Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Тодотгол тодотгол биш болж, улс төрийн маш их АЛДАГДАЛ хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 15 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг ярих завсарт Төсвийн тодотгол хурган асуудал дагуулж батлагдлаа. Гэвч тодотгол тодотгол биш болж, олон талаараа юм юмны хагарлын эхлэл болов. Засгийн газар хэмнэх гэсэн ч гишүүд алдаатай төслийг нь улам бужигнуулж бараг дахиад төсөв батлах шахлаа. Ямар сайндаа Ерөнхий сайд "Засгийн газраас боловсруулсан төсвийн тодотголыг хэвээр нь батлахгүй бол дахиж оруулж ирнэ" гэж хүртэл сүрдүүлж харагдсан. Бүр гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг өрнөхийн өмнө Засгийн газар ийм тодотгол хийж байснаас буцаагаад татах нь гэдэг яриа ч саарал ордонд сонсогдож байв.

Эдийн засгийн агуулгаараа 1.37-хон хувийг хэмнэв

Эдийн засгийн хэлээр яривал 18.1 их наяд төгрөгийн зарлагатай төсвөөсөө саях тодотголоороо 245.3 тэрбум төгрөг хасч, зарлагыг 17.9 их наяд болгов. Уг нь хэмнэлтийн хуулиас эхлээд сонирхох шинэ зүйлс байсан ч эцсийн дүндээ парламент нь Засгийн газраа бараг л тонгоров. Үүнээс гадна энэ удаагийн тодотголоор их наядаар хэмжигдэх өр үйлдвэрлэж орхисон нь үнэхээр дампуу юм боллоо.

УИХ-ын гишүүдээ Засгийн газар, сайдуудтайгаа муудалцуулав

Улс төр талаас нь харвал саяын тодотгол улс төрийн маш том алдагдал хийлээ. Учир нь тодотголоос болж УИХ-ын гишүүдээ Засгийн газартайгаа “алалцуулсаар” байгаад л дуусав. Ер нь тодотгол эхнээсээ тал талын ойлголцлыг шингээлгүй орж ирсэн нь парламент дээр баахан бухимдал дагуулсан. Тодотголыг бүлгийн хурал дээр хаалттай танилцуулахад л гишүүд бухимдаж эхэлцгээсэн. Тэд Засгийн газраас ямар ч хэмнэлт, хасалт байхгүй хэрнээ парламентыг муухай харагдуулж, УИХ-ын гишүүдийн “махаа зулгааж” тойрогтоо татсан хөрөнгө оруулалтын талыг нь хасахаар оруулж ирсэнд туйлын их бухимдсан. Энэ бухимдал нь парламент дээр ил гарч сайд нартай нь баахан зөрчилдүүллээ.

Сайд нар сайд нартайгаа, сайд нар нь Ерөнхий сайдтайгаа зөрчилдөв

Гишүүд нь сайд нартайгаа муудалцахаас гадна сайд нар хоорондоо үл ойлголцов. Сайд нар нь үйл ойлголцохоос гадна сайд нь Ерөнхий сайдынхаа эсрэг ярих нь тэр. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал дээр Засгийн газрынхаа оруулж ирсэн хувьчлалын эсрэг байр суурь илэрхийлсэн. ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Шүүгчийн туслах, нарийн бичгийн цалингийн асуудлыг салбар яам нь оруулж ирсэн ч Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн буцаасан” гэж танхимын тэргүүн рүүгээ чихэв. Энэ хоёр сайдын үг нэг бол Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжихгүй байна. Үгүй бол төсвийн тодотголыг дэмжихгүй байна гэж уншигдана. Кабинетын зарчим алдагдсан эсэхийг хэлж мэдэхгүй ч Сангийн сайд Б.Жавхлан танхимын сайд нартайгаа асуудал тус бүрээр нь ойлголцоогүй. Ер нь төсвийн тодотголоо боловсруулахдаа зөвлөлдөөгүй бололтой гэх дүгнэлт л үлдэж байна. Эцсийн хэлэлцүүлэг явж байхад хүртэл Б.Жавхлан сайд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай санал зөрөлдөж байв.

