Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Доржханд: Стрессээ удирдаж чадвал харшлаас урьдчилан сэргийлж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 54 секунд

Харшлын улирал эхэлж байгаатай холбогдуулан "Мон Шинжикү Скин мед" эмнэлгийн их эмч, клиникийн профессор Г.Доржхандтай арьсны өвчин болоод харшлын талаар ярилцлаа.

-Монгол хүмүүсийн ихэнх хувь нь ямар нэг төрлийн харшилтай байдаг. Танай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх хувь нь ямар төрлийн харшилтай байна вэ?

-Ихэнх төрлийн харшил улааны улиралд сэдэрдэг. Өдийд модлог ургамлын тоосжилт эхэлж байгаатай холбоотойгоор зун сэдэрдэг ургамлын харшлууд их бий.

- Харшлаас урьдчилсан сэргийлэх боломж бий юу?

-Ганцхан харшил бус бусад төрлийн өвчнүүдээс ч мөн адил урьдчилан сэргийлэх ёстой байдаг. Урьдчилан сэргийлснээр илүү их үр дүнд хүрдэг. Тухайн хүний өөрийнх нь биеийн онцлогоос хамаарч ямар нэг төрлийн хоол хүнсэнд агуулагддаг бодис эсвэл ямар нэг металл, ургамал зэргээс харшил өгч болно. Хүний биед ямар хариу урвал үзүүлж байгаагаасаа хамаарч харшлыг тодорхойлно.

Харшлыг бүтэн биеийн өвчлөл гэж хэлж болно. Тэгэхээр дархлаагаа дэмжиж, ажил амралтаа зөв зохицуулж, стрессээ удирдаж чадвал харшлаас урьдчилан сэргийлж болно.

Хэрэв нэгэнт харшилтай болсон бол сорил тавиулж, юунаас болж харшил хөдөлж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр харшилж буй зүйлээ хэрэглэхгүй ангид байж чадвал зохицох боломжтой. Жишээлбэл, төмрийн харшилтай хүн төмөр эдлэл хэрэглэхгүй байхад ямар нэг асуудал үүсэхгүй. Харшил өгч буй зүйлээ мэдэж авснаар урьдчилан сэргийлэх боломжтой.

-Зарим хүмүүсийн хувьд харшилтай гэдгээ мэддэг ч эмнэлэгт очоод мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, зөв эмчилгээгээ хийлгэдэггүй юм шиг санагддаг. Эмийн сангаас дурын эм авч хэрэглэдэг шүү дээ. Энэ нь харшлыг улам сэдрээхэд нөлөөлдөг үү?

-Яаралтай харшлын шинж тэмдэг өгсөн бол эхний удаад эмийн сангаас харшлын эм аваад уух, дусаалга хэрэглэх зэрэг арга хэмжээг эмчгүйгээр авч болно. Ер нь харшилтай хүмүүс өөрийн хэрэглэдэг эм болон бусад зүйлсийг өөрийн биед авч явах хэрэгтэй, ойр орчных нь хүмүүс ч мэддэг байх шаардлагатай.

Жишээлбэл, ургамлын харшилтай хүний хувьд зөвхөн зуны улиралд харшил нь хөдлөөд дараа нь мартчихдаг. Гэтэл зун дуусаад намар болоход үүнийг мартдаг байж болохгүй. Хэрэв үүнд анхаарал хандуулахгүй бол нэг зүйлээс харшилтай хүн 2, 3 зүйлээс харшилдаг бол ихсэх аюултай. Харшил хөдөлдөггүй бусад улиралд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эмчтэй зөвлөлдөх ёстой.

-Харшил хүндэрдэг үү. Хүндэрвэл ямар сөрөг үр дагавартай вэ?

-Харшил хүндэрдэг. Тухайлбал, ургамлын харшлын тоосжилтоор удаан явсан хүн астамтай болно. Үүнээс хамгаалах арга хэмжээг авбал хүндрэх бус тухайн харшлын нөлөөллийг бууруулах боломж бий.

Харшлын эмийг жоргүй олгодог. Тэглээ гээд зөвхөн эмийн сантай харьцчихаад яваад байвал ахиц гарахгүй хэдэн ч жил хамаагүй үргэлжилнэ. Хожим 10, 20 жилийн дараа өөр өвчин үүсгэх магадлалтай.

- Харшил бүрэн эдгэрэх үү?

-Харшил бүрэн төгс эдгэрдэг гэж хэлэхэд хэцүү харьцангуй ойлголт. Харшилж буй зүйлээсээ зай барьж чадвал хөдлөхгүй байх бүрэн боломжтой.

