Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түдгэлзүүлэх асуудлыг эхнээс нь дуустал НУУЦАЛЖ биш НЭЭЛТТЭЙ хэлэлцэж шийдвэрлэ ❗️❗️❗️

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 9 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн

Прокурорын байгууллагаас оруулж ирсэн бичгийн дагуу өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ хаврын хамгийн галтай улс төрийн шийдвэрийг дэд хороо гаргана.

Тэгвэл гишүүдийн бүрэн эрх яригдаж буйтай зэрэгцүүлээд ард нь өрнөж буй улс төрийг заавал давхар ярих ёстой.

Тиймээс хэн нэгнийг гэмтэй байхад нь гэмгүй хэмээн мэлзэн хамгаалж. Гэмгүй байхад нь гэмтэй хэмээн “хонгил”-оор чирэхээс урьдчилсан сэргийлэх нь сэтгүүл зүйн үүрэг. Энэ үүргийнхээ дагуу эрх баригчдаас нэг зүйлийг тодорхой шаардаж байгаа юм. Манайхан их хэцүү. “Хонгил”-ын түлхүүрийг атгачихвал нэг бол гэмгүй хүн “алах” гээд, үгүй бол гэмт хэрэгтний аврах гээд байдаг төвөгтэй улс. Тиймээс асуудлыг хэвлэлээс ч, олон нийтээс ч, гишүүдээс ч нуух шаардлага байхгүй. Ингэж нуувал л асуудал “нохойн зам”-аар орно. Өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн байгууллагаас хэд хэдэн удаа УИХ орж ирсэн байдаг. Эдгээрт асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэдэг энэ зовлон сүүдэр шиг дагсаар өнөөдрийг хүрлээ.

Бүр анхны тохиолдлыг сануулбал, Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин мөнгөний ханштай холбоотой 20 дугаар тогтоол гэх алдарт тогтоолын талаарх нууцыг задруулсан хэргээр бүрэн эрхээ анх яриулж, улмаар алдаж байсан түүхтэй. Түүний араас 1992-1996 онд Ц.Элбэгдорж Улсын нууц задруулсан хэргээр бүрэн эрхээ хөндүүлж, өөрөө хүсэлтээ өгсөн. 1996-2000 онд УИХ Казиногийн хууль баталсан ч тендер будлиулж, авлига авсан гэх хэргээр Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг анх удаа бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, улмаар шүүхээс ял оноож байв. Бараг ордны үүднээс ачсан гэдэг. Тэгвэл 2008-2012 онд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунай болон одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гишүүн байхдаа фургон, Хадгаламж банкны хэрэг зэрэгт холбогдож прокуророос нэр нь орж ирсэн ч нам нь авч үлдэж байлаа.

2016-2020 онд УИХ-ын гишүүн асан Д.Мурат, Д.Гантулга нар хүчингийн гэх хэргээр. Б.Ундармаа, Б.Батзориг, Л.Энхболд, Г.Солтан, Б.Дамба-Очир нарыг ЖДҮ-тэй холбоотой хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн ч УИХ мөн хамгаалж үлдсэн. Харин УИХ-ын шийдвэрийн араас Д.Гантулга, Б.Батзориг нар өөрсдийн бүрэн эрхээсээ хүсэлтээрээ түдгэлзсэн юм. Үүний дараагаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос гурван үндэслэлээр оруулж ирснийг УИХ хэлэлцсэн боловч тогтоолын төслөө батлах санал хураалт нь уначихсан. Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч УИХ хүлээж авснаар 2016-2020 оны улс төр дахь гишүүдийн бүрэн эрхээр “тоглосон” түүх дууссан билээ.

Иймэрхүү үдгэлзэх бичигтэй хүмүүсийн асуудлыг олон нийтээс нууцлаад хаалттай хэлэлцээд шийдчихээр ард нь гэмтэй юм уу, гэмгүй юм уу гэдэг асуулт олон нийтийн дунд эзэнгүй үлдчихдэг. Шүүх дээр очоод хэргийг нь шийдвэрлэхдээ прокуороос оруулж ирсэн үндэслэлүүдээс таг зөрүүлээд ялладчихдаг зуршилтай.

Ер нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бол маш ньюанстай асуудал. Тэдний цаана хэдэн арван мянган хүний эрх ашиг явж буйг мартаж болохгүй. Тиймээс өнгөрсөн парламентын 30 жилд өрнөсөн гишүүдийг эргүүлэн татах асуудал шиг нууц далд, “хөшигний ард” шийддэг жишгээр энэ дөрвөн гишүүний хэрхэвч хэлэлцэж болохгүй. Ялангуяа Хөгжлийн банкны хэрэг бол нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж буй төрийн мөнгөний том “дээрэм”. Тэр “дээрэмчид” эрх мэдлээ хэрхэн ашиглаж, ямар хэмжээнд төрийн мөнгийг “хуссан” гэдэг үнэнийг сэтгүүл зүйгээр дамжуулаад олон нийт мэдэх ёстой. Хэрвээ Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын түдгэлзүүлэх асуудлыг урдынх шигээ ХААЛТТАЙ горим, нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцээд УИХ дээр асуулт хариулт явуулсан болоод санал хураавал үүн шиг утгагүй зүйл байхгүй.

Нэгэнт л Хөгжлийн банктай холбоотой өнгөрсөн хугацааны бүхий л нууцын зэрэглэлтэй материалуудыг Засгийн газар ил болгосон учраас одоо нууж хаагаад байх зүйлгүй. Яахав, Халдашгүй байдлын дэд хороо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг тэргүүтэй нууцын зэрэглэлтэй материалуудтай танилцвал дэд хорооноос бусдыг нь нээлттэй байдлаар хэлэлцүүл.

Ингэхгүйгээр хаалттай хэлэлцээд Ардын нам олонхоороо гишүүдээ аваад үлдчихвэл энэ хүмүүсийг олон нийт гэмгүй байсан ч гэмтэй нүдээр харна. Хамгаалахгүй бүгдийг нь үнэн мөнөөр нь явуулахаар шийдсэн ч, гэмгүй байхад нь улс төр орчихлоо гэж хардана. Нөгөө гишүүд нь ч хэргээ ярьж үнэн бодитой мэдээлэл өгч чадахгүй, бусад гишүүд нь ч нууц гэх ганц үгээр амаа таглуулсан шог байдалтай хаа хаанаа үлдэнэ.

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд, Монголын Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тэргүүтэй байнгын хороодын гишүүд болон УИХ-ын нийт гишүүд Хөгжлийн банктай холбоотой хэргээр бүрэн эрхээ түдгэлзүүлэхээр нэр нь орж ирсэн дөрвөн гишүүнийхээ асуудлыг хаалттай бус нээлттэй хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү.

Та бүхэн бол их ард түмнийг төлөөлөх эрх авсан парламент дахь бага ард түмэн. Ажилд томилж явуулахдаа нүд чих болж, хуулийг дээдэл гэсэн болохоос биш их ард түмнийхээ нүд чихийг боогоодох гэж явуулаагүйг санаарай.

Г.Лхагвадорж

С.Мөнхчулуун: Үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй асуудлыг сонсоод үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрч зүгээр сууж болохгүй
С.Мөнхчулуун: Үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй асуудлыг сонсоод үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрч зүгээр сууж болохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.