Намынхаа төлөө зүтгэсэн дунд шатны намын гишүүдээ гомдоов

Жинэхэнэ хэмнэлтийг тодотголын үеэр олон хүн нэхсэн. Нээрээ ч хэмнэх гэж хэмнэсэн бус. Хэмнэсэн болж харагдах гэсэн хэмнэлт болов. Олон нийтэд харагдах байдлаараа орлогч дарга нарыг цомхтгох нь гоё харагдах ч үнэндээ ихэнх газрын ачаа орлогч нар дээр л явдаг. Үүнийг төрийн албанд ажиллаж үзсэн захын хүн хэлнэ. Гэтэл олон нийтэд таалагдах нэрээр Ардын намын Засгийн газар үе үеийн сонгуулиар намдаа зүтгэсэн олон хүнийг ажилгүй болгов. С.Чинзориг гишүүнээс эхлээд гишүүд үүнд тааламжгүй хандаж, тэдэнд ядаж өөр ажил төрөл сурагласан ч Ерөнхий сайд энэ өөрчлөлтийг хийхгүй бол тодотголыг дахин өргөн барина гэж айлгав. Уг нь намын дунд шатныхан дөрвөн жил зүтгэсний эцэст ялуулсан намынхаа “буянаар” аль нэг агентлаг, газарт орлогчийн суудалд хуваарилагддаг. Гэвч Ерөнхий сайд тэднийг хэмнэлт нэрээр гудамжинд гаргалаа. Одоо Ардын намын дунд шатныхан массаараа дарга нартаа гомдож буй нь тодорхой.

Гишүүд нь гишүүдтэйгээ хагарав

Тодотгол оруулж ирэхдээ парламент дотор тавьсан өөр нэг “гал” бол баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний төсөл. Засгийн газар нийслэлээс танилцуулсны дагуу тодотголынхоо дагалдах хуулиуд дунд ЗГ баталгаа гаргах тогтоолын төсөл оруулж ирсэн. Үүнийг нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн гээд хэлэлцүүлэлгүй хасч орхисон нь золтой л “дайн” болох шахсан.

Үүнээс болж хот, хөдөөгөөрөө хуваагдаж LTR дээр маргалдсан МАН-ынхан цаашдаа ч хот хөдөөгийн төсөв гэж ил цагаанаар хэрэлдэхээр боллоо. Хэрвээ нийслэл уг төслөө улс төрийн явцгүй гэж дүгнэж “хазаараа татаагүй” бол Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын сандал суудлаас эхлээд олон зүйл өрнөхөөр байлаа. Нийслэлд хэрэгтэй нь үнэн. Гэхдээ Засгийн газар, Сангийн яам үүнийг хуульд нийцүүлээд оруулаад ирсэн бол гишүүд нь ингэж хагарахгүй байсан. Хот, хөдөөгийн гэх хэрүүлийн ард ард их эвдрэлцэл л үлдлээ.

Төсвийн тодотголыг боловсруулсан хүмүүст хариуцлага тооц

Ийнхүү 2022 оны төсвийн тодотгол ахиц, дэвшил гээд байх зүйлгүйгээр бүхэлдээ маргаан, хэрүүл л дагууллаа. Энэ тодотгол Ардын намынхныг бүх түвшинд нь хангалттай талцуулж, хагалав. Эрсдэлээ тооцохгүйгээр тодотголоо зүтгүүлж асуудлыг хүндрүүлсэн нь эрх баригчид улс төрийн том алдагдал хийлээ гэж дүгнэхэд болохоор байна. Ер нь иймэрхүү марзан, маш их хэрүүлтэй, бодлогын алдаатай тодотгол боловсруулсан хүмүүстэй хариуцлага ярих нь зүйтэй. Эдийн засгаа “аврах” биш, намаа талцуулж улс төрийн уур амьсгалаа эвдэж, эцсийн дүндээ баахан зөрчилтэй, гомдолтой хүмүүс л үлдээгээд дууслаа.

Г.Лхагвадорж

НЭГ ДОРООС: Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ХЭРХЭН, ЯАЖ, ХААНА хамрагдах вэ
НЭГ ДОРООС: Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ХЭРХЭН, ЯАЖ, ХААНА хамрагдах вэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.