Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр томилогдож буй дэд сайд, ТНБД нарын хэн нь хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

Даваа гарагаас эхэлсэн Засгийн газрын гишүүн, яам, агентлагуудын албан тушаалтнуудын томилгоо өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үргэлжилж байна. Хэд хэдэн төрийн өндөр албан хаагчид буйр сэлгэж байгаа талаар бид мэдээлсэн.

Агентлагуудын дарга нарыг хольж, сэлгэж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотойгоор хамгийн чухал асуудал бол төрийн бүтээмжийг дээшлүүлэх. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тавьж байгаа зорилгодоо нийцүүлж албан тушаалтнуудыг ур чадвараар нь шалгаж агентлагуудын дарга нарыг сольж сэлгэх ажил хийгдсэн" хэмээн мэдэгдэв. Одоогийн байдлаар хийгдээд буй яам, агентлагуудын хэмжээнд өрнөсөн томилгоонуудыг тоймлон хүргэж байна.

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар томилсон. Сүүлийн таван жилийн хугацаанд Сангийн яамны ТНБД-аар ажилласан С.Наранцогтыг АН-ын угшилтай хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэрбээр 2012 онд Ардчилсан нам засаг барьж байх үед буюу Я.Санжмятав сайдын үед Хөдөлмөрийн яамны Санхүү, бодлого төлөвлөлтийн газрын дарга хийж байсан юм. С.Наранцогтыг ажил явуулахад их төвөгтэй, араасаа нэхэл дагал их дагуулж, эрх ашиг оруулчих гээд байдаг сул талтай хэмээн улс төрчид шүүмжилдэг.

Тухайлбал, өнгөрсөн намар буюу 2021 оны есдүгээр сарын 6-нд Хотын дарга Д.Сумъяабазар "30 автобусны тендер зарлахад Сангийн яамны төрийн нарын бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруул гэж албан бичиг явуулсан. Сангийн яамны ТНБД С.Наранцогт тендерийн хуулийг дандаа ингэж завааруулдаг, дандаа ингэж ажил гацаадаг" хэмээн илтэд шүүмжилж байсан билээ.

Тэрбээр Сангийн яамны ТНБД гэдэг утгаараа мөнгө, санхүүгийн гол судсыг атгадаг байсан хүмүүсийн нэг. Эдийн засгийн хөгжлийн яам бол том яам. Гэсэн ч дэд сайд гэдэг албан тушаал Сангийн яамны ТНБД-аас эрх мэдэл, оролцоо, хүчний хувьд дор. Товчхондоо С.Наранцогтын томилгоог "дэвшүүлэн зайлуулах" гэсэн ангилалд багтаах нь зүйд нийцнэ.

ШӨХТГ-ын дарга Т.Гантулга

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг БОАЖ-ын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнийн оронд ШӨХТГ-ын даргаар томилж буй.

Т.Гантулга нь 2020 оны долдугаар сард МХЕГ-ын даргаар томилогдсон. Өнгөрсөн зуны тренд болсон сэдвүүдийн нэг хилийн хэмхэрхий ногоон хаалганы асуудал Ерөнхий сайдыг бухимдуулж, тэр үеэс Т.Гантулгад арга хэмжээ авах талаар яригдаж эхэлсэн. Засаг хөдлөхөд албан тушаал доошлох хүмүүсийн нэг нь Т.Гантулга байсан юм. МХЕГ, ШӨХТГ-ын аль аль нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэдий ч хоёр газрын даргын албан тушаалын эрх мэдэл, цар хүрээ тэнгэр газар мэт. Т.Гантулга хүртэх ёстойгоо хүртэж буй нь энэ аж. Тэрбээр БОАЖЯ, ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан юм.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж

ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржийг МХЕГ-ын даргаар томилсон. 2020 оны долдугаар сард ХЗДХЯ-ны ТНБД-аар томилогдсон Б.Баасандорж өнгөрсөн хугацаанд хэл аманд орох нь харьцангуй бага байсан ТНБД нарын нэг. Гэсэн хэдий ч өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагын улмаас МХЕГ-ын даргаар томилж байна.

,ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг

ХЗДХЯ-ны ТНБД-аар тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг томилж байна. Тэрбээр өнгөрсөн жилд л гэхэд Цахимын багц хуулиуд болон ХЗДХЯ-наас өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулиудад гардаж ажилласан хүмүүсийн нэг билээ. Түүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ч ойр харилцаатай гэх яриа байдаг.

БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж

Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын Дэд сайдаар томилж буй. Энэхүү албан тушаалд МАХН-ын ТНБД асан Б.Тулгыг томилохоор ярьж байсан ч Б.Тулгыг нийтийн албанд томилогдохыг хориглосон хууль шүүхийн асуудал байгаа гэгдэж буй.

Энэ бүхнээс үзэхэд хэд хэдэн томилгоонд МАХН-ын гишүүн байсан хүмүүсийн нэрс яригдаж байсан ч талаар болов. Өөрөөр хэлбэл МАХН-ынханд хуваах бялуугаа хэдийн тараагаад дуусссан бололтой.

ЗГ: Өвлийн олимпт оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгоно
ЗГ: Өвлийн олимпт оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгоно
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.