Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Зориглон: Монголд гэрийн тэжээвэр амьтдын эрх зүйн орчин дутагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 59 секунд

"Азтай савар" ТББ-ын гишүүд гудамжны нохой муурнаас үүдэлтэй олон асуудлыг цэгцлэх зорилгоор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан дээрх асуудал өнөөгийн нийгэмд ямар хор хөнөөл учруулж буй болон хуулийн төсөл ямар үр дүн хүлээж байгаа талаар "Азтай савар" НҮТББ-ын ТУЗ-ийн дарга Ц.Зориглонтой ярилцлаа.

-Гудамжны нохой, муурны үржлийн асуудал жил ирэх тусам хурцадсаар байна. Энэ асуудалд бид хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Бид 2013 оноос л spay гэдэг зүйлийн талаар ярьж эхэлсэн. Spay гэдэг нь эм нохойны савыг авах жижиг мэс ажилбар юм. Хүмүүс мэс ажилбар гэхээр хэтэрхий хүндээр ойлгоод байдаг. Гэтэл энэ нь нохойны чих, сүүлийг тайруулахаас хөнгөн мэс ажилбар юм. Neuter гэдэг нь эр муур, нохойны төмсгийг нь авах мэс ажилбар. Гадны орнуудад энэ мэс ажилбар бол энгийн л үзэгдэл. Гэртээ амьтан тэжээдэг л бол заавал хийлгэдэг хуультай. Манай улсад энэ төрлийн ямар ч хуулийн зохицуулалтгүй учраас дурын хүн болгон нохой, муурыг үржүүлж байна. Үүнээс болоод гудамжны муур, нохойны асуудлууд үүсээд байгаа юм. Монгол Улсад хийсэн судалгаагаар нохой, муур тэжээдэг хүмүүсийн 88 хувь нь үржлийг нь зогсоох мэс ажилбар хийлгэдэггүй.

-Энэ төрлийн хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа учир Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Энэ хуулийн талаар дэлгэрүүлбэл?

-Одоо бол дурын хүн хүссэн нохой, муураа барьж аваад тэжээж байна. Зарж байгаа хүнтэйгээ үнээ тохироод л худалдаад авчихдаг. Нохой, муур тэжээх нь өөрөө маш том хариуцлага шаарддаг. Хэн нэгэн тэжээвэр амьтан авахынхаа өмнө эхлээд энэ амьтныг 10-15 жил тэжээж чадах эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Гэр бүлийнхээ нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал гээд орон байрныхаа хэмжээг ч тооцоолох хэрэгтэй.

Бид УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хамтран Гэрийн тэжээвэр амьтдын эрх зүйн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хууль гарснаараа нохой, муур тэжээж байгаа эзний хариуцлагыг илүү тодорхой болгох юм. Хэрэв та нохой авах гэж байгаа бол хуулийн хүрээнд дараах хариуцлагыг хүлээнэ. Хэрэв нохойгоо гудамжинд гаргаад хаявал, эсвэл зодож гэмтээвэл дараах хариуцлагыг хүлээнэ. Нохой, муураа өөрийн хүссэнээрээ үржүүлэхийг хүсэж байгаа бол татвар төлөх гэх мэт олон асуудлыг шийдэх юм. Ингэснээр амьтны эрх хангагдахаас гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх давхар хангагдана.

-Тухайлбал тэжээвэр амьтны татварын хувьд гадны орнуудад ямар байдаг вэ?

-Нохой, муурны биеийн хэмжээ, үүлдрийн онцлогоос хамаардаг. Тухайлбал beagle гэдэг нохой биеэр жижиг ч маш хөдөлгөөнтэй учраас маш их анхаарал шаарддаг. Монголд их ажиглагддаг зүйл бол husky гэдэг нохойг орон сууцанд тэжээгээд байдаг. Гэтэл тэр нохой өдөрт хэдэн км газар чарга чирээд гүйдэг нохой. Тэр нь нохойны генд байдаг. Гэтэл манайхан нохойны үүлдэр, цаад өгөгдлийг судлалгүйгээр дөрвөн хананы дунд байлгаад амьтан зовоогоод байдаг. Нохой авах гэж байгаа бол 10-15 жилийн хугацаанд өдөрт багадаа 1-2 цагийг тэр нохойндоо зарцуулж чадах эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Гадны орнуудад муур, нохойг гэрийн нэг гишүүн гэж үздэг шүү дээ.

-Зардлын талаар илүү нарийвчилбал дундаж хэмжээтэй нэг нохойнд жилд хэдэн төгрөг зарцуулж байж хариуцлагатай эзэн байж чадах вэ?

-Өөрийнхөө жишээг аваад татварыг тооцолгүйгээр ярихад сард багадаа 100 мянган төгрөгөөр хоол авч өгдөг. Жилд нэг удаа вакцинд хамруулахад 50-60 мянган төгрөг. Гурван сард нэг удаа туулга уулгахад 10-20 мянган төгрөг. Мөн нохойгоо зориулалтын газар нь усанд оруулдаг байх хэрэгтэй. Энэ тооцооллоор бодоод үзэхэд жилд багадаа 1.5 сая төгрөг зарцуулдаг. Энэ бол нохойны асран хамгаалагчийн үндсэн үүрэг.

