Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ-нд мэргэжлийн томилгоо хийгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 16 секунд

УИХ-ын намрын чуулган “хөшиг”-өө татсан өдөр буюу өчигдөр Солонгос, Кувейт, Швейцарь улсуудад Элчин сайдуудыг томиллоо. Солонгос руу Э.Сарантогос, Швейцарь руу Д.Гэрэлмаа гэсэн хоёр бүсгүйг илгээлээ. Кувейт руу Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан П.Сэргэлэнг “нисгэлээ”. Томилгоо болгоны араас хүмүүс хэл амаа билүүддэг. Тэр ёсоор энэ томилгоонуудын ард “жив жив” гэлээ, хүмүүс.

Гадаад харилцаа гэдэг тун нарийн. Тэтгэвэрт гарсан улстөрчдийн “оршуулгын газар” байх ёсгүй. Эсвэл нам дагаж давхисан хэн нэгний “баярын бичиг” ч байх учиргүй.

Саяхныг болтол аль ч нам эрх барьж байх үед Элчин сайдын суудал гэдэг шагнал маягтай л байлаа. Зарим нь бүр гадаад улс руу Элчин сайдын зөвлөхөөр явснаа цөллөгтэй зүйрлэх жишээтэй. Монголын гадаад харилцааны томилгоо нэг иймэрхүү л явж ирсэн.

Хэдхэн жилийн өмнө Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан нэг нөхөр Солонгос руу Элчин сайдаар явах “шагнал”-аа гардаж авах гээд сууж байхдаа яаж аяглаж байлаа. Гэхдээ арай ч явчихаагүй. Тэр бол Монголын гадаад харилцааны салбарт гарсан хамгийн эмгэнэлт томилгоо хийх оролдлого байлаа. Энэ мэтээр жишээ болгоныг татвал “хошууны бузрыг ухвал далай” гэдэгтэй л адилхан. Тэгвэл Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар ажиллах эхэлснээс хойш энэ салбарын “салхи” мэргэжлийн байх, мэргэшсэн хүмүүсийг томилох чиглэл рүү "үлээж" эхэллээ. 2016-2020 оны хооронд Гадаад харилцааны Дэд сайдаар ажилласан. Энэ дөрвөн жилийн циклийн сайдаар томилогдсон. Энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн учраас балагтай томилгоо барагтай л бол хийхгүйн төлөө хичээж байна уу гэж харахаар.

Сүүлийн томилгоог жишээ болгоё. Солонгос улс руу Элчин сайдаар томилогдож буй Э.Сарантогос гадаад харилцааны чиглэлээр гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн хүн. 1997 оноос эхлээд л Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс нь эхэлж ажилласан. Японд 6, 7 жил Элчин сайдын яаманд зөвлөх, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүнд юу л байна туршлага, мэдлэг, чадвар байна. Монголд гадаад харилцааны салбарыг А-Я хүртэл нь мэддэг хүн аваад ир гэвэл түүнээс өөр мэргэшсэн нэгэн олдохгүй гэдэг юм билээ. Намтар, ажлын туршлагыг харахад л тийм гэдэг нь ойлгомжтой. Ямар ч байсан Солонгост суух Элчин сайд дөнгүүр хүн байх нь.

Швейцарь руу явж байгаа Д.Гэрэлмаа ч гэсэн гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн. 1998 оноос эхлээд Гадаад харилцааны яаманд ажилласан. НҮБ, Европт гээд олон газар Монголыг төлөөлж ажиллаж, туршлага хуримтлуулсан. Олон тал хамтын ажиллагааг түүнээс илүү мэдэх, мэдрэх хүн Монголд байхгүй гэдэг юм билээ. Энэ хоёр томилгоог харахад л Монголын гадаад харилцааны салбарт гэрэл тусаж эхэллээ гэж хэлж болохоор байна. Нөгөө талаас нь харвал,Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайдуудын томилгоог мэргэжлийн болгох тал дээр анхаарч эхэлжээ гэж дүгнэхээр.

Хоёр, гуравхан томилгоогоор дүгнэлээ гэж хэл амаа билүүдэх гэж байна уу. Тийм биш ээ.

Ажлаа авснаас хойш өмнөх Ерөнхийлөгчийн үед “зэлтэрийн гацаа”-нд орчихоод байсан Элчин сайдуудын томилгоог шийдэж, нэг дор 23 Элчин сайдыг томилуулсан. Тэдний 80 хувь нь Гадаад харилцааны яаманд ажилласан, энэ чиглэлээр дадлага туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хүмүүс байсан.

Хэн гэдэг нөхөр Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад ийм олон мэргэшсэн хүмүүсийг Элчин сайдаар илгээж байсан билээ. Б.Батцэцэг гэдэг эмэгтэй энэ салбарын сайд болоод яаж ч ажиллаж байж болно. Хүн бүр л өөр өөрийнхөө дүгнэх байх. Тэр мэргэшсэн дипломатуудыг Монголыг төлөөлж гадаад улсууд руу явуулах чиглэлээр яах аргагүй сайн ажиллаж, “салхи оруулж” чадлаа. Элчин сайдын ажлыг “шагналын сан”-гийн цэснээс хасаж байна.

Гадаад харилцааны яаманд 10, 20 жил ажилласан хүмүүсийг Элчин сайдаар явуулна гэдэг Төрийн албаны мерит зарчмыг баримталж буй хэрэг. Ерөөсөө л энэ зарчмыг аль эрт баримтлах байсан. Түүнээс биш ямар ч хамаагүй салбарт ажиллаж байсан нэг нөхрийг “цөлөөд” байж болохгүй. Нэмээд Элчин сайд нарыг хариуцлагажуулах ч цаг болсон. Гадны оронд монгол хүн хэцүү байдалд ороод, Элчин сайдын яамаа бараадаж очиход “элэгдээд” буцаасан жишээг бид бишгүй л сонсож байлаа. Албан тушаалаар шагнуулсан хүмүүс учраа мэдэхгүй, улсаа бодохгүй, иргэдээ энэрэхгүй байсан нь ойлгомжтой. Харин мэргэжлийн хүмүүс дулаан байранд шигдээд, элэг нэгтнээ Элчингийнхээ өмнөөс буцаахгүй л дээ. Б.Батцэцэг сайд Элчин сайдуудыг илүү хариуцлагажуулах талаас нь анхаарч, гэрээ хийж дүгнэдэг болсон юм билээ. Гадаад харилцааны салбарт зайлшгүй хэрэгтэй зүйл энэ байлаа. Энэ бүхнээс дүгнэхэд, Б.Батцэцэг сайдын мэргэжлийн томилгоонууд Монголын гадаад харилцааг “эмчилж” эхэллээ.

Сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа
Сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.