Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадуудын бэлтгэсэн бус дотоодын үйлдвэрт боловсруулсан махыг хэрэглэх боломжийг ҮГҮЙ хийсэн “МБҮ“ компани

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 22 секунд

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үнэн нүүр царай илчлэгдээд хэдхэн хонож байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдэгдсэнээр эдгээр компаниуд бүгдээрээ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэдгийг онцолсон. Тиймдээ ч "Хэрвээ дотооддоо мах боловсруулах үйлдвэртэй байсан бол..." гэж эгэл жирийн ард иргэдээс эхлээд төрийн түшээд нь хүртэл халагласан.

Тэгвэл Монгол Улс дотооддоо мах боловсруулах үйлдвэртэй болох боломж бүрэн байсан гэдгийг уншигч танд нэхэн сануулъя.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, "чанаргүй" гэсэн ангилалд орж, улмаар шүүхээр нэхэмжилсэн компаниудыг зарласан билээ. Тодруулбал, 2014-2019 оны хооронд олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн учир нэр бүхий 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм.

Эдгээр зээлдэгчийн олонх нь зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй зэрэг шалтгаантай гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул энэ оны нэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байдаг.

Тэгвэл эдгээрийн дунд "МБҮ трейд" компани "Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төслөөрөө 2018 оны хоёрдугаар сарын 13-ний өдөр нийт 11.5 тэрбум төгрөгийг зээл авчээ.

Зээлийн Ерөнхий мэдээлэл

Уг нь үйлдвэр 2018 онд ашиглалтад орно гэж анх яригдаж байсан.

Гэвч үйлдвэрийн захирал С.Бямбасүрэн 2019 онд амжуулахыг хичээж байна гэж хэлсэн удаатай. Гэтэл түүний хэлсэн цаг хугацаа өнгөрөөд бүхэл бүтэн гурван жил өнгөрч. Хөгжлийн банкнаас зээл аваад бас л дөрвөн жилийн нүүр үзэв. Гэтэл махны үйлдвэр ч баригдсангүй.

Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөгийг төлөөгүй гэх. Эндээс л үндэсний хэмжээний томоохон үйлдвэр байгуулна гэж санхүүжилт авсан компани нь "үлгэр" ярьж байгааг Хөгжлийн банкныхан мэдэж.

Ингээд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь энэ.

Хөгжлийн банк "МБҮ трейд" компанид барилга байгууламж байгуулахад 6.3 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад 5.2 тэрбум төгрөгийг зориулж олгосон байна. Гэтэл Хөгжлийн банкнаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийт 933.3 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх магадлалтай аж.

Үүнээс гадна төслийн хоёр байршилд бүтээн байгуулалтын ажил зогссон. Үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаж эхлээгүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах барьцаа хөрөнгөд очиж үзлэг хийхэд цаашид ашиглах боломжгүй, хуучирч муудсан зэрэг зөрчил илэрсэн байна. Гэхдээ энд нэг зүйлийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Энэ нь хэдийгээр зээлдэг "МБҮ трейд" нь санхүүжилтээрээ БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авч, захиалга хийсэн ч цар тахлын улмаас дараагийн шатлал нь царцсан байна. Төсөл ингэж л гацсан. Тиймээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хэргийг шалгаж байна.

Түрүүн хэлсэнчлэн хэрэг шүүхийн шатанд яваа.

Хэрхэн шийдэгдэх нь хараат бус шүүхийн мэдэх зүйл. Хэдийгээр өнгөцхөн харах юм бол, 11.5 тэрбум төгрөгийн асуудал. Гэвч цаанаа монгол үндэстний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Тиймдээ ч Хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, ард түмэн итгэж найдаж хүлээсэн.

Гэвч хариу энэ нь. Тиймдээ ч нийтлэлийнхээ гарчгийг энд асуулт болгон үлдээе. "Тэр" хэний, ямар боломжийг хэнээс "хулгайлсан" бэ?...

Г.Нацаг-Эрдэнэ

ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.