Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Уут ааруулны үнэ 20 мянгаас эхэлж байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
3 минут 32 секунд

-ЦАР ТАХАЛ БА ЦАР ТАВАГ-

"Цар тахал байлаа гээд цар тавгаа хоосон байлгаад байвал Монголоо алдсан хэрэг болох бизээ" хэмээн цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар тавгийн идээ цуглуулж яваа настнууд ярилцана. Архангай аймгийн цагаан идээ үзэсгэлэн худалдаа энэ сарын 30-ныг хүртэл Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдаж байгаа аж. 10 гаруй асар засаж цагаан идээ худалдаалах ба асар бүр хүний хөлд дарагджээ. Гэсэн ч тор тороор нь цагаан идээ аваад буцаж байгаа хүн цөөхөн.

Ааруулны үнэ нэг кг нь 20,000-30,000 төгрөг. Арханхай аймгийн Тариат, Чулуут, Булган сумаас ирсэн ааруул гэлцэн дээлтэй худалдаачид наймаа хийнэ. Монгол Улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт үндэсний үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүн уут ааруул худалдаж авахад хүрэхгүй байгаа нь харамсалтай.

-НЭГ ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХАД БАГАДАА 100 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА-

Хэвийн боовны үнэ үйлдвэрээсээ хамаарч 3500-5000 төгрөгийн үнэтэй ба хамгийн багаар тооцож үзэхэд нэг тавгийн идээ 100,000 төгрөг орчим болохоор байгаа юм. Хэвийн боовны худалдаа эрхлэгч Б.Энхтөрөөс үнэ болоод иргэдийн худалдан авах чадварын талаар тодруулахад, Архангайн Эрдэнэбулган сумаас ирсэн боов зарж байна. Нэг ширхэг нь 4000 төгрөг. Өмнөх жилүүдийг бодоход гурил, тос гээд бүх юмны үнэ өссөн учир хэвийн боовны үнэ ч дагаад өсөж байна. Иргэдийн худалдан авах чадварт ч мөн тааруу байгаа нь мэдэгдэж байна" гэв.

Хоёр уут ааруул, нэг тогооны өрөм барьж явсан иргэн Г.Алимаатай хэдэн үг солив.

-Сайн байна уу? Тавгийн идээгээ цуглуулж явна уу?

-Тийм, ааруул үнэхээр үнэтэй байна. Хөдөөний хүмүүс нь өөрсдөө орж ирээд зарж байгаа гэж ойлгоод эндээс хоёр кг ааруул, нэг тогооны өрөм авлаа. Энд байгаа ааруул л арай "ориг" гэж бодож байна. Үнийн хувьд бол бусад захуудтай адилхан байна.

-Энэ жил гэр бүлийнхээ хүрээнд л шинэлэх гэж байна уу?

-Өвчин зовлонтой үед хэдэн хүүхэдтэйгээ л золгоно. Гэхдээ л гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэлээ гээд хоосон сууж болохгүй гээд багахан юм цуглуулж явна.

-Зөвхөн гэр бүлийнхээ хэмжээнд шинэлэхэд тавгийн идээ, бууз, идээ шүүс, хүүхдийн бэлэг сэлт зэрэгт хичнээн төргөг зарцуулахаар байна вэ?

-Яаж ийж байгаад 1-1.5 саяд багтаахаас өөр аргагүй л байна. Хүүхдүүдийнхээ хэмжээнд хийхэд л ийм хэмжээний мөнгө гарч байна. Ааруул, цагаан идээ, мах, гурил, чихэр, петчинь гээд өсөөгүй юм алга даа, хүү минь...

Цагаан идээний үнэ:

  • Ааруул 20000-25000 төгрөг
  • Өрөм 22000-25000 төгрөг
  • Ээзгий 11000 төгрөг
  • Аарц 4000-6000 төгрөг
  • Шар тос 30000 төгрөг
  • Сүүн ааруул 28000 төгрөг
  • Тогооны өрөм 20000 төгрөг

Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдэд олгоно
 
Дээд шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс ТАТГАЛЗАЖ, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.