Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Дайнаас үүдэж хүүхдийн антибиотек, хагалгааны үед хэрэглэдэг өвчин намдаах эмүүд хомстжээ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 20 секунд

Ядуу буурай орнуудад зовлон их. Наанадаж л эм, эмийн хэрэгцээгээ хөгжингүй орнуудаас экспортоор авдаг. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгслээ худалдан авдаг орнууд хилээ хаах, дайн дажин үүсэхэд л манай улсын зарим эм, эмийн хэрэгсэл тасалдах эрсдэл үүсч байна. Ойрын жишээ гэхэд л өмнөх оны аравдугаар сард БНХАУ хилээ хаасантай холбогдуулан экспортоор орж ирдэг эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж, зарим эмийн сан хаалгаа барихад хүрч байсныг сурвалжилж байсан удаатай. Сурвалжилгыг энд дарж уншина уу.

Гэтэл өнөөх зарим төрлийн эм, эмийн хэрэгсэл тасалдах эрсдэл дахин үүсээд байгаа аж. Тодруулбал, ОХУ, Украины дайн эхэлж өнөөдөр 36 дахь өдрөө үргэлжилж байна. Тус хоёр улсаас орж ирдэг 137 нэр төрлийн эм тасалдах эрсдэл бий болжээ.

Хүн амын дунд олон төрлийн өвчлөл ихтэй манай улсын хувьд дусал, тариур зүү, тэр ч бүү хэл амилуулах тусламж үйлчилгээний төрлийн зарим эм эмийн хэрэгсэл тасалдах эрсдэл үүснэ гэдэг нь том асуудал. Тухайлбал, гемодиализын аппаратад ордог иргэд эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл учирч, аппаратын гуурс тасарснаас болж эмчилгээ нь тасалдах ч эрсдэл үүсэж байна гэдгийг хэлж байв. Мөн хагалгаа хийхэд шаардагддаг зарим нойрсуулах эмийн бэлдмэл тасалдахад хүрсэн гэх...

Манай улс эм, эмийнхээ хэрэгслийн нөөцийн 88 хувийг бусад улс орноос авдаг бол үүний дийлэнхийг ОХУ, Солонгос зэргээс татан авдаг нь эм эмийн хэрэгсэл тасалдах эрсдэлийг бий болгоод байгаа юм.Тэгвэл тухайн тасалдах эрсдэл үүссэн эм эмийн хэрэгслийг юугаар орлуулж болох, ямар арга хэмжээ бодлого барьж ажиллаж байгаа талаар Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаагаас тодрууллаа.

-ОХУ, Украинаас оруулж ирдэг 137 нэр төрлийн эм эмийн хэрэгсэл хомстсон гэх мэдээлэл байна. Яг ямар төрлийн эмүүд хомстоод байна?

-Украин улсаас 98 нэр төрлийн эм, ОХУ-аас 277 нэр төрлийн эм манай улсад бүртгэлтэй байдаг. Нийт 375 нэр төрлийн эмийг тус хоёр улсын хооронд болж буй дайнаас үүдэн тасалдах эрсдэлтэй гэж үзэн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ дундаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 137 нэр төрлийн эм байна. Үүнээс ямар эмийг өөр улсаас орлуулах боломжтой вэ гэх мэтээр ялгаж, судалгаа хийсэн. Эндээс зөвхөн ОХУ, Украин гэлтгүй Европын бусад улс орноос нийлүүлдэг эмүүд ч байна. Орос Украинд эмийн гол ложестикийн төвүүд байрладаг болохоор бусад орны ч эм тасалдах эрсдэл үүссэн. Энд зөвхөн тээвэрлэлтээс гадна ханган нийлүүлэх байгууллагууд эм эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө шилжүүлэхэд төлбөрийн хязгаарлалт тавигдаж байгаа асуудал үүссэн.

Энэ асуудлыг ЭМЯ-наас Монголбанканд тавьсан. Тиймээс нэн тэргүүнд шилжүүлэх шаардлагатай гадаад гүйлгээг эрэмбэлээд манайд ирүүлээч гэсэн хүсэлтийн дагуу ойролцоогоор 32 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийх шаардлагатай гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байна.

-Яг ямар нэр төрлийн эмүүд хомстсон бэ?

-Хүүхдийн антибиотик сироп, хагалгааны үед хэрэглэдэг өвчин намдаах эмүүд хомстсон гэсэн мэдээлэл байна. Хичээл сургууль эхэлж томуу, томуу төст өвчин нэмэгдсэнээр антибиотик төрлийн эмүүдийн хэрэглээ ихсэж тасалдал үүссэн гэж ойлгож болно.

-Тухайн эмүүдийг орлуулах боломжтой юу?