Ерөнхийдөө тухайн хүний цусанд харшил үүсгэдэг эсрэг бие үүссэн бол нэг биш зүйлээс харшлах, олон зүйлд мэдрэг болно. Сорилын ач холбогдол энд мөн гарна.

-Танай эмнэлгийн хувьд харшлаас гадна арьсны өвчнийг эмчилдэг гэж сонссон. Манай Монголчуудын дунд арьсны өвчин эмчлэгддэггүй гэх ойлголт түгээмэл байдаг шүү дээ. Арьсны өвчин бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Практикаас харахад манайхны ихэнх нь өвчнөө тоохгүй, хүндрүүлдэг. Арьсан дээр эхний үеийн харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинэ дээр нь эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр бүрэн эдгэрэх боломжтой.

Арьсны өвчин нь насан туршид арьснаас салдаггүй гэсэн үг биш.

-Ямар тохиолдолд арьсны өвчин үргэлжилдэг вэ?

-Удамшил нөлөөлдөг. Хэрэв эцэг эх нь хоёулаа арьсны өвчтэй бол хүүхэд нь арьсны өвчтэй байх магадлал 75 хувь, аль нэг нь бол 50 хувьтай байдаг. Ген дамжсан харшиламтгай байдлыг дагаж гарсан өвчлөл эдгэрсэн ч дахилт өгөх магадлал өндөр.

Хүмүүс арьсны өвчинд чухал ач холбогдол өгөөгүй буюу шинэ дээр нь эмчлүүлээгүйгээс болж эсвэл өөрсдөө дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгэх, бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хүндрэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд эмч нар ч юунаас болж үүссэнийг ялгаж харахад хүнд болдог.

Арьсны өвчин тухайн хувь хүнээс өөрөөс нь маш их хамаардаг. Ажил амралт, хоол хүнсээ зөв тохируулж, стрессээс өөрийг хамгаалж, амьдралын хэв маягаа өөрчлөх нэн шаардлагатай байдаг.

-Арьсны өвчин ямар үед дахих магадлалтай байдаг вэ. Үүнээс сэргийлэх боломжтой юу?

-Арьс бол дотоод эрхтний толь. Тухайн хүн элэг юм уу нойр булчирхайн өөрчлөлттэй бол хэчнээн гадна талаас нь эмчлээд гүйцэд эдгэрэхгүй. Харин дотоод шалтгааныг олж тогтоон арилгах ёстой байдаг. Харшлын өвчин хүн дотрын өвчнүүдтэй хавсарч явагддаг. Хэрэв арьсанд ямар нэг асуудал үүссэн бол хоол боловсруулах эрхтэн болон дотоод шүүрлийн эрхтнүүдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Энэ нь арьсны өвчин бүрэн эдгэрэхэд илүү үр дүнтэй байдаг.

-Арьсны өвчин болон харшлын үед хориглодог нийтлэг хоол хүнс бий юу ?

-Эрүүл бус хооллолт нь хүний олон өвчний шалтгаан болдог. Эрүүл мэндийн асуудлын дийлэнх нь хоол тэжээлийн хог хаягдал, буруу хооллолтын улмаас биед хуримтлагдсан хор, хорт бодис, хаягдал бүтээгдэхүүнээс үүдэлтэй байдаг. Эрүүл хооллолт нь амьдралын хэв маяг, эрүүл мэндийг тэнцвэртэй байлгахад тусалдаг бөгөөд хоол хүнсийг үл тоомсорлох эсвэл хайхрамжгүй хандах нь өвчин эмгэгт хүргэдэг.

Арьсны өвчин болон харшлын үед согтууруулах төрлийн ундаа, цитрусын төрлийн жимснүүд болох лимон, апельсин, мандарин, киви, грейпфрут, чацаргана зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн лаазалсан бүтээгдэхүүн, үнээний сүү , хиам, утлагатай гахайн мах зэрэг багтана.

- Танай эмнэлэгт ямар төрлийн арьсны өвчний эмчилгээ хийгддэг вэ?

- Манай эмнэлэг Олон улсын ISO 60601-1, ISO 60601-2 стандарт хангасан. VTRAC 308 эксимер аппаратаар олон төрлийн арьсны өвчнийг эмчилдэг.

Тус эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл энд дарна уу.

ХХЗХ-ны хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Элон Маскын компанийн үйл ажиллагаа эхэлбэл бүх газарт сүлжээ орох боломжтой болно
ХХЗХ-ны хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Элон Маскын компанийн үйл ажиллагаа эхэлбэл бүх газарт сүлжээ орох боломжтой болно
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.