Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгын тавьж буй “жүжиг“...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Х.Баттулга талын АН-ынхан өчигдөр намын даргын сунгаагаа эхлүүллээ. Уг нь өнгөрсөн хугацаанд О.Цогтгэрэл тэргүүн эгнээнд зогсож, Х.Баттулга арын эгнээнд байсан. Гэвч энэ удаад Х.Баттулга өөрөө ил гарч АН-ынхныг утгаар нь шуугиулж байна.

Ерөнхийлөгчөөс буусан хүн Х.Баттулга шиг ингэж хурдан улс төрд эргээд орж байсангүй. Хачирхалтай нь О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар Х.Баттулгынхаа эсрэг байр суурь илэрхийлэв. Даргын сунгаа явагдахаар болсон даруйд О.Цогтгэрэл намын даргын сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Дараа нь “Баттулгад гай ч бий, гавьяа ч бий” хэмээх эсрэг комментыг хэвлэлээр дамжуулан хэлэв. Үүнтэй зэрэгцээд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Х.Баттулгын АН-аас холд гэх маягтай агуулгыг хэлэв. Энэ хоёр эрхмийг Х.Баттулгаас салгаж ойлгоход туйлын бэрх. Ялангуяа Ж.Батсуурь бол аймгийн дарга байхаасаа эхлээд л Х.Баттулга талд явсаар ирсэн хүн. Харин О.Цогтгэрэл нь Н.Алтанхуяг гишүүнтэй холбогдож, нэг талд зогсдог. Гэвч Н.Алтанхуяг болон Х.Баттулга нар яг энэ өдрүүдэд нэг тэрэгний хоёр дугуй болж яваа хүмүүс. Тиймээс аль ч утгаараа тэд Х.Баттулгын улс төрд туслан гүйцэтгэгчид юм.

Хоёр гишүүний шил дараалан илэрхийлсэн байр суурийг сонссон улс төрийн хүрээнийхэн Х.Баттулгын талынхан хоорондоо муудалцсан бололтой гэдэг мессежийг ойлгов. Гэвч яг үнэндээ хоорондоо "жинхэнэ"-эсээ муудалцаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь Х.Баттулга намын даргад нэр дэвшихээр индэр дээр гарч ирсэн нь өөрсдийнхөө хийж буй намын даргын сунгаагаа үнэмшилтэй, бас анхаарлын төвд оруулах гэсэн тактик байх магадлалтай. Тэр энэ зэргийн тавилттай улс төрийг хөнгөхөн хийчих хүн. Мөн өнгөрсөн хугацаанд өрнөсөн хэрүүл, уруултай намын асуудалд Ж.Батсуурь гишүүн тэргүүн эгнээнд гарч дуугараагүй. Үүнийг нь тухайн үед бүлгийн даргаа авахын тулд биеэ бэлдэж буй явдал гэж улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байв.

Х.Баттулга нэр дэвшиж АН-ыг авах гэж буй нь буцаад улс төрийн эрх мэдлээ сэргээж, төрийн “хамгаалалт”-д орох гэсэн санаархал хэмээн тайлбарлаж бас болох юм. Мөн УИХ дээр хэлэлцэгдэх шатандаа байгаа төрийн тэргүүн байсан хүн эргээд улс төрийн намд таван жилийн хугацаанд элсэхгүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэх хуулийг батлагдахаас өмнө намдаа, элсэж улс төрөө сэргээх гэсэн санаа байхыг ч үгүйсгэхгүй. Түүнд улс төрийн хамгаалалт маш их хэрэгтэй байгаа. Хөгжлийн банкыг ярихад л түүний нэр холбогдож байх жишээний. Одоо цаашлаад төмөр замын асуудлыг нь шалгаж эхэлвэл тун ч эвгүй ирээдүй Х.Баттулгыг хүлээж буй.

Гэхдээ л Х.Баттулга хүмүүстэйгээ эсрэг болж байгаад намын даргын сунгаанд оролцож буй нь цаанаасаа нэг л үнэмшил төрүүлэхгүй байна. Ардчилсан намын дүрмээрээ намын гишүүн намын даргад нэр дэвших эрхтэй. Тэгвэл намын гишүүнчлэлээсээ татгалзчихсан Х.Баттулгын гишүүнчлэлийг сэргээж, хэний гарын үсэгтэй үнэмлэх өгөх вэ. Өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ талд тамга, гэрчилгээ аль аль нь бий. С.Эрдэнээс намын баталгаа авахгүй нь тодорхой. С.Эрдэнэ ч өгөхгүй нь тодорхой.

Тиймээс Х.Баттулгын “нохой шуугиулж” буй улс төр нь цаанаа давхар зорилготой “нүүдэл” гэж үзэх нь илүү үнэнд нийцэхээр байгаа юм. Х.Баттулга нэр дэвших нь О.Цогтгэрэл талынхан АН-ын даргын сунгааг олон нийтэд илүү үнэн бодитой болгож харагдуулна. Бас олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж, дэмжигчдээ цуглуулах боломжийг өгнө. Үүнийх нь үр дүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Х.Баттулгыг ялж намын дарга болох болзлоо хангалаа гэдэг мессежийг намын жирийн дэмжигчиддээ өгөх нь хүлээн зөвшөөрөгдөх байдлаараа О.Цогтгэрэлээс илүү болгох үндэслэлтэй.

Нөгөө талдаа хэрвээ Х.Баттулга нэр дэвшээд О.Цогтгэрэл талаас АН-ын даргаар томилогдох болзлоо хангавал Ардын намын талаас дэмжлэг ирэх магадлалтай. Мөн С.Эрдэнэ талтай тохиролцох “хөзөр” ч болгох боломжтой. Ямар ч байсан Х.Баттулга ил гарснаар сульдаж, туйлдсан АН утгаараа хоёр хуваагдах болно.

ХБ-ны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын БАЗ шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нь Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын хэргийг ХОЁР УДАА шийдэж байжээ
ХБ-ны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын БАЗ шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нь Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын хэргийг ХОЁР УДАА шийдэж байжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.