-Монгол Улсын эмийн бүртгэлд 5000 орчим эм байдаг. Зөвхөн Европын үйлдвэрүүдийн эмээс гадна БНСУ, Хятад, Энэтхэг улсын эмүүд бүртгэлтэй байгаа. Энэ тохиолдолд бусад улс орнуудын эмийг судлаач гэдэг чиглэлийг оруулж ирдэг газрууддаа өгч ажиллаж байгаа. Түүнчлэн нэн шаардлагатай тасалдал үүсээд байгаа эмүүдийг ЭМЯ-ны сайдын тушаалаар импортын зохицуулалт хийх ажлыг хийж байгаа.

-Эмийн сангуудаар бөөрний аппаратын гуурс шингэн, дуслын тариур олдоц муу байна. Олон хоног хүлээгдсэний эцэст ирэхээрээ үнэ нь нэмэгдэж байна гэсэн гомдол иргэдийн дунд их байна?

-Коронавирустай холбоотой эм эмнэлгийн хэрэгслийн үнэ олон улсын зах зээл дээр өссөн. Манайд коронавирусийн дараах хэрэглээнд дуслын шингэн их хэрэглэгдэж байгаа учраас тэр шүү дээ. Манайд хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч сав баглаа боодол нь гаднаас орж ирдэг учраас тээвэрлэлт саатсанаас болж нийлүүлэлт удаашрах, улмаар хадгалалтын зардал нэмэгдсэнээр зах зээл дээр гарахдаа үнэ нэмэгдэж байна.

-Зөвхөн эмнээс гадна эмнэлгийн хамгийн гол хэрэгсэл боолт, бент хомстсон гэсэн мэдээлэл байсан?

-Эмнэлгийн хэрэгслийн дийлэнх хувийг импортоор авдаг. Дотооддоо эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр байгаа хэдий ч түүхий эд, савлагааны материалаа гаднаас авдаг. Тэгэхээр тээвэрлэлтийг шуурхай болгохтой холбоотойгоор ЭМЯ, УОК-д манайхаас саналуудаа хүргүүлсэн. Хангамжийг тасалдуулахгүй байлгах асуудал дээр тусгай зөвшөөрөлтэй газрууд шуурхай ажиллаж байгаа.

Ингээд бид нөхцөл байдал эмийн санд ямар байгааг, иргэдэд шаардлагатай эмийн олдоц хэр байгаа талаар нэмж дэлгэрүүллээ.

Эмийн санч Б.Эрдэнэчимэгийн хув “ОХУ, Украины дайн эхэлснээс хойш эмүүд хомстож байгаа нь үнэн. Ханиад томуу, амьсгалын замын өвчин их байгаа учраас зарим эмүүд тасалдсан. Үүнд флемоксин тэргүүтэй эмүүд ирэхгүй олон сар болж байна. Гэхдээ энэ бол дайнтай төдийлөн холбоогүй байх л даа. Орлуулах боломжтой эм бэлдмэлүүдийг бол орлуулаад л олгож байгаа. Харин энэ нөхцөл байдал удаан үргэлжлээд орлуулж ч болохгүй болчихвий гэж санаа зовох юм” гэв.

ИРГЭН Х.Сүхээ “Би хөдөөнөөс орж ирсэн хүн. Хөдөө эм их ховор байдаг. Хотод харин олдоход амархан байх гэж бодсон бас л ховор байна. Орос, Украины дайныг нь бол мэдэхгүй юм. Мэдээж үр нөлөөгөө үзүүлж байгаа нь энэ биз. Зарим эмүүд олдохгүй байна. Түрүү булчирхай, элэг, цөстэй холбоотой эмүүд байдаггүй шүү. Шингэн дусал тариа витамин бол нүдний гэм юм уу даа” гэв.

Иргэн н.Доржсэмбийн “Зүү тариур тариа нь бол байгаа л юм шиг байна. Бусдаар тэр орж ирдэг дутагдаж гачигдсан эмийг нь мэдэхгүй байна. Гэхдээ сая эмийн сангаар ороход эм сурагласан хүмүүс мэр сэр байх шиг байсан шүү” гэв.

Ийнхүү бид эмийн санч, албаны хүн, иргэдийн байр суурийг хүргэлээ. Хамгийн том асуудал нь хагалгаанд шаардагддаг нойрсуулах эм бэлдмэл, амилуулах эм эмийн хэрэгсэл тасалдах эрсдэл үүссэн гэдэг нь маш том асуудал. Энэ талаар эмнэлгүүдээс асууж тодруулах гэсэн боловч маргааш холбогдохыг сануулсан юм. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг маргааш тодруулан хүргэнэ.

Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
 
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.