Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гоожих“-ын ЦОНДОН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

Ерөнхий сайдын төлөвлөж, дотроо “зурагласан” улс төрийг гүйцэд тааж мэдэх юм алга. Ямар ч байсан гишүүдэд “давхар дээл” өмсүүлэх ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх. Үгүй бол Ерөнхий сайдынх нь улс төр цаашдаа бүрхэг болно.

Тэрбээр “давхар дээл”-ний улс төрөө эцэслээгүй байхдаа сайд нараасаа “сугалж” орхилоо. Гадна талдаа олон нийтэд хариуцлага алдсан хүмүүсийг явуулж буй мэт харагдав. Дотор талдаа “хэний ч хүнийг би явуулж чадна шүү” гэх улс төрийн мессежийг хүргэсэн. Товчхондоо, Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт “нэг сумаар хоёр туулай буудсан” хэрэг.

Гэхдээ ингэж улс төрийн зорилгоо биелүүлэх нь туйлын хортой. Танхимын зарчмаар ажилладаг Засгийн газраасаа нэг л сайд “сугалуулахад” цаашдаа дараа, дараагийн сайд нарыг тогтоож барих боломжгүй болдог. Нэг талаас нийгмийн эсэргүүцэл, нөгөө талаас улс төр “гүйхэд” ямар ч Ерөнхий сайд хүнд байдалд орох магадлалтай. Хэрвээ улс төрийн нөхцөл байдал эвгүйгээр эргэхэд Ерөнхий сайдаас өнгөрсөн хугацаанд хариуцлага алдаж ирсэн Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх акцыг зохион байгуулцгаана. Үүнд нь ард түмэн сайн дураараа нэгдэж хүчийг бий болгосноор эсэргүүцэхэд туйлын бэрх болдог.

Жишээлбэл, саях халаа сэлгээний дараагаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хариуцлага тооцох тухай асуудал хөндөгдөж эхэллээ. 21 аймаг нь бараг тэр чигтээ шүлхийнд баригдаж, малчид нь хүнд байдалд орсон. Салбарын сайд уг асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаагаас эхлээд асуудал ургана. Мөн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх. Түүнийг сая утааны асуудлаар чөлөөлөгдөх байсан ч ард нь сугарч үлдлээ гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна.

Удаах нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар. Хил гааль гацахаас эхлээд Дарханы зам хүртэл Л.Халтар сайдад асуудал түм бум. Мөн ямар ч салбарт гэнэтийн шинэ асуудал үүсэхэд шууд огцруулах сигнал дуугарч эхэлнэ гэсэн үг. Ер нь энэ Засгийн газрын "дан дээлтэй" сайдууд дунд асуудалд орохгүй үлдэх нь хүн тун цөөхөн.

Өөрөөр хэлбэл, нэгэнт танхимаасаа “шүд” сугалчихсан учир Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн танхим цаашдаа нэг нэгээрээ “гоожих” болно. Ингээд гоожоод эхэлбэл дахиад "түр" сайд хаанаас олж тавих вэ. Хэт олон "түр" сайд тавьснаар ажил унах ч аюултай. Одоо үүнээс урьтаж Үндсэн хуулийн асуудлаа нэн яаралтай оруулж ирэхгүй бол цаашдаа байдал улам л хүнд болно. Өнгөрсөн хугацааных шиг улс төрийн “гал”-ыг өөр дээрээ үүрээд сайд нараа хамгаална гэдэг ойлголт одоо нэгэнт үгүй болсон.

Сайдаа "сугалуулах" ийм хортой учир үе үеийн Ерөнхий сайдууд нэг сайдаа ч алдахгүйн тулд хичээдэг. Үүнийгээ танхимын зарчим хэмээн нэрийддэг билээ.

Г.Лхагвадорж

Ц.Зориглон: Монголд гэрийн тэжээвэр амьтдын эрх зүйн орчин дутагдаж байна
Ц.Зориглон: Монголд гэрийн тэжээвэр амьтдын эрх зүйн орчин дутагдаж байна
 
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.