Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулиа оролдохгүйгээр 2016 оны Цэцийн дүгнэлтийг эргэж харвал сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулиа өөрчлөх ажил тун удахгүй эхэлнэ. Улс төрийн тооцоо ёсоор бол энэ сарын сүүл, ирэх сарын эхээр эрх баригчид “гялалзуулна”. Үүнийхээ оршил болгож УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН намын төлөөллүүдээр өнгөрсөн долоо хоногоос сонгуулийн тогтолцоог өөрчил гэх шаардлагыг эхлүүлэв. Үүнтэйгээ зэрэгцүүлээд Үнэн ба зөв намын А.Отгонбаатар хүртэл тогтолцоо ярьж Төрийн ордон тойрч сунаж мөргөв. Мөн УИХ-ын дэд дарга АН-ын гишүүн С.Одонтуяа бас л сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг эрх баригчдаас шаардлаа. Товчхондоо Үндсэн хуулиа өөрчлөх ТОМ шалтаг нь сонгуулийн тогтолцоо гэх мессежийг нийгэмд тарааж байна. Тэд сонгуулийн тогтолцоо ярих далимдаа “давхар дээл”-ээ шургуулна. Тогтолцооны тухай яриа бол нэг ёсны заль.

Улс төрийн хүрээний зарим нэг нь Үндсэн хууль өөрчилж гишүүдийг сайд болгох нь Ерөнхий сайдын улс төрд илүү халтай. Гишүүдийн халаасанд орно. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олж авсан Ерөнхий сайдын бүрэн эрх утгагүй болно гэж тайлбарлаж буй юм. Гэвч нөгөө талдаа Ерөнхий сайд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж, гишүүдээ “давхар дээл”-тэй болгож, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өөр улс төрийн зөв сонголт үлдээгүй. Аль болох дотоод улс төрөө дарж байж бусад улс төрөө хийнэ. Өөрөөр хэлбэл, гишүүдийг хүрээлэлдээ багтаасан цагт л энэ засаг төр тайван орших нигууртай.

Сонгуулийн тогтолцоо буюу жижиг мажоритар хувилбар буруу юу гэвэл буруу. Дор бүрнээ тойргоо “услаад” улс төсвийн хөрөнгө оруулалт том төсөл хөтөлбөр рүү биш жижиг сумын улаан булан, сургуулийн дээвэр рүү гоожиж орхидог. Сая төсвийн тодотголын үеэр жижиг тойргийн мөн чанар хангалттай илэрч, бүгд тойргийн төсвөө хамгаалах гэж “үхэлдэв”. Нөгөө талдаа холимог буюу пропорционал тогтолцоо давуу тал болон бий. Ядаж л гишүүдийн гуравны нэг нь тойрогтоо хөрөнгө татах гэж биш улсын төсвийн хөрөнгө оруулалтад том агуулгаараа хандаж эхэлнэ.

Тэгвэл Ардын намын шаардуулаад байгаа, “охин нам”-уудынх нь улстөрчдийн шаардаад буй сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулийг хөндөж хийх шаардлага байхгүй. Яг сонгуулийн тогтолцоотой холбоотой хязгаарласан зүйл Үндсэн хууль дээр байдаггүй. Сонгуулийн тогтолцоог шийдсэн ҮХЦ-ийн 2016 оны ганцхан дүгнэлт л бий. Энэ бол З.Энхболд толгой нь эргэж явахдаа МАН-ын мэхэнд орж өөрсдийгөө булшилсан шийдэл юм. Энэ дүгнэлтээр одоогийн хуулийг тайлбарлахдаа шууд санал өгнө гэдгийг мажоритараар санал өгнө гээд тайлбарлачихсан. Гэтэл дэлхийн ихэнх орны Үндсэн хуулинд шууд санал өгнө гэдгийг мажоратри, пропорционал, холимгоор ч өгч болохоор буюу ямар нэгэн хязгаарлалт хийхээргүй заасан. Шууд санал гэдэг нь АНУ-ын сонгууль шиг төлөөлөгч сонгоод тэр нь саналаа өгдгийг л болохгүй гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл, Балдан хэн нэгнээр төлөөлүүлж биш, өөрөө очиж нэр дэвшигчээ дугуйлах явдал юм. Холимог буюу сонгуулийн тогтолцоогоор Балдан нэр дэвшигчээ ч дугуйлна. Намаа ч дугуйлна. Түүний өмнөөс хэн нэгэн төлөөлөл сонголт хийхгүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дүгнэлтийг л парламент эргэж авч үзэхэд хүсээд буй тогтолцооны өөрчлөлтөө хийж орхино. 2019 онд батлагдсан ҮХНӨ дээр сонгуулийн тухай зүйл заалт дээр нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Бид 1992 оноос хойш холимгоор ч, пропорционалаар ч сонгуулиа хийж л байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа оролдох хамгийн том шалтаг чинь сонгуулийн тогтолцоо юм бол заавал эцэг хуулиндаа дахин гар хүрэхгүйгээр Цэцийн дүгнэлтийг эргэж хараад л асуудлаа шийдчих. Харин сонгуулийн тогтолцоо гэдэг ердөө шалтаг төдий. Цаана нь “давхар дээл” зэрэг жинхэнэ шалтгаан нь бий бол үнэнээ хэлээд Үндсэн хуулиараа дахин оролд. Ер нь бол Үндсэн хуулиараа ойр ойрхон оролдох нь жинхэнэ тогтолцооны том хямрал руу л явуулдаг гэмтэй

О.Батхүү: Банкуудаас нэг хувийн шимтгэлээ нэхэмжилсэн иргэд ШҮҮХ дээр ЯЛАЛТ байгуулсаар байна
О.Батхүү: Банкуудаас нэг хувийн шимтгэлээ нэхэмжилсэн иргэд ШҮҮХ дээр ЯЛАЛТ байгуулсаар байна
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.