Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хамгийн зэвүүн “хулгайчид“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 15 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төр хулгай хийнэ ч гэж юу байхав. Харин төрийг барьсан хулгайчууд л төрийн гэх нэртэй мөнгийг идчихсэн хэрэг. Өнгөрсөн 30 жил улс төрд өлөн зөлмөн орсон ах эгч нар өмч хөрөнгөө тайлбарлаж чадахааргүй хэмжээнд мөнгөжив. Тав, гурван төгрөгтэй орсон хэд нь тавь, зуун тэрбумаар нь зузаатгаж хулгайлав.

ЖДҮ, дэмжих сангууд, тендер, концесс, газрын наймаа, уул уурхайн лиценз, байр сав, өмч хөрөнгө гээд төрийн гэх бүхнийг тэд 30 жил зарлаа. Үрлээ, идлээ, уулаа. Сүүлдээ банк байгуулж байгаад бөөндөө идэж хүртэл маниустаа гайхуулав. Хөгжлийн банкны гэх дуулиан дөнгөж эхлэхтэй зэрэгцээд “ЖДҮ-гийн хулгай бол халаасны хулгай” байсныг бүгд мэдсэн.

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг, Фортуна тэргүүтэй шилээврүүд юу хийхээ тооцолгүйгээр улсаа “ломбардаад” ойгүй их мөнгө зээлчихсэн. Уг нь эрүүл ухаантай хүн байсан бол Монгол Улс урт, дунд, хугацаандаа ямар ажил, ямар төслийг хэрэгжүүлэх вэ. Энэ ажилд хэдэн төгрөг хэрэг болох вэ гэж хүний урманд нэг удаа ч гэсэн бодох байлаа. Гэвч тэд тэгээгүй. Зээлсэн мөнгөө 888 төсөл нэртэй бүтэлгүй 889 төсөл рүү урсгачихсан. Уг нь бодож байгаад өгсөн бол өнөөдрийн цементийн салбарын гурван төсөл шиг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих байлаа. Гэвч тэд Б.Жавхлан сайдын хэлдгээр “Хүнд гарууд”-д төрийн мөнгийг өгөхийг илүүд үзсэн. Үүнийх нь үр дүнд өнөөдөр 2.2 их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк авах шаардлагатай болов. Үүний 762 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, 496.5 тэрбум төгрөг нь “Сахал” гэх Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай Хөтөл, Кью Эс Си компаниудад, бусад 986 тэрбум нь Эрэл, Монгема, Монлаа тэргүүтэй бусад компаниудын зээл байна.

Эндээс нэг зүйлийг тодорхой харж болохоор байна. Хэвлэл болон улстөрчид нэр ус нь зарлагдсан хэдэн улстөрчдийн араас хөөцөлдөж байна. Нөгөө талд МАН-ын эрх баригчид бүхий л шавар шавхайг АН руу, “Сахал” руу чихээд өөрсдөө уснаас хуурай гарахаар “ажиллаж” байна. Нэр холбогдсон МАН-ын гишүүдийг хэн ч хэзээ ч огцруулж, чөлөөлж, хөөж явуулж чадахгүй. Намын удирдлагууд нь тун удахгүй парламентын босгыг давах “давхар дээл” тэргүүтэй албан тушаалын хуваарилалтаас тэднийг хасахад ашиглаад л өнгөрнө. Хууль хяналтынхан ч угаасаа тогтоож чадахгүй. Энэ бол гашуун үнэн. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат тэргүүтэй зээлээ төлөхгүй бултаж, зугтсан нөхдүүдийн ядаж өмч хөрөнгийг нь хурааж аваад төлбөрийг нь барагдуулна. Бүр болохгүй бол улс төрийн хамгаалалтгүй ганц нэгийг нь орон шоронд хийчихнэ.

Тэгвэл хамгийн хорлонтой хэсэг болох төрийн гэх нэрийн дор Хөгжлийн банкны мөнгийг идэж уусан нөхдүүд ямар ч ял шийтгэлгүй өнгөрөх нь байна. Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын хэлээд, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нарын эсэргүүцээд байгаа ТӨЛӨХ ЧАДВАРГҮЙ ГЭХ тодотголтойгоор Засгийн газарт өрийг нь шилжүүлэх гэж буй төрийн өмчит найман аж ахуйн нэгжийн зээлийг татвар төлөгчид бид төлөх нь байна. Энэ найман аж ахуйн нэгжийн зээл нийт 762.6 тэрбум төгрөг. Энэ бол Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн 3/1 хувь. Яагаад хорлонтой вэ гэвэл энэ төслүүдийн цаана хамгийн том булхай, луйвар, идэлт, уулт бий. Төрийн авсан зээлд эзэн байхгүй.

