Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахдаа дараах дүрмийг баримтална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Энэ амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. Үүний 2 нь хүүхэд байсан талаар өмнө мэдээлсэн.

Тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна.Иймд зам тээврийн хөдөлгөөнд хүүхдийг хэрхэн тээвэрлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:

- Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь (хүүхдийн тоо гучаас олон бол жагсаалын мөн дунд хэсэгт) насанд хүрсэн хүн хамгаалж явна.

- Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна.

- Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед цагт 50 км хурдтай явна.

- «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» таних тэмдэг бүхий автобус ослын дохионы гэрлээ асааж зогссон байвал (замын аль хэсэгт зогссон байгаагаас үл хамааран) ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах бөгөөд хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлнэ.

- Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах бөгөөд автобусны урд болон ард «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» таних тэмдгийг байрлуулна. Байнгын гэрээний дагуу сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус нь MNS 6440 стандартын шаардлагыг хангасан байна.

- Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед, мөн хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусанд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.

- 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байна.

- Унадаг дугуй, мопедын жолоочид 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлтэйгээр тээвэрлэнэ.

- Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэж яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.

- «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, түүнд суулгах үед ослын дохионы гэрлийг хэрэглэхийг заажээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас анхаарууллаа

Хүүхдийг буруу тээвэрлэснээс болж, 1-4 насны 2 хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ
Хүүхдийг буруу тээвэрлэснээс болж, 1-4 насны 2 хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ
 
Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.