Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, 5.6 тэрбумыг хүчээр олгуулсан Н.Мөнхбатын хэрэг 5 жил “уяагдаж“ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаагаар хэрэгсэхгүй болсон түүх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 51 секунд
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/2 хувь нь төлөгджээ. Сайн мэдээ. Гэвч эргэн төлөлтийн ард төрийн мөнгөний хулгайчид хулгайгаа нуусаар өмнөх шигээ сугарч үлдэх хандлага ажиглагдаж эхлэв. Энэ өдрүүдэд ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий тухайн үеийн удирдлагуудыг цагдан хориод буй. Ардын намын генсекийн “анхаарч” буй Хөгжлийн банкны хэргийг хаана хүрч, хэн ямар шийтгэл хүлээхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Хоригдоод буй Б.Шинэбаатар, Н.Мөнхбат тэргүүтэй нөхдүүдийн хэрэг өмнө нь шүүхээр таслуулж байсан. Өнөөдөр тэгвэл уг хэргийн талаарх зарим материалыг хүргэе. Бүр тодруулбал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нь “Монлаа” ХХК-д давуу байдал олгож улсад хүнд хор хохирол учруулсан. Гэвч шүүх түүний хэргийг хуучин эрүүгийн хуулийг ашиглаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн байдаг. Харин “Мон Лаа” ХХК-иас 8.2 тэрбум төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани нэг ч төгрөг буцааж тушаагаагүй гэдгийг Хөгжлийн банкныхан мэдээлж буй юм. Сануулахад, “Мон Лаа” гэх компанийн гүйцэтгэх удирдлагаар Х.Энхсайхан хэмээн эрхэм ажилладаг бөгөөд УИХ-ын гишүүн асан М.Билэгт 2015 оныг хүртэл хувь, хувьцаа эзэмшдэг байсан юм.

Н.Мөнхбат ТУЗ-ийн шийдвэрийг зөрчиж, ТЭЗҮ батлуулаагүй “Мон Лаа”-д хэрхэн хүчээр зээл олгосон бэ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Мон Лаа” ХХК-д зээл олгох тодорхой нөхцөлүүдийг тогтоож, уг нөхцөлүүд хангагдсаны үндсэн дээр зээл олгох эрхийг Н.Мөнхбатад олгосон байдаг. Гэтэл Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжмалын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг “Мон Лаа” ХХК хийгээгүй, батлуулаагүй байхад дур мэдэн зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн Эрсдэлийн удирдлагын хорооны дүгнэлт өндөр эрсдэлтэй гэж гарчихаад үл хайхарч, нөлөөлөл болон шахалт үзүүлсэн гэдгийг гэрчүүд нотолсон байдаг.

Гэрч энэ талаар шүүх хуралд “ТЭЗҮ албан ёсоор батлагдаагүй байна гэдгийг хэлж байсан. Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “гүйлгээ хийх шийдвэрийг гаргаж зээлийг олго” гэсэн” хэмээн мэдүүлсэн. Мөн өөр нэг гэрч “Ажлын хэсгийн хурал дээр “ТЭЗҮ батлагдаагүй газарт яагаад ийм зээл өгсөн байна” гэхэд “бид бол яах вэ, хамгийн гол нь удирдлага, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат зээл өг гэсээр байгаад өгүүлсэн” гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд Н.Мөнхбатад холбогдох хэргийн хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Мөн Н.Мөнхбат "Уг компани зээл авахдаа ТЭЗҮ-ийг батлуулсан байхад зээл олгосон" гэж мэдүүлсэн ч “Мон Лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайхан "зээл авах үед ТЭЗҮ-ийг батлуулаагүй байсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ.

Ийнхүү хууль хяналтынхан Н.Мөнхбат нь захирлаар ажиллаж байхдаа “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, 3 сая ам.доллар буюу 5 тэрбум 642 сая 970 мянган төгрөгийг олгосон гэдгийг хангалттай нотолж, хавтаст хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг тусгасан байв.

2017 онд шүүхэд шилжсэн хэрэг 2021 онд шийдэгдсэн буюу ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ 5 жилийг "хожсон" нь

АТГ-аас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын хэргийг шалгаж, тусгаарлаад үндэслэл бүхий яллах дүгнэлттэйгээр шүүхэд 2017 онд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш анхан шатны хурлыг санаатайгаар хойшлуулах, нэмэлт баримт цуглуулах зэрэг шалтгаанаар хойшлуулсан. Ингэж явсаар анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Н.Мөнхбат нарыг буруугүй гэж үзсэн. Уг шийдвэрийг прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар УДШ 2020 онд уг хэргийг хэлэлцэж, анхан шат руу буцааснаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдэгдсэн байдаг.

Эдгээр он цагийг анхааралтай ажиглавал Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг 5 жилийн хугацаанд шүүхийн шатанд “замарсан” байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүд бүр анхнаасаа маш тодорхой байсан. Гэвч тодорхой бус шалтгаар Н.Мөнхбат нарын хэрэг удааширсаар байсан юм. Ингээд эцэст нь шүүхээс Н.Мөнхбатыг “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн хэдий ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан хэмээж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх дүгнэхдээ “Шүүгдэгч Н.Мөнхбатын хувьд дээрх гэмт хэргийг үйлдэгдэж төгссөн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. 2008 онд өөрчлөлт орсон Эрүүгийн хуулиар зарим төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэлт, оруулснаас хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Н.Мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” хэмээн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ дүгнэж, ямар нэгэн ял шийтгэлгүй өнгөрөв. Сануулахад, Б.Мөнх-Эрдэнэ шүүгч нь уг хэргийн анхан шатан дээр явагдсан эхний хуралдааныг даргалж байсан. Түүнийг гаргасан шийдвэрийг прокурор эсэргүүцэж давж заалдах шатанд гомдол гаргаж байв.

Товчхондоо таван жил уг хэргийг “барьсан” шалтаг шалтгаан нь энэ. Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож дуусахыг хүлээж шүүх дээр асуудлыг удаасан хэрэг. Тиймээс гэмт этгээдүүдэд "хожоод" байгаа цаад үндэс суурь нь шүүх тогтолцооныхон болчихоод байгаа юм. Шүүх болон шүүгчийн хэн байхаас шалтгаалж улс төрчид, эрх мэдэлтнүүдийн хэрэг эргэлзээтэй байдлаар шийдэгдэж байна.

Одоо Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг цагдан хориод шалгаж байгаа. Тэдний хийсэн хэрэг үнэхээр хөдөлбөргүй нотлогдож буй бол асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол хуулийн "цоорхой" ашиглаж асуудлаас яаж ч мултарч мэднэ гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй.

Үргэлжлэл бий...

Гэрч нарын мэдүүлэг
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх шүүгчийн тайлбар
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр

Хаврын чуулган өнөөдөр НЭЭЛТЭЭ хийнэ
Хаврын чуулган өнөөдөр НЭЭЛТЭЭ хийнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.