Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Очирбат: Заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэх ойлголт байхгүй

Ангилал
Бусад Ярилцлага
Огноо
Унших
5 минут 57 секунд

No description available.Ирж буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилд хийлгэх ёстой онцлох засал ном болон зүг, мөрөө гаргахдаа юуг анхаарах ёстой талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа.

-Ирж буй бар жилийн өнгө зурхайд хэрхэн буув. Мөн энэ жилийн онцлох засал номын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Сайжруулагч хэмээх усан бар жил удахгүй гарах гэж байна. Усан бар жилийн өнгийг ерөнхий болон шороон үхрийн шинжээр гаргаж хэлдэг. Ерөнхий шинжээр алт, мөнгө элбэг дэлбэг, өвчин зовлонгүй сайхан жил болно хэмээн зурхайд буужээ. Шороон үхрийн шинжээр дөрвөн улирлын эхээр хур ус ихтэй, өвс ногоо дэлгэрнэ. Залуу хүмүүст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд ширүүн жил гарна.

Засал номын хувьд дотроо олон янз. Тухайлбал, өнцгийн, жил нь орж буй хүний засал, мэнгэний, есөн нүдний, 33-ний засал гэх мэт. Өнцгийн засал гэдэгт хий, уул, шороо, огторгуй гэх өнцгүүд бий. Эдгээрт жилийн гол өнцөг засал гэж нэрлэдэг бөгөөд энэ дундаа шороо, огторгуй, төмөр суудалд суусан хүмүүст онцгойлон засал хийх ёстой гэж үздэг. Жил нь орж буй заслыг заавал хийлгэх ёстой байдаг.

Түүнчлэн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай

-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?

-Эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Эрэгтэй хүн жилээ угтаж орно гэдэг нь жил орохоос өмнө засал номоо хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ нар буцах, хөдөлгөөн орох өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ноос хойш шинийн 15-ны дотор заслаа хэдийд ч хийлгэвэл зохилтой. Зөвхөн эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүн ч арванхоёрдугаар сарын 22-ноос хойш шинийн 15, хаврын эхэн сардаа багтаан заслаа хийлгэх ёстой. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэдэг. Тиймээс хүмүүс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг зорьдог учиртай.

-Тэр тусмаа залуусын дунд жилийнхээ засал номыг хийлгэх тал дээр ач холбогдол муу өгдөг, ойлголт дутмаг байдаг. Тэгвэл засал номоо заавал хийлгэх ёстой шалтгаан нь юу вэ?

-Засал номоо байнга хийлгэж байх ёстой. Гариг эрхсийн нөлөө гэж байдаг. Жишээлбэл, 33-ны жил орох үед хүний сүлд хийморь доройтох нөлөө бий. Тэр тусмаа гал дээр сууж буй толгой өвдөх, гариг эрхсийн нөлөөнд их орох нигууртай болохыг номонд бичсэн байдаг. Эмэгтэй хүн усан дээр суудаг тул эмэгтэйчүүдийн өвчин өртөх, цаашилбал гариг эрхсийн нөлөөнд автах нөлөөлөл их байдаг учраас тусгайлан хийлгэх засал номыг цаг хугацаанд нь хийлгэвэл ононо.

-Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргахдаа юунд анхаарвал зохих вэ?

-Сүсэгтэн олон маань цаг тооны бичигт зааснаар зүг, мөрөө гаргах хэрэгтэй. Хуучин гэрийн эзэн мөрөө гаргасны дараа бусад нь гаргахгүй байсан ч болно гэж үздэг байсан. Гэвч хүн бүр өөр өөрийн гэсэн үйл лайтай тул зүг, мөрөө гаргахад буруудах зүйлгүй. Зүг, мөр гаргахдаа анхаарах гол зүйл нь жилийн хар нохойн ам гэж бий. Энэ жилийн хувьд бар жил гарч байгаа тул жилийн хар нохойн ам нь зүүн зүгтээ байгаа. Усан дээр сууж байгаа хүн зүүн зүг цог хийморийн зүг нь байгаа. Иймд усан дээр сууж байгаа хүн цог хийморийнхоо зүгт гарч, буян хишгийн зүгээс гэртээ ирдэг. Усан дээр сууж байгаа хүн зүүн зүгт гарахгүй байх ёстой. Бусад сайн зүгийнхээ аль нэгт гарч, буян хишгийнхээ хойд зүгээс ирэх ёстой.

-Гандантэгчэнлин хийд битүүний өдөр сүсэгтэн олонд зориулсан ном хурах уу?

-Битүүний өдрийн шөнө нь Цэдэрлхам буюу Лхам бурханы тахилга хурна. Уг хурал шинийн 1-ний өглөө дуусдаг. Ийнхүү шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй байдаг.

Маргааш Улаанбаатарт 15 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 15 хэм хүйтэн
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.