Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АДУУ байтугай ЖООМ ч уйлмаар Ардчилсан намын балайрал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 29 секунд

Нутаг нутгийн ардчиллаа алдсан адуунууд одоо сэрэх хэрэгтэй. Манайх шиг адууны ардчиллаа алдсан улс гэж энэ дэлхий дээр хаана ч алга. Арга ядсандаа Төв аймгийн хэсэг бүлэг адуу ардчиллыг хүсэн тэчьяадсандаа дарга нарыг хараад өөрийн эрхгүй бөхийчихсөн байна. Тэрийг нь Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй эрийн хийморьтой хэдэн дарга нар харчихсан байх юм. Аймаар том жийптэй дарга нар салхи татуулан өнгөрүүлээгүйсэн бол өнөө хэд маань “Хонхны дуу”-г янцгааж өгөх байсан биз. Энэ бол утга уянга биш. Энэ бол энүүхэн Төв аймагт болсон явдал.

Монгол морьд ер нь хүнээсээ ч илүү адтай амьтан юм. Бид ч адуутайгаа туйлын их ярьдаг ард түмэн. Адуу нь хүний хэлийг мэддэг юм уу, хүн нь адууны хэлийг мэддэг юм уу гэдгийг одоохондоо хэн ч тогтоогоогүй байна. Гэсэн ч бид ярилцсан хэвээр. Сая хүртэл адуутайгаа улс төр, ардчилсан намын хагарлыг ярьчихлаа шүү дээ.

Үлгэр домгууд дээрээ бол адуу малтайгаа ярьсан явдал битүү. Үлгэр битгий хэл одоогоос хэдэн жилийн өмнө “Ялалтад зүтгэсэн морьд” гээд баримлыг бас л адуутайгаа ярилцаж байгаад юунд зүтгэсэнг нь сонсоод хийчихсэн. Адууны хэл мэдэхгүй мань мэт тэр хөшөөг нь харвал хоёр пульёматаа чирэх гээд зүдэрч байна гэж харна.

Мэдээллийн эрэн зуунд дэлхийн өнцөг булан бүрт тэгш эрх, ардчилсан хүний эрхийг хүсэмжилээд, адил тэнцүү эдлээд эхлэв. Зарим ч нь үүнийхээ төлөө дайтаж, байлдаж байна. Гэтэл хүн төрөлхтөн ардчиллын сайн сайхныг бүрэн ойлгож, бөөндөө шилжиж ч амжаагүй байхад манай Монгол морьд ардчиллыг хүсээд эхэлжээ. Гэвч Ардчиллын амин сүнс Ардчилсан намыг үгүй болж байгааг сонсоод дотор нь тавгүй байсан адуунууд даргын сунгаа болох гэж байгааг сонсоод нэр дэвшигчдээ угтан авч, талархан бөхийж. Үнэндээ Л.Төмөрчөдөр даргыг дан ганц шоолох нь өрөөсгөл. Ардчилсан намын бүтэлгүйтлийг харсан адуу байтугай жоом ч гэсэн уйлмаар байгаа нь үнэн. Цагаан морин жил гэж өөрсдөөр нь хүсээгүй байхад баахан овоглодог хэрнээ хоёр талд хуваагдаж алиагаа алдаж байгааг харсан захын адуу уурлана. Эхнээсээ уурлаад, гомдоод, хүсэмжлээд ч эхэлж.

Магадгүй дараагийн сонгуульд Төв аймагт нэр дэвшигчид иргэдтэй хийх уулзалтынхаа хажуугаар ардчиллыг хүсэгч адуунуудтай тусгайлсан уулзалтыг хашаа, хороо болгон явуулл. Хэдэн адууныхаа санал бодлыг сонгох нь зүйтэй. Ингэж байж тэдний Ардчилсан намынхаа талаарх байр суурь, ардчиллаа хэрхэн алдаж буй талаар нь ойлгоно.

Ер нь бодоод байхад Ц.Туваан тэргүүтэй АН-ыг чангаагчид адуу хүртэл санаа зовохоор болтол намаараа тоглоцгоосон. Ц.Туваан өөрөө уяач хүн. Тиймээс энэ асуудлаа хурдхан шийдвэрлэхгүй бол гишүүдээс чинь түрүүлээд аймгийн хэдэн адуунууд чинь төв талбай руу жагсаал хийгээд ороод ирэх вий дээ. Баас, шээс нь дийлэхгүй юм байна лээ шүү.

Гэхдээ энэ дэлхий байтугай нарны хэдэн гараг дундаа адуутай ярилцсан анхны хүн, анхны нам гэдэг утгаараа тэд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Ардчилсан адуутай улс Монголоос өөр хаана ч байхгүй шүү дээ. Адууны ардчилал мандах нь зөв. Харин ардчиллыг хүсч буй адууныхаа асуудлыг зохицуулахаасаа өмнө нь ч юм уу, дараа нь ардчилсан намаа бүтэн байлгахыг хүсч буй гишүүдийнхээ хүсэл зорилгыг биелүүлээрэй.

Ноолуур нэг кг нь 120000-130000 мянга байна
Ноолуур нэг кг нь 120000-130000 мянга байна
 
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.