-Нохой, муурыг амьгүй эд мэтээр зарж, сольж түүнээсээ ашиг олдог хүмүүс бий. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалтгүй бизнес хийж байна. Хуульд энэ төрлийн заалтуудыг тусгаж байгаа юу?

-Тийм. Хэрэв энэ төрлийн бизнес эрхэлмээр байгаа бол эрхэлсэн шиг эрхлэх ёстой. Бизнес хийж л байгаа бол татвараа төлөх үүрэгтэй. Цахим орчинд ямар ч удмын бичиггүй, генийн хувьд холилдсон нохой муурыг хямд үнээр зарж байгаа хүмүүс маш олон. Одоогийн байдлаар тэр хүмүүс ямар ч хяналт, бүртгэлгүй үйл ажиллагаа явуулаад олсон ашгаа нэмэлт орлого мэтээр бодож байна. Нөгөө талаар үнэхээр цаг зав, мөнгө төгрөг, хүч хөдөлмөр, халамжаа зарцуулан цэвэр цусны нохой, муур зарж байгаа хүмүүс хохирч байна. Ойролцоо төрхтэй мөртлөө цус холилдсон нохойг хэд дахин хямд үнээр зараад байна шүү дээ. Жишээ нь, би нэг ресторан нээгээд, чанартай, эрүүл хоолоор үйлчлэх гэтэл нэг нөхөр рестораны үүдэнд хуушуур зараад байж болохгүй шүү дээ. Үүнтэй л адил.

-Статистик мэдээллээс харахад 2020 онд 3365 хүн нохойд хазуулсан гэсэн мэдээлэл байна. Гудамжны муур, нохойны асуудал зөвхөн тухайн амьтдын бус иргэдийн хувьд ч асуудал болоод удаж байна.

-Яг тийм. Гэтэл энэ тоо бол зөвхөн эмнэлэгт хандсан хүмүүсийн тоо. Хазуулаад эмнэлэгт хандаагүй хэдэн мянган хүн байгааг мэдэхгүй шүү дээ. Хүмүүс үүнийг зөвхөн амьтны асуудал гэж ойлгоод байдаг. Энэ бол нийгмийн асуудал. Адаглаад гудамжинд нохой муур гүйж явахад хүмүүс айж, зугтдаг. Энэ хууль гарснаараа бүх муур, нохой бүртгэлтэй болоод гудамжинд сул гүйж явдаг нохойгүй болно. Тэжээвэр амьтнаар халдварладаг халдварт өвчний асуудал мөн шийдэгдэнэ.

Нөгөө талаар Улаанбаатар хотын хэмжээнд нохой, муур буудахад жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс гадна тэр буудсан нохойгоо булах, сэг зэмийг нь устгахад бас л өчнөөн хөрөнгө зарцуулдаг. Жил бүр ямар ч үр дүнгүй хичнээн сургууль, цэцэрлэг барих мөнгө нохой, муурны устгалд зарцуулагдаж байна. Буудаад дуусчихдаг бол болж байна. Гэтэл энэ хэзээ ч дуусахгүй. Буудах хурд нь үржлийнхээ хурдыг хэзээ ч гүйцэхгүй. Тухайлбал эр, эм хоёр нохой таван жилийн дотор 96,000 болж өсдөг. Эр, эм муур таван жилийн хугацаанд 420,000 болж үрждэг. Гэтэл жилд 80,000-100,000 нохойг бууддаг.

-Нохой муурны, сэг зэмийн асуудлын талаар дурдлаа. Энэ нь мэдээж орчны бохирдол, хөрсний борихдолд маш том нөлөө үзүүлж байгаа байх?

-Өнгөрсөн оны есдүгээр сард ДЭМБ-аас манай улсын ЭМЯ-нд албан бичиг хүргүүлсэн. Тэр бичигт үл анзаарагдам халдварт өвчний асуудал Монгол оронд Африкын орнуудтай адил улаан түвшинд хүрсэн талаар мэдэгдсэн. Энэ өвчнүүд ядуурал, хөрсний бохирдлоос шалтгаалдаг. Жил бүр 80-100 мянган нохойны сэг зэмийг Цагаан давааны хогийн цэгийн ойролцоо булж байгаа. Хот даяар тэр сэг зэмний үнэр үнэртэж байгаа. Өмнөх нь хөрсөндөө ч шингэж амжаагүй байхад нэмээд булж байгаа. Энэ бол хөрсний бохирдолд асар их нөлөөлж байгаа.

-Тэжээвэр амьтантай холбоотой маш олон асуудал байдаг. Тухайлбал гудамжаар нохойгоо хөтөлж явахдаа хошуувч зүйлгээгүйгээс болж иргэдийн дунд асуудал үүсдэг. Үүнийг хуульд тусгаж байгаа юу?

-Олон нийтийн газар гэдэг нь нохой, муур тэжээдэг хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт болоод байгаа юм. Жишээ нь байрныхаа гадаа нохойгоо салхилуулж байхдаа хүн багатай үед хошуувчийг нь авч болох болохгүйг нь зохицуулах хэрэгтэй. Харин олон хүмүүс алхаж байгаа зам дагуу нохойгоо хөтөлж яваа бол хошуувчийг нь зүүлгэх зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг тодорхой болгох ёстой.

-Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Хуулийн төсөлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

ШӨХТГ-ын даргаар Т.Гантулга томилогдлоо
ШӨХТГ-ын даргаар Т.Гантулга томилогдлоо
 
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.