Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуягийг явуулж АН-ын бүлэг дэх түүний талыг “ТОЛГОЙГҮЙ“ болгож, Х.Баттулгад зориулж Хан-Уулын тойргийг суллах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 27 секунд

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай параллель шугамд яригддаг зүйл бол улс төр. Өөрөөр хэлбэл, ямар улс төрийн агуулгаар нэр нь орж ирсэн. Цаашлаад ямар нэгэн улс төрийн үндсэн дээр явуулж, эсвэл авч үлдэх вэ гэх зүйл л саарал ордонд яригдана. Энэ утгаараа өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй. Хэдийгээр прокурор, гишүүдийн мэдээлэл дутуу. Дэд хорооны гишүүдийн тоо дөрөв байсан зэргээр тайлбарлаж буй ч Н.Энхболд гишүүний ирээгүй асуудлыг дан ганц биеийн байдалтай нь холбож үзэх нь өрөөсгөл.

Тэгвэл прокурорын байгууллагаас нэр нь орж ирсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн ард ямар улс төр байгааг хамтдаа хайцгаая. Мэдээж гол зорилго бол Хөгжлийн банкны асуудлаар Ардын нам ямар нэгэн дорвитой алхам хийчихээд дараагийн сонгуульд орох юм.

Н.Алтанхуяг “явчихвал” АН-ын бүлгийн түүний талын гишүүд “толгойгүй” болно

Н.Алтанхуяг гишүүний хувьд гуя дагаж хүзүү гэх агуулгаар нэр нь орж ирсэн байх магадлалтай. Дан Ардын намын гишүүдийг явуулж байснаас АН-ын харьяалалтай нэг хүнийг оруулж ирэх нь эрх баригчдад ашигтай. Учир нь Н.Алтанхуягийг явуулбал нөгөө гурван гишүүнээ ч явуулах ёстой гэсэн улс төрийн шахаанд гишүүд орно.

Үүнээс гадна эрх баригчдад Ардчилсан намын бүлгийг өөрсдийн үгээр дохиурдах хүсэл бий. АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан ба Х.Баттулга талын гишүүд Н.Алтанхуяг дээр ерөнхийдөө төвлөрдөг. Өнгөрсөн хавраас эхлээд АН-ын бүлэгтээ эргэж орсноос хойш АН-ын бүлгийн улс төр харьцангуй идэвхтэй болсон. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг УИХ-аас явуулчихвал түүнийг дагаж гүйдэг АН-ын бүлгийн гишүүд “толгойгүй” болно гэсэн үг. Ингэснээр Ардын намынхан Үндсэн хуулиа өөрчлөх агуулгыг Д.Ганбат талынхнаар өргөн бариулах гэх зэрэг өөрсдөдөө хэрэгтэй “нүүдлийг” АН-ын бүлгээр хийлгэхэд хялбар болно. Нөгөө талд нь үүсч буй логик нь С.Эрдэнэ талын гишүүд нууц санал хураалтад Н.Алтанхуягийн эсрэг өгөх магадлал туйлаас их юм.

Г.Амартүвшингийн тойргыг суллаж, Яармагийн хүү Х.Баттулгад Хан-Уулын тойргийг бэлдэх үү

Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хувьд гишүүний бүрэн эрхээ алдах нь хэнд ашигтай вэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцсон гэх эрх баригчдад хэрэгтэй нэмэх оноог энэ хоёр өгнө. Хоёрт, тойргууд нь суларна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч нөхөн сонгууль хийнэ гэвэл яаж ийгээд л хийх байх. Ингэвэл Г.Амартүвшингийн суларсан тойрог болох Хан-Уулд хэн орж ирэх вэ. Ардын намаас хэн нэр дэвших нь чухал биш. Гол улс төр Х.Баттулга зүгт өрнөх аюултай. Экс Ерөнхийлөгчтэй холбоотой хэргүүд хуулийн байгууллагууд дээр хангалттай цугласан гэх. Одоо ганцхан хэргийг нь “боогоод” явуулах л үлдсэн. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ намынхан нь хичнээн шахсан ч энэ үйлдлийг хийхгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс “ачигдах” аюултай тулгарсан Х.Баттулга дахин бүрэн эрхтэй болох зайлшгүй шаардлагатай байгаа. Тэр өнгөрсөн Сонгинохайрханы нөхөн сонгуулиар нэр дэвших гэж үзээд чадаагүй. Наадмын дараа Сонгинохайрханд штабаа хүртэл байгуулж байв.

Хан-Уулд нүх гарвал Ардын намаас ямар ч лут амьтан явуулсан хамаагүй. Яармагийн унган хүү өвдөг шороодуулах нь баталгаатай. Өөрөөр хэлбэл, Г.Амартүвшингийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой цаана нь нөхөн сонгуульд бэлдсэн үйл явц өрнөж байх магадлалтай. Х.Баттулга эв нь таарвал АН-аас, бүр болохгүй бол бие даагаад л үзчих байх.

Ё.Баатарбилэг дээр тойрог суллах гэхээс өөр таамаг алга

Ё.Баатарбилэгийн хувьд хахууль жолоочоороо дамжуулж авсан гэгдэж буй. Үүнийг гэрчийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны баримтаар нотолж буй гэх мэдээлэл байгаа юм. Харин түүний нэрийг гэнэт ямар шалтгаанаар оруулж ирэв гэдэг сонирхолтой. Өнгөрсөн хугацаанд Ё.Баатарбилэгтэй холбоотой асуудал бий талаар мэр сэр улс төрийн хүрээнийхэн ярьдаг ч өнгөрсөн хаврын улс төр дотор түүнийг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх тооцоо огт байгаагүй юм. Тиймээс Ё.Баатарбилэгийн ард ямар улс төр өрнөж буйг одоогоор таамаглахад эрт бөгөөд бүрэнхий байна. Ямар ч байсан “60 тэрбум”-ийн фракцаас амь бөхтэй үлдсэн хэдхэн гишүүдийн нэг. Эрх мэдлийн төлөөх тулаанд оролцож мэдэх 70-аад оны төлөөлөл гэдэг утгаараа түүнийг “хайрлахгүй” оруулж ирсэн ч байж болох юм. Нөгөө талдаа Архангайн тойрог суларч, гарсан орон зайд хэн нэгэн даргын ойрын хүн зүтгэх нууцхан хүслээ тээж суугаа ч байж болно.

Хэрвээ дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлвэл хэрэг нь энэ намар гэхэд бараг дуусчихна. Зарим нь хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан байдлаар шийдүүлнэ. Эсэргүүцсэн хэд нь Дээд шүүх хүртэл явах ч шүүх дээр төдийлөн асуудлаа удааж чадахгүй л болов уу. Тиймээс дараа жилийн хавраас нөхөн сонгуулийн чимээ гарч эхлэх болов уу. Жил гаруй хугацаа үлдчихээд байхад дөрвийн дөрвөн тойрог эзэнгүй явуулна гэж бараг л байхгүй дээ.

Г.Лхагвадорж

Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан
Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.