Жишээлбэл, Засгийн газарт шилжүүл төлөгдөх найман зээл дунд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдсон, түүний зөвлөх Ц.Ууганбаяр гэгчийн хамааралтай Шинэ Яармаг төсөл багтав. Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгийг ТОСК-аар дамжуулан Шинэ Яармаг гэх компанид олгочихсон. Тиймээс ТОСК-ийн мөнгийг төр төлөх хэрэгтэй. Харин ТОСК цаашаа Шинэ Яармагтайгаа шүүхдээд явах гэнэ. Өөрөөр хэлбэл зориулалт нь нотлогдоогүй гэх энэ асуудалтай төслийн өр яагаад Засгийн газарт шилжиж, яагаад татвар төлөгчид төлөх ёстой вэ.

Хоёр дахь асуудал нь Эрчим хүчний яаманд хамаарах Таван толгой цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг баригдаагүй хэрнээ хэдэн арван тэрбумаар нь Хөгжлийн банкнаас зээл аваад үрчихсэн төслүүд. Жишээлбэл, Эгийн голын усан цахилгаан станц Хөгжлийн банкнаас тус төсөл 2017 онд 43.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч өнөөдөр Эгийн гол дээр усан цахилгаан станц байтугай ганц ширхэг гадас бий юу гээд бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 43.3 тэрбум төгрөгийг зүгээр л цалин хөлс, машин унаа, үйл ажиллагааны зардалд үрчихсэн байх жишээтэй. Бусад төрийн өмчит компаниудын мөнгө яг л ийм замаар хэн нэгэн даргын гарын салаагаар урсчихсан. Ер нь мөнгө зээлж байгаад хүмүүсийн цалин, том жийп зэрэгт үрэн таран хийж болох уу. Ийм солиотой санхүүгийн тооцоолол гэж байх уу.

Гэтэл ийм байхад яагаад энэ их хэмжээний мөнгийг үр ашиггүй, тооцоо судалгаагүй үрэн таран хийсэн удирдлага, ажил хариуцсан хүнээс нэхэхгүй иргэд бид төлөх гэнэ.

Мөн ерөнхий сонсголын үеэр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2016 онд төрийн нэртэй зээлүүдийг хамаад 3 их наяд төгрөгийг тухайн үеийн улсын төсөвт авч байсан гэдгийг хэлсэн. Өнөөдөр бидний ярьж байгаа Хөгжлийн банкны нийт зээл 3.1 их наяд төгрөг. Үүнээсээ 1.8 их наядын чанаргүй зээлийн асуудал. Гэтэл хаа байсан 2016 онд 3 их наяд төгрөгийн зээлийг улсын төсөв рүү шилжүүлж, баахан өр даржээ.

Товчхондоо бид хэдийнээ төлөх ёстойгоо төлөөд, хүртэх ёстойгоо хүртчихсэн. Өнөөдөр энэ Хөгжлийн банк нэртэй шоуны жинхэнэ үзэгдэл тэртээ 7 жилийн өмнө дуусчихсан. Өнөөдөр бид зөвхөн хаалтын үзүүлбэр дээр нь л цам харайж буй аж.

Тиймээс сугарч үлдэх гээд байгаа төрийн гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийг нэг бүрчлэн шалгаад, зориулалтын бусаар ашигласан. Үр ашиггүй үрэн таран хийсэн эсэхийг шалгаж тодруулаад, асуудал үүсгэсэн тухайн үеийн Хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн банкны удирдлагууд, төрийн өмчит газруудын холбогдох дарга нараар төлүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж асуудлыг шийдэхгүй бол хэсэг нь адлуулж, зарим шоронд ороход хамгийн том хохирол тарьсан нөхдүүд нь “хөшигний ард” үлдэх нь байна.

Аль ч кейс дээр төрийн нэр зүүсэн хулгайчууд л хамгийн зэвүүн нь байдаг !!!

Г.Лхагвадорж

ЧУУЛГАН:  Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2022 оны төсвийн тухай хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2022 оны төсвийн тухай хэлэлцэнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.