Харин үүнээс бусад тохиолдолд иргэд өөрсдөө оношлуураа авч очоод шинжилгээгээ өгч болно.

-Гэрээр эмчлүүлж буй иргэдийн зүгээс юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Гэрээр эмчлүүлж буй иргэд 10 хоногийн хугацаанд гэрийн хөл хорионд байх хэрэгтэй. Түүнчлэн халдвар авсан иргэд өрхийн эмчээсээ зөвлөгөө сайн авах хэрэгтэй. Ингэхдээ өөрт ямар шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэж үзэх талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ тохиолдолд өрхийн эмч рүүгээ холбогдох нь зөв. Цээжээр өвдөх, тогтмол өндөр халуурах, амьсгаадах тоо нэмэгдэх зэрэг хүндэрч байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчрүүгээ холбогдох хэрэгтэй.

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
 
Гэмт хэргийн дийлэнх нь нийслэлд бүртгэгдэж байна
Гэмт хэргийн дийлэнх нь нийслэлд бүртгэгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.