Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Сангийн яаманд хүргүүлсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 29 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан болсон. Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв. Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Мөн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй. Банкны нөхцөл байдлыг тогтмол Сангийн яаманд мэдээлдэг. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байгаа. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой.

УИХ-аас ажлын хэсэг гараад бүх зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг газар дээр нь үзэх шалгалт явуулсан. Нийт зээлийн дөрөвний нэг хувийн барьцаа хөрөнгө тодорхой биш байгаа. Ирээдүйн орлогыг барьцаалсан, зарим зээлд төмрийн хүдрийн овоолго, ноолуурыг барьцаалсан гэх мэтчилэн асуудлууд тулгарч байна. Бид зөвхөн төрийн өмчит компаниудын талаар яриагүй. Хувийн хэвшлүүдийн талаар ч мөн ярьж байгаа. Одоо 30 гаруй зээлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хууль хяналтын байгууллагуудтай хамтран шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгч байна. Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 201 орчим тэрбум төгрөгийн зээлийн төлүүлээд байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд зээлийн барьцаанд байхгүй хөрөнгийг барьцаалж, зээлээ төлөх саналыг гаргаж байгаа. Бид аль болох уян хатан хандаж байгаа. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд барьцааны асуудлыг шийдэхийн тулд УИХ, Засгийн газраас шийдвэр гаргах хэрэгтэй болдог учраас саналуудаа Сангийн яаманд хүргүүлсэн.” гэлээ.

Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.