Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Туул голын эрэгт аялал жуулчлалын цогцолбор барих тул бургас модыг нүүлгэн шилжүүлнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 9 секунд

Зайсанд байрлах "Wooden House" зоогийн газрын баруун талд "голын эрэг ухаж, мод унагаж, барилга байгууламж барьж байна. Туул голын эргийн хамгаалалтын бүс 50 метр дотор барилгын ажил явуулж байгаа"-г сурвалжилж өгнө үү гэх хүсэлт манай сайтад ирлээ.

Тиймээс иргэдийн хүсэлтийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Юуны өмнө бид уг газар зөвшөөрөлтэй эсэхийг тодрууллаа. Бидэнд олдсон мэдээллээр, “Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хот байгуулалтын хөгжлийн газраас тус газрын 0.4 га газарт Аялал жуулчлалын цогцолбор барих барилгын ажлын зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар “Монгол фармасютикал корпораци ХХК”-д 2015 онд олгожээ.

Ингээд гүйцэтгэгч компаниар шалгарч, үйл ажиллагаагаа эхлүүлээд буй "Билгүүн Монгол констракшн" ХХК-ий ХАБ-ын ажилтан н.Мөнхболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу. Манай сайтад голын эрэг ухаж, мод унагаж хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн гэсэн мэдээлэл ирлээ. Хэдийгээр танайх зөвшөөрөлтэй ч голын ай сав газар барилга, байгууламж барих гэж буйд иргэд эгдүүцэж байна?

-Юуны өмнө энэ газарт бургас мод гэмтээсэн, голын ай сав хөндсөн асуудал байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хоёрдугаарт, энэ газарт аялал жуулчлалын цогцолбор баригдана. Нийслэл ч юм уу холбогдох бүх газраас бичиг баримтуудаа авчихсан. Бичиг баримтын асуудалгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-Аялал жуулчлалын цогцолбор гэдгээ тодруулж болох уу. Өндөр, өндөр байр орон сууц баригдах юм биш биз?

-Тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажил явагдана. Барилгатай холбоотой асуудлууд явагдана.

-Биднийг цаагуур явж харахад мод руу шахсан, газар ухагдсан харагдсан. Тухайн моднуудыг нүүлгэн шилжүүлэх үү?

-Бид энэ асуудлаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан. Энэ бургас мод тодорхой хэмжээнд дарагдах эрсдэлтэй байгаа учир нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдана. Эрх бүхий байгууллагууд нь аюулгүй нүүлгэн шилжүүлээд аваад явах байх.

-Хэдэн модыг, хааш нь шилжүүлэх вэ?

-Нарийн сайн мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Жаргалантын ам руу хоёр модыг шилжүүлнэ.

-Одоо баригдах аялал жуулчлалын цогцолборт иргэд чөлөөтэй нэвтэрч болох уу?

-Гадаад, дотоодын иргэд орж ирээд үйлчлүүлнэ. Тодорхой хэмжээний бизнесийн байгууллага байна гэсэн үг.

Тус ажлыг гүйцэтгэгч компанийн хувьд дээрх мэдээллийг өгсөн бол хашаа барих зөвшөөрөл олгосон Богд хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн н.Мөрөнгөөс зарим зүйлийн талаар асууж тодруулахад дараах хариултыг өгсөн юм .

Тэрбээр “Монгол фармасютикал корпораци" ХХК Зайсангийн аманд 0.4 га газрыг сайдын 2015 оны тушаалаар авсан байдаг. Манай зүгээс нарийвчилсан үнэлгээний дагуу үйл ажиллагаа эрхлэх, нийслэлээс барилга эрхлэх зөвшөөрөл шаардагддаг. Энэ бичиг баримтуудын асуудал тухайн компанид байгаагүй учраас манайх хамгаалалтын хашаа барих зөвшөөрөл олгосон. Харин бут сөөгийг бол тайрч хаяна устгана гэсэн асуудал байхгүй. Бүтээн байгуулалт төслийн ажилтай холбоотой шилжүүлэх шаардлага гарвал шилжүүлнэ. Холбогдох газруудаас л зөвшөөрлөө авчихсан бол манайх зогсоох эрхгүй” гэв.

Харин иргэн Ж.М хэлэхдээ “Хэдий зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн тухайн зөвшөөрлийг олгодог дээд албан тушаалтнууд нь нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Туул голын ай сав газраа барилга байгууламж барих нэрийдлээр мод бутыг нь өөр тийш нэг, нэгээр нь зөөгөөд байвал гол ус тасалдах ч эрсдэлтэй. Тиймээс гол усаа хайрлаж, ойр орчимд нь барилга байгууламж барих зөвшөөрөл битгий олгооч гэдгийг л гуймаар байна” хэмээсэн юм.

Ийнхүү иргэдийн ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу гурван талын эх сурвалжтайгаар хүргэлээ. Барилгын үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд хоблогдох бүх газраас зөвшөөрлөө авсан байсан бол нөгөө талаас гол усны ай сав газар барилга эрхлэх зөвшөөрөл олгодог, мод бутыг нь нүүлгэн шилжүүлдэг асуудлаа зогсоох тал дээр анхаарахыг удирдах албан тушаалтнуудад хандан хэлж байсан юм.

Х.Булгантуяа: Гадаадын компаниар Хөгжлийн банкны удирдлагыг нь хийлгэж байгаад ЗАЙЛ гээд хөөгөөд явуулсан
Х.Булгантуяа: Гадаадын компаниар Хөгжлийн банкны удирдлагыг нь хийлгэж байгаад ЗАЙЛ гээд хөөгөөд явуулсан
 
Т.Доржханд: Судалгаагаар ХҮН намын рейтинг өндөр гарсан
Т.Доржханд: Судалгаагаар ХҮН намын рейтинг өндөр гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.